Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/240

 

                                             

 

 

 

 

                      

   2025            02           18                                        2025/ДШМ/240

 

Б.Ад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхбат,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1068 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Алтанбаганын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2409000001750 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангри-Ла молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах “Икигай” нэртэй үйлчилгээний газарт Ш.Эн маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн гарын хэсэг рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Аас 5.032.100 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Э-д олгож, хохирогч Ш.Э нэхэмжилсэн 1.877.100 төгрөгийн хохирлын зардлыг хэлэлцэхгүй орхиж, үүнд холбогдох баримтыг зохих ёсоор бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Тус тогтоолоор намайг гэм буруутайд тооцож, 800 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Миний бие өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн асуудал дээр гомдол гаргахгүй. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлж тооцсон. Үүнийг 5 дахин болгон багасгаж өгөөч хэмээн хүсэж байна.

Мөн миний хувьд аав, ээж, 4 дүүгийн хамт амьдардаг. Оюутан, хичээлийнхээ хажуугаар ажил хийж, аав, ээжийнхээ амьдралд тус больё гэж боддог. Гэвч нэг удаагийн уур бухимдлаа тэвчиж чадаагүйн улмаас ийм асуудалд орсондоо маш их харамсаж байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг багасгаж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Ц.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.А хувьд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй. Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул гагцхүү сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг багасгаж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. ...” гэв.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тооцохдоо шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, бие махбодын өвдөлтөөс учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Мөн прокурор анхан шатны шүүх хуралдаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулах саналыг гаргаж шийдвэрлүүлсэн. Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангри-Ла молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах “Икигай” нэртэй үйлчилгээний газарт Ш.Э маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн гарын хэсэг рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ш.Э “...“Икигай” гэх нэртэй лоунжид ...2 үл таних эрэгтэй орж ирээд шууд суугаад байхаар нь “чи яг хэн юм бэ, чи одоо яадаг нөхөр юм” гээд хэлсэн. Тэгээд би үл таних хар малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэйд хандаж “хоёулаа ариун цэврийн өрөө оръё” гээд би мөрөн дээр нь гараа тавиад ариун цэврийн өрөө рүү орох гээд хаалгыг нь түлхээд, миний араас үл таних хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй намайг цохиод, миний баруун нүд харанхуйлаад байхаар нь 2 нүдээ аниад, үл таних эрэгтэйтэй ноцолдоод, би айсандаа болоод ариун цэврийн өрөө дотроо цагдаагийн байгууллагад хандсан. ....” /хх 20/ гэсэн,

гэрч Д.О “...Ариун цэврийн өрөө ороод гараа угааж байх үед Ш.Э, Б.А 2 хамт орж ирээд гэнэт нэгнээ заамдаад нэгнийгээ унагаах гээд оролдоод байхаар нь би гараа угааж дуусаад Ш.Эн болон Б.А дээр очоод салгахад Ш.Э нь баруун нүд нь хөхөрсөн, цус гарсан байхаар нь цэвэрлэж өгөөд буцаад ширээн дээрээ очсон. …” /хх 25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12370 дугаартай “…Ш.Э баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөг зулгаралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр 1-ээс 3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. …Хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. …” /25-26/ гэсэн дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.

Шүүгдэгч Б.А хохирогч Ш.Э маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн гарын хэсэг рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх Б.А үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.

Шүүгдэгч Б.А “Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх шүүгдэгч Б.Аас хохирогч Ш.Э гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.620.000 төгрөг гаргуулахаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн хэр хэмжээ, эмчилгээний хугацаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үндэслэлтэй, зөв шийдвэрлэжээ.

Харин, шүүх шүүгдэгч Б.Аас хохирогч Ш.Э хохирлын баримтуудыг үнэлж, хохирол төлүүлэхээр дүгнэхдээ 912.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 837.100 төгрөг байхад дээрх байдлаар зөрүүтэй дүгнэж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Аас гаргуулахаар заасан 912.000 төгрөгөөс 74.900 төгрөгийг хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1068 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх  заалтад “...5.032.100 төгрөгийг хохирогч Ш.Э...” гэснийг “...4.957.100 /дөрвөн сая есөн зуун тавин долоон мянга нэг зуу/ төгрөгийг хохирогч Ш.Э...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ