Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 436

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч С.Г/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0308 90445 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт С.Г, 1698 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Өргөө кино театрын урд талд ил зогсоолын манаач ажилтай, ам бүл 2, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Хангамжийн 4-276 тоотод оршин суух,

-урьд 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар гарнизоны Цэргийн тусгай шүүхийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

-1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 91 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-1997 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 131 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил 1 сар 15 хоногийн ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавьяа шагналгүй, НП68042872 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4-348 тоотод буюу өөрийн гэртээ эхнэр Н.Эрдэнэчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Н.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Офицерийн тэндээс хангамжинд байдаг найз хүүхэн Нансаагийнд очиход бас нэг найз хүүхэнтэйгээ архи уучихсан байж байсан. Тэгээд Нансаагийн найз хүүхэн гэр рүүгээ яваад бид хоёр манай гэрт ирж ахиж нэг шил архи уусан. Тэгээд гэртээ унтаж байтал Г гадуур явж байгаад орж ирээд та 2 архи уулаа согтуу байна гээд уурласан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Нансааг явсан хойгуур 11 цагийн үед уурлаад намайг гараараа цохиж зодсон. Миний бүх бие улаан эрээн болсон байсан. Тэгээд цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. “...Г уучлал гуйж надад хохирол төлж гомдол саналгүй болгосон. Уг нь болж бүтвэл хамт амьдаръя гэж бодсон чинь хамаатны хүнтэй хардаад манайхан дургүйцээд одоо болихоор шийдсэн...” гэх мэдүүлэг. /хх-47/,

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017  оны 10 дугаар сарын 28-ны өдөр би 11 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд манай эхнэр Эрдэнэчулуун халамцуу унтаж байсан. Тэгээд хардалтаас болоод ам зөрөөд Эрдэнэчулууныг би гэртээ баруун гараараа Эрдэнэчулууны эрүү шанаа хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Тэгээд бас мөр рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би ажилдаа яв гээд татаж чангаах үед баруун зүүн гар хэсэгт нь хөхөрсөн байсан. “...Хардалтын улмаас би эхнэрээ зодсон. “...бид хоёр хоёулахнаа байсан. Надаас өөр хүн учруулаагүй. Би учруулсан...” гэх мэдүүлэг. /хх-13/,

Яллагдагч С.Г мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №13557 дугаартай дүгнэлт:

  1. Н.Эрдэнэчулууны биед зүүн гарын 2 дугаар хуруунд шарх, эрүү, зүүн шанаанд зулгаралт, дух, баруун хамсөг, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор, салст хүзүү, хоёр бугалга, баруун шуу, 2 сарвуу, нуруу, зүүн мөр, хэвлий, 2 гуя, зүүн шагайн цус хуралт гэмтэл тогтоодлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл үүссэн байх боломжтой. /хх-16/,

Хохирогч Н.Эрдэнэчулууны мэдүүлэг /хх-9/, гэрч С.Г-ийн мэдүүлэг /хх13-14/, шинжээчийн №13557 дугаартай дүгнэлт /хх-16/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх20-38/, хохирогч Н.Эрдэнэчулууны мэдүүлэг /хх-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4-348 тоотод буюу өөрийн гэртээ эхнэр Н.Эрдэнэчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Г-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР