| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2410028841299 |
| Дугаар | 2025/ДШМ/241 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/241
2025 02 18 2025/ДШМ/241
Э.Т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
цагаатгагдсан этгээд Э.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/901 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Э.Түмэнжинд холбогдох 2410028841299 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Т 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “19” үйлчилгээний төвийн урд зам гарч байхдаа “араас дуут дохио дуугаргалаа” гэх шалтгаанаар хохирогч О.Б эзэмшлийн “Тоёота Хиась” загварын 73-88 УБЗ улсын дугаартай автомашины салхины шил рүү эд зүйл шидэн хагалж, мөн баруун толийг гараараа хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Т “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аргагүй хамгаалалт хийсэн” үндэслэлээр Э.Т цагаатгаж, шүүгдэгч Э.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Т нь О.Б750.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт дуудлагын лавлагааны хуудас, О.Бс бичгээр гаргасан гомдол, хохирогч О.Бн “...2024 оны 07 дугаар сарын 04-ний өдриин 05 цагийн үед жуулчдаа авахаар тээврийн хэрэгслээ унаад явж байсан ба Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн урд автобусны буудал дээр явж байтал гэнэт зам хөндлөн согтуу хүн гараад ирэхээр машины урдуур гүйж магадгүй гэж бодоод сигнал дарсан, тэрнээс биш ямар нэгэн байдлаар мөргөсөн зүйл байхгүй, тэгтэл тухайн залуу миний салхины шил рүү нэг зүйл шидсэн. Машинаа зогсоолд тавиад буух хооронд нөгөө залуу зам хөндлөн гараад цаашаа зугтаагаад явсан. Тухайн үед би “чи яаж байгаа юм бэ, салхины шил хагалчихлаа” гэсэн чинь “би дайруулах байсан юм уу” гээд хэрэлдээд байсан. Тэгтэл ахиад зугтаах гээд байсан ба замын брошур давах гээд унаад байсан. Тэгэхээр нь би тухайн залууг алдаж магадгүй гээд гар утсыг нь авсан, тэгтэл тухайн залуу үргэлжлүүлээд миний машины баруун талын толийг хуга татсан. Тухайн хүний биед халдсан зүйл болоогүй, маргалдаж муудсан. ...” гэсэн мэдүүлэг, автомашин техникийн үнэлгээний “шууд зардал 650.000 төгрөг, шууд бус зардал 100.000 төгрөг, нийт 750.000 төгрөг” гэсэн тайлан, яллагдагч Э.Т “...Тухайн үед миний биед халдаж, хэрхэн гэмтэл шарх учирсан талаар биед үзлэг хийж зураг авсан, мөн шинжээчид үзүүлэх тогтоол өгсөн. Үүнд миний биед үзлэг хийсэн юм хойно гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Мөн ажлын зав болоод ахуйн шалтгааны улмаас шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Иймд тухайн үед халдсан нь тодорхой асуудал тул тухайн этгээдэд тохирох хуулийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байна. Дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтууд юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.
Тодруулбал аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, эрх эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.
Гэтэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч О.Б, яллагдагч Э.Т нар нь бие биеэ танихгүй, хохирогч О.Б зүгээс машины урдуур гүйчих вий гэж анхааруулах зорилгоор автомашины сигнал дарсан, мөн шунахайн сэдэлт санаа зорилгогүйгээр өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо барагдуулах, яллагдагч Э.Т зугтаах гэсэн үйлдлийг таслан зогсоох үүднээс гар утсыг түр авсан үйлдлүүдийг Э.Т амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгоон гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаартай шинжилгээгээр “зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд сорви, зүүн өвдөг, хоёр шилбэнд нөсөө бүхий өөрчлөлт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх зүүн шууны сорви нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн өвдөг, хоёр шилбэний нөсөө бүхий өөрчлөлт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул уг журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх зүүн нүдний зовхины хуралт нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин зүүн шууны сорви, зүүн өвдөг. хоёр шилбэний нөсөө бүхий өөрчлөлт нь хэдийн хугацааны өмнө үүссэн болохыг тогтоох боломжгүй, хуучин гэмтэл байна” гэж тогтоосон.
Дээрх дүгнэлтээр хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан зүүн шууны сорви гэмтлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч О.Б учруулсан гэдэг нь хавтаст хэрэгг авагдсан хохирогч О.Б мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 847 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдоогүй байхад шүүх “О.Б Э.Т биед халдаж хөнгөн хохирол учруулан...” гэж, “автомашины толиор шүргэлээ гэх шалтгаанаар” гэж тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, бусад баримтуудаар давхар нотлогдоогүй яллагдагчийн мэдүүлгийг үнэлж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Т цагаатгасан гэж үзэж байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтийг уншиж сонсгох, мэдүүлэг сонсох, мэдүүлэг сонсохтой холбоотой асуулт хариулт, нотлох баримт шинжпэн судлах, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой санал, хүсэлт, асуулт хариулт гаргах, талуудын санал дүгнэлт зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг хийлгүйгээр алгасаж, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргаж, шүүгдэгч Э.Тс гаргасан хүсэлттэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай захирамжийг гаргаж, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт даалгасан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр миний эрүүл мэндэд зүүн шуу хэсгээс гадна нүдний доод тал руу хоёр удаа өшиглүүлснийг дүгнэн 3 хөнгөн гэмтэл учирсан гэж тогтоосон. Гэтэл прокурор уг 3 гэмтлийн зөвхөн шууны гэмтэл бүхий хэсгийг авч, шууны сорвины хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлтийг авч, нөгөө дүгнэлтүүдийг огт ярьдаггүй. Тухайн үед би бичлэг хийсэн, зодуулж цохиулсан, хэдэн удаа өшиглүүлсэн нь үнэн байтал тэр талаар ямар ч дүгнэлт хийлгүй, хэрэгт авч хэлэлцээгүй, хохирогч гэх хүнийг нэг ч удаа дуудаж байцаагаагүй. Нөгөө талаар би прокурортой холбогдуулан 3 зүйлийг хэлж тэмдэглүүлмээр байна. Үүнд, прокурор анхан шатны шүүх хурал эхлэх үед намайг эрүүл байхад “Согтуу байна” гэж хэлээд шүүх хуралдааныг хойшлуулах гэж оролдсон. Шүүхээс драйгер үлээлгэхэд “0” гэж гарсан. Хоёрдугаарт, шүүх хуралдааны үеэр миний зогсолтыг 2-3 удаа шүүмжилж “Яаж зогсоод байгаа юм бэ” гэсэн. Миний байгаа байдал ийм, анх удаа шүүх хуралдаанд оролцоод сандарсан байсан. Гуравдугаарт, анхан шатны шүүх хурал дуусах үед хурлын танхимын үүдэнд прокурорын утсаар ярьж байхыг нь би санамсаргүй сонссон. Гэтэл прокурор “Т гээд нөгөө нэг пиздаг чинь цагаатгачихдаг байна шүү дээ” гэсэн. Эндээс би прокурорыг хохирогчтой холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Тн өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд яллах чиг үүрэгтэй боловч хэргийн үйл баримтыг зөв тодорхойлох ёстой. Нэгдүгээрт, миний үйлчлүүлэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, устгасан гэж буруутгасан ба үүнд хоёр агуулга яригдаж, үүнтэй холбоотой “Салхины шил хагалсан, толь хугалсан” гэсэн хоёр гэмтлийг тодорхойлсон нэг шинжээчийн дүгнэлт авагдсан. Уг хоёр гэмтэл өөр өөр цаг хугацаанд буюу дарааллын хувьд өөр байдлаар үүссэн ба хохирогч гэх О.Б, яллагдагч гэх Э.Т нарын мэдүүлгээр өөрөөр тайлбарлагддаг. Шил хагалсан үйлдлийн тухайд, миний үйлчлүүлэгч үүрээр, зам дээр ямар ч хөдөлгөөн байхгүй үед зам хөндлөн гарч явахад араас нь сигналдсанд цочоод арагш алхан, гартаа барьж явсан электрон тамхиа шидсэн. Энэ үйлдэл санаатай үйлдэл үү гэдгийг хууль зүйн хувьд тодорхойлох ёстой. Дараа нь миний үйлчлүүлэгч тэр чигтээ зам хөндлөн гарч явах үед хохирогч гэх О.Б замын уулзвараар тойрч эргээд замын нөгөө талд явж буй Э.Т дээр очиж хэрүүл зодоон үүсгэж, гар утсыг нь авч явсан учир толиноос нь татаж хугалсан байдаг. Тэгээд дараа нь цагдаа дээр аваачиж өгсөн үйл баримт тогтоогдсон. Тиймээс хохиролтой холбоотой асуудал яг аль нь вэ гэдгийг тогтоох ёстой. Шил хагалсан болон толь хугалсан хоёр үйлдлийг нийлүүлж хохирлыг тогтоосон уу, эхний шил хагалсан үйлдэл санаатай, болгоомжгүйн аль нь болох талаар хууль зүйн дүгнэлтүүд хийх ёстой. Хоёрдугаарт, тухайн үед Э.Т цагдаагийн байгууллагад аваачиж биед нь үзлэг хийж, фото зургаар баталгаажуулсан. Гэтэл хохирогч гэх хүн тухайн үед хоёулаа зодолдсон, гар утасны бичлэгийг нь авсан, түлхэж унагаасан, өшиглөсөн зэргээр нөхцөл байдлыг мэдүүлсэн. Гэхдээ уг байдлаар нь хэн нэгэн этгээдийг буруутгаж гэм буруутайд тооцуулах гэсэн зүйл огт биш. Харин энэ нөхцөл байдал нь эсрэгээрээ миний үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд бодитоор заналхийлэл учирсан байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгааг харуулна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Шүүх хэргийг бүхий л талаас нь дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэлтээ гаргасан. 60 хоногтой холбоотой асуудлын тухайд, нэгэнт миний үйлчлүүлэгч тухайн цаг хугацаанд гэмтсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдүүд баталгаажуулж авсан нөхцөл байдалд яагаад очоогүй шалтгаанаа хэлж тайлбарласан. Үүнийг нь шүүх хүлээж аваад гэмтэл учирсан эсэх, эрүүл мэндэд нь заналхийлсэн нөхцөл байдал байсан эсэхийг тодруулж шалгах байгаа хэрэг бөгөөд үүний үндсэн дээр хууль зүйн дүгнэлтээ хийсэн гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос, Э.Т 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “19” үйлчилгээний төвийн урд зам гарч байхдаа “араас дуут дохио дуугаргалаа” гэх шалтгаанаар хохирогч О.Б эзэмшлийн “Тоёота Хиась” загварын 73-88 УБЗ улсын дугаартай автомашины салхины шил рүү эд зүйл шидэн хагалж, мөн баруун толийг гараараа хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аргагүй хамгаалалт хийсэн” үндэслэлээр Э.Т цагаатгаж буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульд заасан онцгой нөхцөл болох гэмт хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Э.Т нь хохирогч О.Б эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн санаатай учруулсан нөхцөл байдлыг нотолж буй хавтаст хэрэгт авагдсан:
хохирогч О.Б “...Гэнэт зам хөндлөн согтуу хүн гараад ирэхээр нь машины урдуур гүйж магадгүй гэж бодоод сигнал дарсанаар өөрөөр мөргөсөн зүйл байхгүй. Мөн тухайн залуу гарцгүй газраар гарч ирсэн. Миний машины салхины шил рүү нэг зүйл шидсэн, салхины шил хагарсан. ...” /хх 17-18/,
яллагдагчаар Э.Т “...Миний бие хохирлыг барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 24-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-32/ болон бусад нотлох баримтуудыг үнэлэлгүй, няцаан үгүйсгэлгүйгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.
Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Т цагаатгасанг эс зөвшөөрч бичсэн “...шүүх “О.Б Э.Т биед халдаж хөнгөн хохирол учруулан...” гэж, “автомашины толиор шүргэлээ гэх шалтгаанаар” гэж тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, бусад баримтуудаар давхар нотлогдоогүй яллагдагчийн мэдүүлгийг үнэлж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Т цагаатгасан гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/901 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Э.Т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ