| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2026/0004/З |
| Дугаар | 109/ШШ2026/0017 |
| Огноо | 2026-09-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 109/ШШ2026/0017
109/ШШ2026/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн төлөөлөгч Д.О
Гуравдагч этгээд З.Д
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.П
Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын өмгөөлөгч Т.М /цахимаар/
Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 9/205 дугаар албан бичгээр “ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тоот хаягт байршилтай “Сайхан тэрх” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар болон “Сайхан тэрх” ХХК-ийн хооронд үүссэн хэрэг маргаан Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа тул таны худалдаж авсан тоот хаягт байршилтай 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл бүртгэх боломжгүй” гэсэн хариуг Б.Б-д хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
2.2. Улмаар иргэн Б.Ба нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх хариуг эс зөвшөөрч 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.3. Б.Б-ны нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1., 13 дугаар зүйлийн 13.1., 15 дугаар зүйлийн 15.1., 16 дугаар зүйлийн 16.1., Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасныг зөрчөөгүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь “Сайхан тэрх” ХХК-ийн хэрэгжүүлсэн тус аймагт баригдаж ашиглалтад орсон “Сайхан хотхон” нэртэй 56 айлын орон сууцнаас 71.46 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ийг 2.950.000 төгрөгөөр тооцон орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж, нийт төлбөр болох 210.807.000 төгрөгийн төлбөрийг хоёр хувааж 2024.02.08-ны өдөр Ц.Мө-н 5166048562 тоот дансанд 100.000.000 төгрөг, 2024.03.13-ны өдөр Ц.О-н дансанд 110.807.000 төгрөгийг тус тус хийж бүрэн төлж барагдуулсан. Тухайн орон сууцыг бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээж авсны дараа 2024 оны 4 сараас хойш өөрийн өмчлөл, эзэмшилдээ бүрэн авч бодитоор эзэмшин, ашиглалтын болон бусад холбогдох бүх зардлыг төлөн амьдарч байна. Миний хувьд анх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаж, нүүж орсны дараа гүйцэтгэгчээс шаардлагатай бүх бичиг баримтуудыг авч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хүсэхэд миний өмчлөлийн орон сууцны өмчлөгч, эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргаж иргэн миний Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хууль ёсны дагуу эд хөрөнгө өөрийн өмчлөлдөө авах, түүнийгээ баталгаажуулах, захиран зарцуулах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаагаас чадахгүйд хүрч эрх ашигт хохирол учраад байх тул харьяаллын дагуу танай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Б.Б намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч надад тус орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Гэгээрлийн гудамж-1 107/1 байрны орон сууц, зогсоол, үйлчилгээний барилгын өмчлөлтэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад 7 давхрын тоот 71,46 м.кв 3 өрөө орон сууц байгаа болно. Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь маргаантай, тодорхой бус эрх зүйн байдалд байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 6 дугаар зүйлийн 6.1.-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. 29 дүгээр зүйлийн 29.1.5 мэдүүлэг гаргасан өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзах үндэслэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.1.5 нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх. 19 дүгээр зүйлийн 19.4.3 нотлох баримт зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 65.1.7.-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тухайн эрхийн байдал эцэслэн тогтоогдоогүйд тооцогдоно. Захиргааны ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д Захиргааны байгууллага нь хуульд үндэслэх зарчмыг баримтална. 4 дүгээр зүйлийн 4.2.5.-д Бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй. гэж заасан иймд иргэн Б.Баярсайханы орон сууц нь өмчлөх эрхийн шүүхийн маргаантай, өмчлөх эрх нь эцэслэн тогтоогдоогүй тул улсын бүртгэл хийх хууль зүйн боломжгүй. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгоогүй нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий үйл ажиллагаа болно. Иргэн Б.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын уйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж өгнө үү гэжээ.
3.3. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.О, Ц.М нар нь 2022 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт өөрсдийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний төвийг барихаар төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд 2022 оны 05 сарын 02-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор өөрсдийн хөрөнгөөр барилгыг барьж, 2023 оны 12 сарын 12-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ББАОКД-2023/64 дугаар дүгнэлт гарч барилга ашиглалтад орсон бөгөөд оршин суугчид байрандаа орцгоосон. Барилгын ажлын явцад бид орон сууц захиалгын гэрээг оршин суугчидтай байгуулж байсан. Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг Хамтран ажиллах гэрээний дагуу Ц.О, Ц.М нар нь өөрсдийн дансаар авч, барилгын ажилд хөрөнгө оруулсан. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Ц.О, Ц.М нарын зөвшөөрлөөр “С” ХХК нь гүйцэтгэх байсан боловч “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Б нь дур мэдэн орон сууц захиалгын гэрээг дангаар байгуулж, төлбөрийг хувийн болон компанийнхаа дансаар авч байсныг сүүлд мэдсэн. Ингээд 2024 оны 02 сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар “С” ХХК-г татаж, Хамтран ажиллах гэрээний үүргэЭ зөрчсөний улмаас учирсан хохирол болон “С” ХХК-ийн нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 129/Ш32024/01952 дугаар Шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийн нэр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэх арга хэмжээ авсан байгаа. Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Гэхдээ нэхэмжлэгч тал болох Ц.М Ц.О нар нь хамтран ажиллах гэрээний дагуу тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийн хүрээнд иргэн Б.Б-д худалдсан. Уг тоот орон сууцтай холбоотой Архангай аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа хэрэг нь тухайн байранд өмнө нь захиалга өгч байсан боловч гэрээгээ зөрчсөн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж биелүүлээгүй учир гэрээг цуцалсан. Иргэн О-тай холбоотой хэрэг бөгөөд бусдыг залилсан уг хэрэгт хуулийн дагуу мэдүүлгээ өгсөн. Хохирсон иргэнийг хуулийн дагуу урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан авах эрхтэйг тогтоовол Оюунтуяад биш тухайн иргэнд барилгаас орж ирэх орлогоос төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд Б.Б-с хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх бүртгэл хийж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Б.Б-д Архангай Эрдэнэбулган сумын тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ба-с хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох гэрчилгээ гаргахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.Б нь манай компанитай гэрээ хийгээгүй, төлбөр тооцоо төлөөгүй гэжээ.
3.5. Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн 2022 онд Архангай аймагт хэрэгжүүлсэн “Сайхан хотхон” нэртэй 56 айлын орон сууцаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “С” ХХК-ийн захирал Н.Б болон менежер Ц.О нартай 7 давхар 703 тоот 3 өрөө байрыг “Орон сууц захиалгын” гэрээ хийж тус байрны урьдчилгаа 30 хувийг төлж барагдуулах цаашид төлбөрийг цувуулж төлж, 2024 оны 1 дүгээр улиралд тус байрыг ашиглалтад ороход бүрэн төлж дуусгахаар тохиролцон гэрээ хийж баталгаажуулсан. Гэтэл байрыг өөр хүнд зарж, өөр хүн амьдарч байгаа гэжээ.
3.6. Гуравдагч этгээд З.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О нь өөрийн нэр дээр гэрээтэй байрны төлбөрийг төлж чадахгүй байгаа тул намайг хямд гэрээлсэн үнээр нь аваач ордерыг таны нэр дээр гаргуулж өгье гэж удаа дараа гуйсан тул би Д.О-н нэр дээр гэрээтэй “С” ХХК-ийн байрны 7 давхарт С айлын 69.2 м.кв 3 өрөө байрны төлбөрийг О-н данс руу хийх,Оюунтуяа нь Ою-н данс руу хийхээр тохиролцон хувийн гэрээ байгуулсан. Д.О-д 3 удаагийн шилжүүлгээр 122 сая төгрөг өгсөн. Үүнд 2022 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн 5135174332 тоот данснаас 52 сая төгрөгийг Д.О-н 5135277779 тоот дансанд шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 сая төгрөгийг О-н 5135277779 тоот данс руу шилжүүлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 50 сая төгрөгийг Д.О-н төрийн банкны 180000170117 тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн тухай бүр нь Д.О Ц.О-н данс руу мөнгөө шилжүүлж баримтаа надад өгч байсан. Оюунбатын дансанд миний өгсөн мөнгө төвлөрч байсан байдаг. Ц.О нь Д.Ою-йн гэрээлсэн байрны төлбөрийн 70% нь төлөгдсөн байхад надад байрыг өгөхгүй намайг хохироож байна. Ц.О-д энэ байрны төлбөрийг нэмж төлөөд авъя гэсэн хүсэлт тавихад одоохон очиж тантай гэрээ байгуулна гэж ярьсан мөртлөө бусдад дамжуулан дахин худалдсан байна. Иймд Д.О нь “С” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа. 2022 оноос энэ байрыг авах гэж мөнгөө тушаасан тул үлдэгдэл мөнгийг нь гүйцээж хийгээд байраа авах хүсэлтэй байна гэжээ.
3.7. Хариуцагчийн төлөөлөгч Д.О үүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг, нотлох баримтаа гаргасан. Гэвч уг орон сууцтай холбоотой хэрэг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх боломжгүй гэсэн хариу Б.Б-д өгсөн. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгоогүй нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий үйл ажиллагаа болно. Б.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.8. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д бидэнд Д.О гэх хүнтэй гэрээ хийсэн гэдгээ анхнаасаа тодорхой мэдэгдээд явсан бол бид анхааралдаа аваад, засаад, засварлаад явах боломж байсан. Гэтэл барилга ашиглалт орох үед Д.О гэдэг хүн 8-9 сар алга болсны дараа бидэн дээр ирсэн. Тэгэхэд нь би үнэн бодит байдлыг хэлээд, эртхэн цагдаагийн байгууллагад очоод асуудлаа шийдэхгүй бол бидний зүгээс ийм байгаа шүү гэдгээ тайлбарласан. Бид хэн нэгнийг хуурч мэхлээд, залилан хийгээд, Н.Б гэдэг хүний гүтгээд байгаа шиг тийм зүйл огт байхгүй. З.Д Д.О-р дамжуулж мөнгө өгч байсныг бид үгүйсгээгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Орж ирсэн мөнгөнөөс хэдийг нь буцаагаад авсан. Хэд нь бидэнд үлдсэн гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. 2022 оны 11 сард Д.О-тай гэрээ хийсэн нь үнэн, даруй мөнгөө өгч дуусгана гээд хямдралтай үнээр гэрээ хийсэн боловч үүргээ биелүүлээгүй. Давхар маргаантай асуудал үүссэн. Буцаасан мөнгө болон үлдсэн 73.000.000 төгрөг нь барилгад орсон, үнэн. Барилгаас орж байгаа мөнгөнөөс буцаагаад наад хүнийг чинь хохиролгүй болгоно гээд цагдаа дээр ч болон аль, аль байгууллага дээр хэлээд явж байгаа. Барилга ашиглалтад орох хүртэл анхааруулж хэлээд, удаа дараа шаардсан боловч буцааж авсан мөнгөө ч өгөөгүй. Дээрээс нь байрны төлбөрт нэмж мөнгө төлөөгүй. Тийм учраас гэрээнд заасан үүргийн дагуу гэрээг цуцалсан. Улсын бүртгэлийн хэлтэс шүүхийн маргаантай байгаа учраас гэрчилгээ өгөх боломжгүй гэж байна. “С” ХХК-тай холбоотой иргэний хэргийн маргаанд 703 тоот байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Тэгэхээр энэ дээр маргаан гэх асуудал байхгүй болохоор эрх ашиг нь хөндөгдөөд байгаа Б.Б-ны гэрчилгээг гаргаж өгөхийг, даалгахыг дэмжиж байна гэв.
3.9. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5 эзэнтэй, 1 байрны маргаан явж байгаа. Байрны ордер “С” ХХК-ийн нэр дээр байгаа. Анхны захиалагч Д.О-тай гэрээ байгуулж, 120-оод сая төгрөг авсан байдаг. Энэ мөнгө Ц.Оюунбатын данс руу орсон. Үүнийг мэдсээр байж дахиад нэхэмжлэгч Б.Баярсайханаас 220-оод сая төгрөг авсан. Компанийн дээр байгаа 724 м.кв талбайг Ц.О, Ц.Мө нар бид эзэмших ёстой нэхэмжилж байгаа учраас улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг зөв гэж үзэж байна. Б.Ба нь “С” ХХК-тай гэрээ байгуулаагүй. Би зөвшөөрөл өгөөгүй, надаас зөвшөөрөл аваагүй. Б.Б-д маргаан бүхий орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэв.
3.10. Гуравдагч этгээд З.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ны нэхэмжилж байгаа орон сууц буюу байрыг анх Д.О “С” ХХК-тай гэрээ хийсэн. Давхар Д.О бид хоёр гэрээ байгуулж байрны 70%-ийн төлбөр болох 120-оод сая төгрөгийг Д.О-р дамжуулан Ц.О-н данс руу орсон. “С” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 703 тоот байрны гэрээг шинэчлээд авна гэдгийг би Ц.О-д хэлсэн. Ц.О хэд хоногоос ирээд надтай гэрээгээ хийнэ гэж байсан. Гэрээ хийнэ гэдэгт нь итгээд явж байтал өөр хүнд зарсан байсан. Тийм учраас би энэ байраа авна гэсэн итгэлтэй байгаа гэв.
3.11. Гуравдагч этгээд Ц.О Ц.М нарын өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Б.Б хамтран ажиллах гэрээний дагуу, тухайн барилгыг захиран зарцуулах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, төлбөрөө 100% төлж, тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандсан. Тухайн орон сууцыг Ц.О Ц.М нар нэхэмжлэлээсээ багасгаж, хассан. Улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэв.
3.12. Гуравдагч этгээд Д.О-н өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нэхэмжлэлийн шаардлага нь Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, тоотод хаягт байршилтай 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гаргасан. Уг орон сууц дээр 2022.11.11-ний өдөр орон сууц захиалагчийн гэрээ, “С” ХХК-тай Д.О байгуулсан. Энэ гэрээ өнөөдрийн байдлаар ямар нэгэн хүчингүйд тооцох ч юм уу, хөдөлгөөн орсон зүйл байхгүй. Д.О нь энэ байрыг З.Д гэх хүнд шилжүүлээд, шууд үлдсэн мөнгөний хамт Ц.О дээр дагуулж очоод тохиролцсон. 2 хоногийн дараа ирээд гэрээ байгуулж болно гэж энэ 3 хүний дунд гэрээ байгуулах тохиролцоо бүрдсэн байдаг. Гэтэл уг орон сууц Б.Б-д зарагдсан. Энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байна. Иргэний хэргийн маргаан, захиргааны хэргийн маргаан хуулийн байгууллагад маргаантай байгаа учраас улсын бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байгаа үйл явдал хуульд нийцсэн гэв.
3.13. Гуравдагч этгээд З.Д-н өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “С” ХХК-ийн барьсан Гэгээрлийн гудамжны 1 тоот, 71.46 м.кв байрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх, бүртгэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэхээс татгалзсан татгалзал Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасанд нийцсэн. Маргаан бүхий орон сууцтай холбоотой асуудлаар анхан шатны шүүхэд маргаантай байгаа. Анх компанитай гэрээ байгуулсан Д.О-н эрх ашиг хөндөгдөөд, түүний цаана мөнгийг өгчихсөн. Гэрээ хүчин төгөлдөр байгаад байхад, дараагийн хүнийг бүртгүүлнэ гээд явж байдаг. Энэ бүх үйлдлүүд хууль бус. Сайхан хотхоны 703 тоот байрны өмчлөгчийн маргаантай явж байгаа. Орон сууц эзэмшигчтэй хийсэн 2 гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүний цаана өмчлөлийн маргаантай гэдэг нь харагдаж байна. “С” ХХК-тай хамтран ажиллах гэрээний талаар бусад этгээдтэй маргасан.. Шүүх дээр 2 иргэний хэрэг, түдгэлзсэн хэргийг сэргэсний дараа өмчлөлийн асуудал яригдана. Шүүхэд маргаан бүхий тоот, 71.46 м.кв орон сууцны өмчлөлийн маргаан явж байгаа тохиолдолд уг байрны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Д.О, гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч Х.Ч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд
1.1. Гуравдагч этгээд Д.О өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн. (2 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал)
1.2. Нэхэмжлэгч Б.Б болон гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч Х.Ч нарт шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. (2 дугаар хавтаст хэргийн 102-103, 105, 107 дахь тал)
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж, 91.2.-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ.
1.4. Нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч Х.Ч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нөхцөл байдал, хариуцагч талаас нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан мөн гуравдагч этгээд Д.О-н гаргасан шүүх хуралдаанаар хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1., 91.2.-т тус тус зааснаар тэдний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийн тухайд
2.1. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 9/205 дугаар албан бичгээр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж-1, 107/1 тоот хаягт байршилтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар болон “С” ХХК-ийн хооронд үүссэн хэрэг маргаан Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа тул таны худалдаж авсан Гэгээрлийн гудамж-1, 107/1 дүгээр байрны тоот хаягт байршилтай 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д заасны дагуу уг маргааныг шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл бүртгэх боломжгүй” гэсэн хариуг Б.Баярсайханд хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
Гурав. Тогтоогдсон үйл баримтын тухайд
3.1. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.О-с “С” ХХК-д холбогдуулан “Хариуцагчаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,829,000,000 гаргуулах, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Сайхан хотхон” 56 айлын орон сууц, үйлчилгээтэй орон сууцны 1561 м.кв талбайн /нийт үнэлгээ 4,340,296,500 /дөрвөн тэрбум гурван зуун дөчин сая хоёр зуун ерэн зургаан мянга таван зуун төгрөг/ өмчлөгчөөр иргэн Ц.О-г тогтоолгох, 150 м.кв талбайтай авто зогсоол /нийт үнэлгээ 272,727,150 үнэлгээ, өмчлөгчөөр иргэн Ц.О-г тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг, 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.М-с “С” ХХК-д холбогдуулан “Хариуцагчаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,420,381,715 төгрөг гаргуулах, Архангай аймгийн 107/1 “Сайхан хотхон” 56 айлын орон сууц, үйлчилгээтэй орон сууцны 1384 м.кв /нийт үнэлгээ 4,087,672,500 төгрөг/ өмчлөгчөөр иргэн Ц.М-г тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж, уг шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 129/ШЗ2024/00630, 129/ШЗ2024/00641 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШЗ2024/001046 дугаартай шүүгчийн захирамжаар нэгтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 68-73, 78-81 дахь тал)
3.2. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.6.16-ны өдрийн “Архангай аймаг дахь сум дундын шүүхийн татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх тухай” 314/ЗТ2026/0150 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Ц.М Ц.О нарын нэхэмжлэлтэй “С” ХХК, Н.Б нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Архангай аймаг дахь сум дундын шүүхийг татгалзан гаргах нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-н гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж”, Архангай аймаг дахь сум дундын шүүхээс дээрх иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 210-213 дахь тал)
3.3. Иргэн Д.О нь Ц.О-тай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалагчтай хийх” гэрээ байгуулж, уг гэрээгээр Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байршилтай 7 давхар, С тоот, 3 өрөө, 69.2 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 96-101 дэх тал)
3.4. Д.О-с байр урьдчилгаа утгаар 12,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, сайхан хотхон байрны урьдчилгаа 7-3 тоот Ою-с утгаар 20,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, Сайхан хотхон 1 орц 7 давхар С тоот, 3 өрөө байр нэмэлт төлбөр О-с утгаар 50,000,000 төгрөгийг Ц.Оюунбатад шилжүүлсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал)
3.5. Д.О З.Ду нар 2022 оны 11 дүгээр сарын 11-нд байгуулсан гэрээнд “Д овогтой О миний бие 2022 оны 11-р сарын 11-нд өөрийн нэр дээр гэрээлсэн "Сайхан тэрх" хотхоны 7 давхрын С дугаарын 3 өрөө байр 1 м.кв нь 2500000 төгрөг нийт 69,2 м.кв үнэ 173 саяын гэрээг мөнгөний боломжгүйгээс 3.Д эгчид шилжүүлэхээр тохиролцов. Д эгч О миний 5135277779 тоот данс руу эхний ээлжид З0 хувь 52 сая төгрөгийг хийх, цаашид энэ мэтчилэн мөнгөө хийснийг Д.О барилгын эзэн Ц.О-ийн дансанд тухай бүр нь шилжүүлж байх, Үл хөдлөхийн гэрчилгээг З.Д эгчийн нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцон гэрээ байгуулав.” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал)
3.6. Иргэн З.Д-с Д.О-д холбогдуулан гаргасан “122,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШЗ2024/01391 дүгээр шүүгчийн захирамж иргэний хэрэг үүсгэж, уг иргэний хэрэгт 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШЗ2024/02323 дугаар шүүгчийн захирамжаар Ц.О-г хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. (1 дүгээр хавтаст 221-222 дахь тал)
3.7. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 129/ШЗ2024/02888 дугаар шүүгчийн захирамжаар “Архангай аймгийн Прокурорын газарт хянагдаж байгаа 241200067 дугаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл” гэх үндэслэлээр тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал)
3.8. Иргэн Б.Б, төслийн менежер Ц.Э нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээ байгуулж, уг гэрээгээр Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж -1, 107/1 дүгээр орон сууцны тоот 71.46 м.кв орон сууцыг захиалжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал)
3.9. Дээрх гэрээний дагуу 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 100,000,000 төгрөгийг Ц.М-н 5166048562 тоот данс руу, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 110,807,000 төгрөгийг Ц.О данс руу, нийт 210,807,000 төгрөг шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал)
3.10. Иргэн Б.Б нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан бөгөөд тус хэлтсээс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 9/205 дугаар албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
Дөрөв. “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1, 107/1 “Сайхан хотхон” 107 дугаар байрны тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлагын тухайд
4.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... миний хувьд анх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаж, нүүж орсны дараа гүйцэтгэгчээс шаардлагатай бүх бичиг баримтуудыг авч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хүсэхэд миний өмчлөлийн орон сууцны өмчлөгч, эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Эд хөрөнгө өөрийн өмчлөлдөө авах, түүнийгээ баталгаажуулах, захиран зарцуулах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаагаас эрх ашигт хохирол учраад байна...” гэж тайлбарлаж байна.
4.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Гэгээрлийн гудамж-1 107/1 байрны орон сууц, зогсоол, үйлчилгээний барилгын өмчлөлтэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад тоот 71,46 м.кв 3 өрөө орон сууц байгаа болно. Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь маргаантай, тодорхой бус эрх зүйн байдалд байна...” гэж тайлбарлажээ.
4.3. Анх иргэн Д.О нь Ц.О-ттай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалагчтай хийх” гэрээ байгуулж, уг гэрээгээр Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах, бүрэн цутгамал хийцтэй, 9 давхар, 56 айлын орон сууцнаас өрөө, 69.2 м.кв талбайтай орон сууц худалдах авахаар тохиролцсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 37-39 дэх тал)
4.4. Д.О нь худалдан авсан дээрх орон сууцны төлбөрийг төлөхдөө иргэн З.Д-тэй 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “... үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг З.Д-н нэр дээр гаргаж өгөхөөр тохироолцон...” гэсэн нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулж, Ц.О-н данс руу зохих төлбөрийг шилжүүлсэн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд уг орон сууц бодитоор Д.О-н эзэмшил, ашиглалтад шилжээгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 41-46 дахь тал)
4.5. Улмаар З.Д-с “... 2022 оны 11 дүгээр сард Д.О надад гоё байрлалтай орон сууц баригдаж байгаа. Би тухайн байрнаас 7 давхарт 69.2 м.кв талбайтай 3 өрөө байрыг авахаар гэрээ байгуулсан. Надад тухайн байрыг авах мөнгө байхгүй. Та тэр байрыг аваач гэж гуйхаар нь би хүлээн зөвшөөрсөн. Барилга баригдаж ашиглалтад ороход байрны гэрчилгээг З.Д миний нэр дээр гаргаж өгөх тохиролцоо хийж гэрээ байгуулсан. Д.О-д 3 удаагийн шилжүүлгээр 122,000,000 төгрөг өгсөн. Би байр, мөнгөө аваагүй хохирсон...” гэсэн үндэслэлээр иргэн Д.О, Ц.О нарт холбогдуулан иргэн Ц.О-с 73,000,000 төгрөг, иргэн Д.О-с 49,000,000 төгрөг, нийт 122,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. (2 дугаар хавтаст хэргийн 217-218 дахь тал)
4.6. Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2412000670319 дүгээр тогтоолоор “хэрэг бүртгэлийн 241200067 дугаартай, Д.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.” (2 дугаар хавтаст хэргийн 223-226 дахь тал)
4.7. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 129/ШЗ2024/02888 дугаар шүүгчийн захирамжаар “Архангай аймгийн Прокурорын газарт хянагдаж буй Д.О-д холбогдох 241200067 дугаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан үндэслэлээр З.Д-н нэхэмжлэлтэй Ц.О Д.О нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал)
4.8. З.Д-н нэхэмжлэлтэй Ц.О, Д.О нарт холбогдох иргэний эрх зүйн маргааны үндэс болж буй 9 давхар, 56 айлын орон сууцнаас 7 дугаар давхарт 3 өрөө, 69.2 м.кв талбайтай орон сууц нь иргэн Б.Б-ны бодит эзэмшилд шилжсэн байна.
4.9. Тодруулбал иргэн Б.Б, Ц.Э нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээ байгуулж, уг гэрээгээр Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж -1, 107/1 дүгээр орон сууцны тоот, 3 өрөө, 71.46 м.кв орон сууцыг Б.Баярсайхан захиалсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал)
4.10. Дээрх гэрээний дагуу 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 100,000,000 төгрөгийг Ц.М-н 5166048562 тоот данс руу, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 110,807,000 төгрөгийг Ц.О данс руу, нийт 210,807,000 төгрөг шилжүүлж, тэрээр уг дээрх орон сууцанд амьдарч, бодитоор өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан. (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал)
4.11. Гэвч “С” ХХК нь Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж -1, 107/1 дүгээр орон сууцны 7 давхрын тоот, 3 өрөө, 71.46 м.кв орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хууль ёсны өмлөгч болох нь “улсын бүртгэлийн дугаар эд хөрөнгийн хэмжээ 721.64 м.кв, эд хөрөнгийн зориулалт орон сууц, үйлчилгээ, авто зогсоол, хаяг байршил” Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж 1, 107 орон сууц тоот” гэсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон “С ХХК нь Эрдэнэбулган сумын тоот хаягт байршилтай 721.64 м.кв талбайтай, орон сууц үйлчилгээ, авто зогсоол зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн 001121794 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 58, 92 дахь тал)
4.12. Иргэн Ц.О, Ц.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК, иргэн Н.Б нарт холбогдох иргэний эрх зүйн маргааны тухайд
4.13. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж, уг шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 129/ШЗ2024/00630, 129/ШЗ2024/00641 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн Ц.О Ц.М нараас нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШЗ2024/001046 дугаартай шүүгчийн захирамжаар нэгтгэн, одоо Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар хэргийн оролцогч тайлбарлаж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 68-73, 78-81 дахь тал)
4.14. Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн тооцоогүй, дараах айлуудын нийт 475.85 м.кв-ыг нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгах хүсэлтэй байна. Үүнд: Зоригтын До-н худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын тоот 61.52 м.кв орон сууц, Т.М-н худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 107/1 дүгээр байрны 606 тоот 71.46 м.кв орон сууц, Б.Б-ны худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын тоот 71.46 м.кв орон сууц, Т.Ж-н худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын тоот 85.23 м.кв орон сууц, Н.Отгонбаярын худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын тоот 71.46 м.кв орон сууц, Ш.Т-н худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 57.36 м.кв орон сууц, А.Б-н худалдан авсан Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, тоот 57.36 м.кв орон сууц...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал)
4.15. “Сайхан тэрх” ХХК-иас Ц.М Ц.О нарт холбогдуулан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Хариуцагч нараас 394,443,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг гэгээрлийн 1 гудамж 107 орон сууц хаягтай, улсын бүртгэлийн тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий нийт 721.64 м.кв талбайн зарим хэсэг болох талбайтай зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 202-206 дахь тал)
4.16. Нэхэмжлэгч Ц.М Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-с дээрх сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дэх тал)
4.17. Дээрхийг нэгтгэн үзвэл маргаан бүхий Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 3 өрөө, 71.46 м.кв орон сууцтай холбоотой иргэний эрх зүйн маргаан Архангай аймаг дахь сум дундын шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
4.18. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” гээд, 4.1.4.-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд, 20.1.14.-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх.” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:” гээд, 29.1.5.-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа;” гэж тус тус заажээ.
4.19. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 9/205 дугаар албан бичгээр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж -1, 107/1 тоот хаягт байршилтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар болон “С” ХХК-ийн хооронд үүссэн хэрэг маргаан Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа тул таны худалдаж авсан Гэгээрлийн гудамж-1 тоот хаягт байршилтай 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д заасны дагуу уг маргааныг шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл бүртгэх боломжгүй” гэсэн татгалзсан хариуг иргэн Б.Ба-д хүргүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчим, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д заасантай тус тус нийцэж байх тул улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
4.20. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэгчид хориглосон нөхцөл байдал бий болсон мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар үндэслэл бүрдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагаас “Эрдэнэбулган сумын тоот, 3 өрөө, 71.46 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Б.Б-ны нэр дээр гаргаж өгөхөөс татгалзсан эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
4.21. Захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлж бүртгэл хийхээс хуульд заасан үндэслэлээр татгалзсан учир Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг” хариуцагчид даалгах үндэслэлгүй.
4.22. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14., 106.5.-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Б-с хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА