| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2017/00279/И |
| Дугаар | 210/МА2017/01366 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2017/01366
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2017/01366 |
Ц.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00631 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Уранчимэгт холбогдох
Гэм хорын хохиролд 497 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 2А байрны орцны өмнөх зам дээр Хьюндай соната маркийн 22-28 УБГ улсын дугаартай автомашин жолоодож явсан Н.Уранчимэг миний хүү Т.Оргилыг мөргөж хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндээр хохироосон. Уг ослын улмаас миний хүү Т.Оргилд баруун гарын эрхий хуруу шалбарсан, баруун гарын тохой маш их өвдөлттэй байсан ба 2 өвдөгний хооронд шалбарсан байсан. Баруун гар ёо ёо гээд орилоод байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулахад ясны хугарал байхгүй байсан. ... 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хичээлээс нь авахад ээжээ миний гар өвдөөд байна гэж ирсэн. Би тэр үед Эх нялхасын эрүүл мэндийн төвийн мэс засалд очиж хагалгааны буюу мэс заслын эмчид орой 23 цагийн үед үзүүлтэл битүү гэмтлээс болсон учир хагалгаанд орох шаардлагатай, өглөө эрт ирээд гарыг нь ЭХО-д үзүүл гэсэн. Тэр өдөртөө хагалгаанд орсон бөгөөд 5 хоног эмнэлэгт хэвтээд 16 сая антибиотик хийлгэсэн. Гарч ирээд 2 хөлнийх нь ард талаар өвдөөд явж чадахаа больсон. Тэгээд эмчид үзүүлэхэд мэс заслын шинж тэмдэг байхгүй, мэдрэлийн гаралтай өвдөлт байна гэсэн. Осолд орсны маргааш Н.Уранчимэгийн дүү нь над руу залгаж чи яагаад эмнэлэгээр яваад байгаа юм бэ? битгий эрүүл хүүхэд үзүүлээд бай, мөнгө авах гээд яваад байгаа юм уу гэж намайг загнасан. Хүүхэд өвчин намдаах эм ууж байсан болохоор энэ хүмүүст эрүүл харагдсан байж магадгүй. Гэхдээ томографын оношлогоогоор тархи нь хавантай, доргилттой гарсан.
... Манай хүүхэд тархиндаа төрөлхийн кистай буюу уйланхайтай байсныг мэдээгүй. Костя эмчид үзүүлэхэд манай хүүхдийг эдгэрнэ, Шаргалжуутын Бүрнээ гэдэг эмчээр эмчилгээ хийлгэж, өгсөн эмийг нь уугаад, томографын зураг авахуулаад ир гэж хэлсэн. Шаргалжуут явах гэж байтал хагалгаанд орсон. Хагалгааны дараа Бүрнээ эмч хотод ирэхээр нь 184 500 төгрөгөөр 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэр эмчилгээний дараа манай хүүгийн биеийн байдал сайжирсан. Манай хүүхэд төрөлхийн харшилтай байсан. Зөвхөн нимгэн газраар нь гардаг байсан. Гэтэл бүх биеэр нь загатнадаг болсон.
... Осолд орсны дараа битүү гэмтэл сэдэрдэг гэж хүмүүс ярьдаг болохоор нь осолд орсны дараа эмчлүүлбэл зүгээр болох байх гээд их шургуу эмчлүүлсэн. Тэгтэл 45 хоногийн дараа өвдөж байсан гар нь сэдрээд хагалгаанд орсон. Эмч нар хэлэхдээ төрөлхийн уйланхайтай төрсөн хүүхэд унаж, татдаг, хүндрэл өгдөг, танай хүүхэд 7 нас хүртлээ хүндрэл өгөөгүй байна. Гэтэл битүү гэмтэл авснаас болж унтаа байсан уйланхай нь хөдөлгөөнд ороод тархинд нь нөлөөлсөн гэсэн. Эмч нарын зарим нь уйланхайгааас болж хараа нь муудах боломжтой, зарим нь ...уйланхай зүгээр, шимэгдэхгүй байж байна гэж хэлсэн. Би хүүхдээ хараагүй болохыг нь хүлээгээд байж чадахгүй тул эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн хараа муудсан. Эмчилгээнд их хэмжээний зардал гаргасан бөгөөд нотлох баримтуудын дагуу эмчилгээний төлбөрүүдийг нэхэмжилж байна. Одоо энэ нэхэмжилж байгаа мөнгөө аваад MRI-д үзүүлэх гэж байгаа. Уйланхай нь томорсон эсэхийг нь MRI-д үзүүлж байж мэднэ. Иймд хариуцагч Н.Уранчимэгээс 497 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүхдийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт, зүүн өвдөгний арын зулгарал гэсэн. Би хүүхдэд 3D компьютер, томограф шинжилгээ, ЭХО оношлогоо хийлгэсэн бөгөөд шинжилгээгээр хүүхдийн биед гэмтэл учраагүй, харин төрөлхийн тархины гистатай болох нь тогтоогдсон. Мөн Т.Оргилын гэр бүл хүүхдийг шүүх эмнэлгийн үзлэгт оруулсан байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархи доргилт, хоёр хөлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн гэмтлийн эмнэлгийн дүгнэлттэй адил онош бүхий акт гарсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ослын асуудал шалгагдаж байхад 70 000 төгрөгийн эмийн зарлагын 2 баримтаар 140 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 140 000 төгрөгийн төлбөр өгвөл энэ асуудлыг дуусгая гэж хэлж байсан. Тэр эмчилгээ нь тархины эмчилгээний эм байсан. Би хүүхдийн эмчилгээнд зориулж 140 000 төгрөгийг сайн дураар төлсөн. Миний учруулсан гэмтлийн улмаас 497 210 төгрөгийн эмчилгээний зардал гараагүй. Хүүхэд төрөлхийн тархины гистатай, харшилтай юм байна. Тухайн ослоор хүүхдийн баруун гарын тохойд ямар нэгэн гэмтэл учраагүй тул баруун гарын тохойд хийгдсэн хагалгаанаас болж сэдэрсэн гэх харшлыг эмчилсэн гэх зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Оргилын эмчлүүлэгчийн картнаас харахад 2 сартай байхаасаа харшилтай байсан байна. Иймд одоо нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг төлөх үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтуудыг баримтлан хариуцагч Н.Уранчимэгт холбогдох 497 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 566 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: шүүхийн шинжээч эмч гар өвдсөнөө хүүхэд хэлсээр байхад дүгнэлтэд оруулаагүй нь Уранчимэгт завших шалтаг болж байна. Осол болохоос өмнө мэдрэлийн тариа хийлгэж байсангүй. Томографийн шинжилгээгээр тархины уйланхайн хэмжээ хэвээр гарсан тул шимэгддэггүй уйланхай гэсэн. Осол болж хол шидэгдээгүй бол мэдрэлийн тариа огт хийлгэх шаардлагагүй байсан. Нэг удаагийн мэдрэлийн эмчилгээний 140 000 төгрөгийг Уранчимэг төлсөн, түүнээс хойш 3 сар тутам үзүүлж, хичнээн 140 000 төгрөгийн эмчилгээ хийлгэснийг картнаас харж болно. Гэвч энэ бүхнийг нэхэмжлээгүй, зөвхөн хагалгааны дараах зарим зардлыг нэхэмжилсэн боловч Уранчимэг нь 497 000 төгрөгийг төлөхгүйн тулд шүүхийн өмнө худал хэлж, шүүхэд хүндлэлгүй хандаж байгаад нь, мөн намайг нотолж, гэрчилж чадахгүй гээд дураараа гүтгэсэн зүйл ярьж байгаад гомдолтой байна. Уранчимэг нь гэмтлийн эмнэлэгт хүүг үзэж байхад баруун гарын тохойн дээр дарахад хүү минь ёолж орилж байсныг өөрийн биеэр харсан ба гар утсаараа бичлэг хийж, зураг дарж байсан ч гар нь зүгээр байсан гэж шүүхийн өмнө худал хэлж байгаад харамсаж байна. Нотлох баримт бүрэн дүүрэн үнэлээгүй, хохирлыг гаргаж өгч шийдсэнгүйд гомдолтой байна. Иймд бяцхан хүүгийн эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа тул Н.Уранчимэгээс эмчилгээний 497 000 төгрөгийг гаргуулж, хүүг минь MRI-д үзүүлэх мөнгийг шийдэж өгнө үү. Эсвэл нотлох баримтыг үнэлүүлэх, эмчлэгч эмч нар, гэрчийг байцаалгах, шинжээч эмчийн дүгнэлт дутуу хийснийг бүрэн тогтоолгохоор анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяа нь хариуцагч Н.Уранчимэгт холбогдуулж зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 497 210 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлийн улмаас 497 210 төгрөгийн эмчилгээний зардал гараагүй гэж маргажээ.
Гэм хор учруулсаны хохирлыг шаардаж буй этгээд өөрт нь хариуцагчийн зүгээс учруулсан гэм хорын шалтгаант холбоо, хохирлын хэмжээг нотлох, хариуцагч нь уг гэм хор учирсанд гэм буруугүй болохоо тус тус нотлох үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хүлээлгэсэн.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2А байрны 2 дугаар орцны баруун зам дээр 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр явган зорчигч 7 настай Т.Оргил нь хариуцагч Н.Уранчимэгийн жолоодож явсан Хьюндай соната маркийн 22-28 УБГ улсын дугаартай автомашинд мөргүүлж, түүний биед тархи доргилт, 2 хөлийн өвдөг зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийнх нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэгч төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн боловч хариуцагчийн үйлдлээс нэхэмжлэгчийн хүү Т.Оргилын биед гарсан гэмтэл буюу эрүүл мэндэд учирсан гэм хорын талаар ...баруун гарын тохой өвдөж, хагалгаа хийж эмчлүүлэх шаардлагатай болсон гэх үндэслэл тогтоогдоогүй... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Дээрх зам тээврийн ослыг шалгах явцад гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтэд ...зовиур 2 өвдөг, гар, толгой өвдөнө гэнэ... гэж дурьдсан боловч дүгнэлт хэсэгт гарны гэмтлийн талаар тодорхой заагаагүй байна. /хх-ийн 13-14/
Мөн Ц.Эрдэнэтуяа нь Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл болон тайлбартаа ...баруун гарын сарвуу маш их өвдөөд уйлсан, ...хөл гар нь халуун оргиод өвдөөд байна гээд байв..., баруун гарынх нь эрхий хуруу хөдөлж болохгүй өвдөөд байсан... зүүн гарынх нь шөрмөс татсан... гэх зэргээр тайлбар өгчээ. /хх-ийн 70, 72/
Гэтэл үүнээс хойш сар гаруйн дараа Т.Оргил нь ЭХЭМҮТөвд баруун гарын тохой хэсэгт хагалгаа хийлгэж эмчлүүлсэн гэх боловч ийнхүү мэс засал хийлгэх болсон учир шалтгаан тодорхой бус байна.
ЭХЭМҮТөвийн яаралтай тусламжийн үйлчилгээний хуудаст баруун гартаа тариа хийлгэсэн хэсэгт хавдсан гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 94/ болон нэхэмжлэгчийн гартаа битүү гэмтэл авсны улмаас хагалгаанд орсон гэж тайлбарлаж байгаа, Т.Оргилын хэвтэн эмчлүүлсэн өвчтний түүх хэрэгт авагдаагүй байгаа зэргээс үзэхэд 7 настай хүү Т.Оргилын баруун гарын тохой хэсэгт хагалгаа хийлгэж эмчлүүлэх болсон шалтгааныг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна. Нэхэмжлэгчийн хүү Т.Оргилын биед оношлогдож байгаа гэх өвчин эмгэгүүд нь хариуцагчийн хууль бус үйлдлээс үүсээгүй, түүний учруулсан гэмтлүүд нь хүүгийн суурь өвчнийг сэдрээгээгүй, шинэ өвчнийг бий болгоогүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлийг өөрийн зүгээс гаргаж нотлоогүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн /хх-ийн 80/ дагуу Т.Оргилын амбулаторийн картанд үзлэг хийж, хэрэгт хавсаргасан тэмдэглэл үйлдсэн байх боловч хэдэн хуудас баримт хэрэгт хавсаргасныг тодорхой тусгаагүйгээс хэргийн 82-103 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй учир Ц.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой гэж дүгнэх, улмаар хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд хэргийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг дээрх үндэслэлээр бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүйтэй холбоотойгоос гадна нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шалтгаалжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00631 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 15 566 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Н.БАТЗОРИГ