| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2414005340320 |
| Дугаар | 2025/ДШМ/006 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/006
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******;
Шүүгдэгч *******, өмгөөлөгч *******;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2414005340320 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, иргэний бүртгэлийн дугаар *******/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг “ дэлгүүрийн урд талын байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *******г бусадтай хардаж зодсоны улмаас *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхийг хамарсан хамар, хүзүү, цээж, эрүү зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 500/таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар *******аас 194,113 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны шилжих шөнө эхнэр *******г согтуугаар зодсон болон бусад байдлаар гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ бол миний буруу үйлдэл, дахин ийм асуудал гаргахгүй гэж эр хүний ёсоор өөртөө шаардлага тавьж байна.Анхан шатны шүүхээс надад торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж 500/таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Эрүүг хэргийн анхан шатны шүүх дээр би өмгөөлөгчгүй, торгуулийн ял авбал ялыг биелүүлэх орлого баримтыг бүрдүүлэх ёстойг мэдээгүй орсон нь миний буруу байсан. Одоо надад анхан шатны шүүхээс оногдуулсан таван зуун цагийн ялыг эдлэхэд амьдралын зүгээс хүндрэлтэй байна. Миний бие Улаанбаатар хотын “ ” ХХК”-д жолоочоор ажилд орж, барилга, хөдөө аж ахуйн чиглэлийн ажлыг хоёр улсын хилээс Улаанбаатар хотод тээвэрлэх ажлыг хийж байна.Мөн миний өөрийн том машины дугуй худалдах, бусад машины дугуй засварлах ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа болно. Миний бие Улаанбаатар хот Баянхонгор аймгийн хооронд байнгын явж ажиллаж амьдардаг болно. Амьдралын энэ байдлыг харгалзаж үзэж, анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлэх боломжтой гэх боловч Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршиг, шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ял нь сонгох санкцтай. Тухайн үед *******т торгох ял оногдуулбал биелэгдэх боломжгүй гэж шүүхээс дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Одоо ******* нь ажил эрхэлж байгаа байдлаа нотолсон тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг “ дэлгүүрийн урд талын байрны гадаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *******г бусадтай хардаж, зодсоны улмаас хохирогчийн биед “...тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхийг хамарсан хамар, хүзүү, цээж, эрүү зүүн шилбэний цус хуралт...” бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтууд болох:
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд “…Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дарь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өмгөөлөгч авахгүй…” гэх мэдүүлгийн тэмдэглэл/хх52-53/;
- Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд “...Б.******* орж ирээд миний сууж байсан ширээн дээр сууж 6 ширхэг пиво захиалаад сууцгаасан 00 цаг өнгөрөөгөөд ******* нь явлаа гээд гараад явсан. Түүнээс хойш би 30 гаран минут болоод тэр газраас гараад 12 дугаар байрны хажуугаар гүйгээд замдаа намайг отоод байж байгаа гээд замын ногоон байрны урдуур гарах гээд явж байтал гэнэт гарч ирээд намайг араас боогоод газарт унагасан. Би тухайн үед ухаан алдсан байсан ба гэнэт сэргэхэд миний дээр гарчихсан гараа зангидаад миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Тэгээд цагаан өнгийн машинтай хүн хажуугаар нь явахаар нь гараараа дуудахаар тоогоогүй яваад өгсөн. Тэгтэл нэг залуу, нэг охин 2 хажуугаар нь өнгөрөхөөр нь би эгчийгээ аваарай эгч нь амьд явмаар байна гэхэд ******* сая нэг залуутай явж байсан. Нөгөөх нь ийшээ гүйчихлээ.Тэгээд байж байтал цагдаа нар ирэхээр нь би шууд машинд ороод авраарай гээд суусан. Миний хоёр нүд хавдсан, цээжин хэсэг, хоолой, хүзүү хэсэг хөхөрсөн. 2 талын гуя руу өшиглөөд байсан. Баруун талын гуя хөндүүртэй байгаа. Дотор муухай, бие эвгүй оргиод байгаа...”/хх23-25/;
- “... Гэртээ ухаан алдаж унасан байсан 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэртээ согтуу орж ирээд намайг алгадаад багалзуурдаад авсан. Тухайн үед миний зүүн шанаа хавдаад, цагдаад дуудлага өгөхөд гараад зугтсан., намайг зодоход манай хоёр хүүхэд байсан. Тэгээд 9 настай охин өөрийнхөө тэмдэглэл дээр намайг зодсон талаар тэмдэглэл дээр бичиж тэмдэглэсэн байсан...”, “...2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр сонгуулийн өдөр сонгуулийн ажил хийгээд орж ирэхэд согтуу орж ирээд мөн намайг зодсон. Тэр үед би мөн ухаан алдсан байсан. Миний хүзүү хүрэнтсэн байсан. Маргааш нь баруун нүд цус хурсан байсан. Хутга бариад миний зүүн хүзүүн дээр зүссэн зураас гарсан байгаа. Намайг алчихъя гээд дайрсан. Гэрийн буйдан дээр хутга зоосон, тэгээд гайгүй болоод унтсан. Тэр үед би цагдаад дуудлага өгч чадаагүй, миний утсыг хураагаад авсан байсан...”, “...2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр айлын хүмүүс дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд хоносон сүүлийн зодсон асуудалтай нийлээд намайг 3 удаа зодож байна. Хамгийн эхэнд намайг зодож гар хүрсэн асуудал нь 2024 оны 05 дугаар сард гэртээ буюу Баянхонгор аймгийн Рашаанд багийн ..... тоотод архи уусан үедээ намайг гараараа алгадсан. Тухайн үед хоёр охин байсан...”, ”...дараагийн гар хүрсэн асуудал 2024 оны 6 дугаар сарын 28-ны шөнө гэртээ байхад согтуугаар намайг багалзуурдаад хутга тулгасан асуудал гарсан. Дараагийн асуудал 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар намайг байрны гадаа боож газар унагаж байгаад нүүр хэсэг рүү зодсон асуудал тус тус гаргасан...” гэх мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэл /хх27-28/;
- Насан хүрээгүй гэрч У.ы мөрдөн байцаалтын шатанд “...харин манай ээжийг зоддог. 2023 оны зун Өлзийт сумын хөдөө унтаж байхад хэрүүл хийгээд байсан. 2024 оны 5 дугаар сарын 12-ны шөнө би унтаж байхад чимээ гараад байхаар нь сэрэхэд хажуу өрөөнд ******* нь согтуу ээжийн хацар луу 2-3 удаа алгадаад байсан. Ээж цагдаа дуудсан чинь ******* нь гараад зугтчихсан. Тэр үед ээжийн нүүр царай нь хөхрөөгүй зүгээр байсан... намайг унтаж байхад ээж рүү хутга бариад дайрч байсан. Маргааш нь сэрээд харахад буйдан дээр хутга байсан. ******* нь ээжийг гараараа нүүр, хэсэг рүү цохиж зодоод байдаг. Заримдаа хоолойг нь боогоод байдаг юм. Ээжийн нүүр царай нь хааяа хөхөрсөн байдаг. 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байсан. Намайг сэрүүн байхад орой гэрээсээ гараад явсан. Тэгээд би өглөө 6 цагт сэрэхэд ээж гэртээ өнхрөөд ойчсон байсан. Манай ээжийн 2 нүд нь аймар хөхөрсөн байсан, би тэмдэглэлийн дэвтэртээ 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* согтуу ирээд ээжтэй хэрэлдээд ээжийг 3 удаа алгадсан. Би тэгээд гүйцээж чадаагүй дутуу үлдээчихсэн юм. 3 удаа алгадсан юм гэж бичих гэж байгаад үлдээчихсэн...” гэх мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэл/хх39-47/;
- Иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтын шатанд “…******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс хойш нийт 194.113 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан тул буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна…” гэх мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэл/хх31-35/;
- Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 19- ний өдрийн 443 дугаартай дүгнэлтэд:
1. “...*******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхийг хамарсан хамар, хүзүү, цээж, эрүү зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх44-45/;
- Хэрэгт авагдсан хохирогч *******гийн “...******* манай гэрт 2023 оны 01 дүгээр сараас ирж бид хамтран амьдарч байгаа/хх24/, шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “…бид хоёр 2023 оноос эхлэн хамтран амьдарч байгаа. ...” /хх…/ гэсэн мэдүүлгүүд зэргээс үзэхэд хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон дуу дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд хэн буруутай болох, түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан хохирол, гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томьёог тодорхойлон хуульчилсан.
Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгоно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500/таван/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч ******* “... ажлын улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй тул торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Л.НЯМДОРЖ