Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/06

 

Б.Э,,,,,,д холбогдох  эрүүгийн

хэргийн талаар   

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

 

          Прокурор                                                                     Б.С........

          Шүүгдэгч                                                                      Б.Э.........

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.Э..........

                                                                                                Б.Б............ /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Э......., түүний өмгөөлөгч Б.Э......... нарын давж заалдах гомдлоор Б.Э..........д холбогдох 2423000040113 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Завхан аймгийн ......... ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...... овогт .........ын .........., /регистрийн дугаар ........./

Шүүгдэгч Б.Э.......... нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн 7 төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж болох нийт 27,308,778 /хорин долоон сая гурван зуун найман мянга долоон зуун далан найм/ төгрөгийг олгохдоо улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй .......гийн ..........д 3,901,254 /гурван сая есөн зуун нэг мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч .......... овогт...........ын .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Э........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э........ оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э....... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э.........д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах 2 /хоёр/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч Б.Э.......... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э........, түүний өмгөөлөгч Б.Э.......... нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: …шийтгэх тогтоолоор нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, сард 900000 төгрөгөөр төлөхөөр тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлж болохоор зохицуулсан бөгөөд нийтийн албанд ажиллах эрхийг хассантай холбогдуулан сард төлөх төлөлт нь өндөр байх тул 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э........ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт цалин хөлс, бусад орлого боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан байгаа. Б.Э........йн хувьд, ажлаас чөлөөлөгдөх нөхцөл бүрдэж байгаа. Сард 900.000 мянган төгрөгийн торгуул төлөхөөс, түүний хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, тийм учраас Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Өөрөөр хэлбэл, хэргийн улмаас ажил төрлөөсөө гарсан, торгох ял нь төлөгдөөгүй тохиолдолд, хорих ялаар солигдох учраас гомдол гаргасан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд, 6 сарын дотор торгох ялыг  хэсэгчлэн төлөх боломжгүй байгаа. Ажлаасаа гарсан учраас 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөх нөхцөлөөр хангаад өгөөч, гэм буруу дээрээ маргахгүй, хэсэгчлэн төлөх хугацааг 3 жилээр тогтоогоод өгөөч. Прокурор энэ тал дээр зөвшөөрч байна гэв.

Прокурор Б.С.......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тухайн хэрэг дээр шалгавал зохих асуудлыг шалгаж тогтоосон гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс Б.Э............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байгаа. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт...  тухайн шүүгдэгчийн хөрөнгө, орлогын нөхцөл байдал боломжийг харгалзаад, 3 хүртэл жилийн хугацаагаар төлж болно гэж зохицуулсан байгаа учраас, миний тухайд 2 жилийн хугацаанд хэсэгчилсэн байдлаар торгох ялыг төлөөд явахад татгалзах зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Э........ нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн 7 төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж болох нийт 27,308,778 /хорин долоон сая гурван зуун найман мянга долоон зуун далан найм/ төгрөгийг олгохдоо улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй .........гийн ........д 3,901,254 (гурван сая есөн зуун нэг мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтаар

- Гэрч Ж.Х........ын “... Завхан аймгийн ерөнхий санхүүч Б..........н ........ нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улс төрийн албан тушаалтны нэг удаагийн тэтгэмж болох 3,901,254 төгрөгийг 2022.10.03-ны өдөр иргэн ........ овогтой ........ данс руу хийсэн байсан. Энэ .... нь Улаанбаатар хотод цагдаагаар ажилладаг гэсэн бөгөөд Завхан аймагт улс төрийн албан тушаал хашиж байгаагүй. Ш.......... нь болохоор Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор ......ын ........ын хүүхэд юм. Тэгэхээр энэ асуудлыг шалгуулахаар хандсан. ...Улс төрийн албан тушаалтанд олгох нэг удаагийн тэтгэмж нь 2021 оны аймгийн төсөвт тусгагдсан. Төсөвт нийт 920,000,000 төгрөг тусгагдсан бөгөөд энэ мөнгийг хэрхэн олгосон талаар шалгуулахыг хүсэж байна. Улс төрийн албан тушаалтан болон багийн засаг дарга 116, сумын засаг дарга 24, сумын иргэдийн төлөөлөгчдийн дарга 24, сумдын засаг даргын орлогч 24, аймгийн засаг дарга, аймгийн орлогч дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт олгодог. Багийн засаг дарга нарт 3,9 сая, сумын орлогч дарга нарт 4,2 сая, сумын засаг дарга, хурлын дарга нарт 4,7 сая, аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга нарын цалин нь төрийн өндөр албан тушаалтан гэдгээр нууцын зэрэглэлтэй байдаг учир хэдэн төгрөг олгосон талаар мэдэхгүй. Өөр шалгуулах зүйл одоогоор байхгүй байна. ...Ш.Ч..... мөнгө шилжүүлсэн асуудлыг 2023 оны 03 дугаар сард мэдсэн бөгөөд мэдсэн шалтгаан нь 2022 оны жилийн эцсийн архивын баримтуудыг үдэж архивлахад би гарын үсэг зурахдаа мэдсэн. 2015.06.15-ны өдөр Завхан аймгийн Төрийн сангийн ...............0 гэсэн данснаас 23 сая төгрөгийг “...........” ХХК-ийн данс руу Завхан аймгийн Ерөнхий санхүүч Б.Э.......... шилжүүлсэн асуудлыг би 2023 оны 09 дүгээр сард мэдсэн бөгөөд архивын баримтыг харж байж мэдсэн. Тухайн үед нь аймгийн ерөнхий санхүүч ......... анхааруулж хэлсэн бөгөөд ийм асуудал байхгүй, ийм зүйл болоогүй гэж байсан. ...Надад бусдад өс санасан зүйл байхгүй. Ерөнхий санхүүч ....... гаргасан асуудлын талаар тухайн үеийн Засаг дарга ........., орлогч дарга ......., төрийн захиргааны хэлтсийн дарга ......... нарт хэлж байсан. Засаг даргын тамгын газрын дарга ......... би 2023 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхийн өмнө хэлсэн. ...Энэ асуудлууд эрт мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл дотоод хяналтын мэргэжилтэн Р.Н..........нь манай мэргэжилтнүүдийн хуулга харах эрхийг хязгаарласан учир мэдэгдэх боломжгүй байсан. Р.На.......... би хуулга авчирч өгөхийг шаардахад өгөөгүй учир нь ерөнхий санхүүчтэй хуйвалдаж нуун дарагдуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч Т.Н...... “...Тухайн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн өргөдөлд дурдсан Ш.Ч........гэдэг хүн нь улс төрийн албан хаагч биш, тэгэхэд мөнгөн тэтгэмжийг олгосон байна гэх утгатай яриаг Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ...... надад хэлж байсан. Тэгээд тухайн гүйлгээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл бичиж байгаа гэхээр нь би тухайн гүйлгээг хийж гарын үсэг зурсан учраас миний зүгээс Авлигатай тэмцэх газарт шалгуулах нь зүйтэй гэж үзээд өргөдөлд гарын үсэг зурж хүргүүлж байсан. ...Миний гарын үсэг зурж 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн хүсэлт нь өөрөө жагсаалт буюу хэд хэдэн хүн лүү сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагч нарт олгох нэг удаагийн 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг өгөх төлбөрийн хүсэлт байгаа юм. Миний хувьд тухайн хүсэлтэд дурдагдсан хүмүүсийг огт танихгүй бөгөөд Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Б.Э......... нь тус жагсаалтыг үйлдэж, Завхан аймгийн Засаг дарга ............д танилцуулж батлуулсны үндсэн дээр би тус шийдвэрийг үндэслэж тухайн гүйлгээг хийсэн. Миний хувьд Ш.Ч........ гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй учраас улс төрийн албан хаагчдын нэг юм байна, мөн тус жагсаалтад дурдагдсан хүмүүс нь бүгдээрээ улс төрийн албан хаагчид юм байна гэж бодоод тухайн гүйлгээг хийсэн. Тэгтэл тус *******а гэх хүний талаар 2023 онд Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ............гаас сонсоход улс төрийн албан хаагч биш, мөнгөн тэтгэмжийг авах ёсгүй хүн байна гэж сонссоны үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөлд гарын үсэг зурсан. Би тус гүйлгээг хийхээр гарын үсэг зурж баталгаажуулсны дараа Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн ......... давхар хянаж, эцэслэсэн байдлаар дамжуулах нь зөв гэж үзсэний үндсэн дээр Сангийн яаманд хүргэгддэг. Мөн тухайн гүйлгээнд би гарын үсэг зурсан нь ерөнхий нягтлан бодогч ........., Засаг дарга .......... нар танилцаж гарын үсэг зурсан болохоор гүйлгээг хийхээр болсон. Миний хувьд бол эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн гүйлгээг хийж гүйцэтгэдэг болохоор дээрх гүйлгээний талаар нарийн зүйлсийг нь мэдэхгүй, зөвхөн гүйлгээг нь хийж өгч байсан...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч Д.М........... “...Сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж нь Сангийн яамнаас төлөвлөгөө гарч, Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас Санхүү, төрийн сангийн хэлтсээс улс төрийн албан хаагчдын тоогоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2022 оны төсөвт оруулж 910,000,000 төгрөгийг батлуулж байсан. Сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмжийн хүрээнд нийт албан тушаалын тоогоор нь төсвийг тооцож батлуулсан. Тэгтэл ......... гэх хүнийг багийн дарга гэх үндэслэлээр тэтгэмжийн мөнгийг олгосон байх бөгөөд тухайн хүн нь манай Завхан аймгийн 116 багийн дарга нарын дотор байдаггүй, багийн даргаар ажилладаггүй хүн байсан. Мөн тухайн ......... гэх хүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэмжийг 2022 оны 10 дугаар сард олгосон байсан. Энэ талаар хамгийн анх Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн ........... анх санхүүгийн анхан шатны баримтуудыг үзэж байгаад барагцаагаар 2023 оны 06 дугаар сарын үед мэдэж ахлах, дарга нарт танилцуулсан. Үүний дагуу Санхүү, төрийн сангийн хэлтсээс Дотоод хяналтын мэргэжилтнээс тухайн гүйлгээ хийгдсэн гэх дансны хуулгыг гаргаж өгөх талаар удаа дараа хандахад Дотоод хяналтын мэргэжилтэн .......... дансны хуулгыг хэвлэж өгөөгүй. Мөн миний бие өөрийн албан тушаалын хүрээнд Төрийн сангийн орлого, зарлагын дансны хуулгыг үзэх эрхтэй байдаг. Тэгтэл Дотоод хяналтын мэргэжилтэн .............., ерөнхий нягтлан бодогч.......... нар нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн эрх бүхий мэргэжилтнүүдийн Төрийн сангийн дансны хуулгыг харах эрхийг нь хязгаарласан байдаг. .............. ......... гэх хүн нь урд өмнө болон одоогийн байдлаар Завхан аймагт улс төрийн ямар нэгэн албан тушаалд огт ажиллаж байгаагүй, Завхан аймагт ч мөн төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй хүн байсан. Тухайн хүний төрсөн эх нь Завхан аймгийн Төрийн аудитын газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ......... гэх хүн байдаг бөгөөд өөрийн гэр бүлийн гишүүнээр дамжуулж Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч ........., Дотоод хяналтын мэргэжилтэн ......... нартай хамтарч тэтгэмжийн мөнгийг авсан гэж үзэж байгаа. ...Манай Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн .......... тухайн гүйлгээг хийсэн байсан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдын судалгааr гаргаж Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч ........... хүргүүлсний дагуу ............ нь тус судалгааг үндэслэж гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтийг засаг даргаар батлуулж тухайн баталсан төлбөрийн хүсэлтийг үндэслэж төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн гүйлгээг нь хийдэг...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч С.П.....н “...Миний бие тухайн хүсэлтэд дурдсан Ш.Ч........ гэх хүнд тэтгэмжийн мөнгийг шилжүүлсэн байна гэх асуудлыг 2023 оны 02 дугаар сарын үед өөрийн ажлын байрандаа 2022 онд хийгдсэн зарлагын гүйлгээ хийгдсэн гэх баримтуудыг архивлах зорилгоор нягталж шалгаж байх явцдаа Ш.Ч.........гэх хүнд улс төрийн алба хаагчдад сонгуулийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст олгох мөнгөн тэтгэмжийг олгосон талаар мэдсэн. Тухайн үед баримтыг нь харж байхад Ш.Ч.......ын нэр нь багийн засаг даргаар ажиллаж байсан улс төрийн албан тушаалтнуудад мөнгөн тэтгэмж олгох гүйлгээ хийгдсэн төлбөрийн баримтад нэр, дансны дугаар, шилжүүлж буй мөнгөн дүнг бичиж гүйлгээ хийгдсэн байсан. Миний бие өөрөө Ш.Ч.......г бөх гэдгээр нь таньдаг бөгөөд Ш.Ч.........а нь Завхан аймагт багийн дарга болон улс төрийн албан тушаал эрхэлдэггүй байсан болохоор тус мөнгөн тэтгэмж олгосон гүйлгээний талаар өөрийн дээд шатны албан тушаалтан болох Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Х........т мэдэгдсэн. Ж.Х......... нь тус гүйлгээг нягталж шалгаж тогтоох зорилгоор надаас гүйлгээний баримтыг хуулбарлан авч үлдэж байсан. Ж.Х....... дарга дансны хуулгыг гаргуулан авахаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн .........удаа дараа хандсан. Мөн ерөнхий нягтлан бодогч ......... удаа дараа хандсан боловч дансны хуулгыг нь гаргаж өгөхгүй байна гэж байсан. Мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо хариуцсан хоёр мэргэжилтэн, хэлтсийн дарга, төсвийн мэргэжилтэн ........., ерөнхий нягтлан бодогч ......... нар нь ямар нэгэн албажсан шийдвэргүйгээр нэвтрэх эрхийг хассан байсны үндсэн дээр Сангийн яаманд хандаж түүний Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. ...Би өөрөө аймгийн баяр наадмаар баяр наадам зохион байгуулах комисст орж ажилладаг. Ш.Ч........а нь Завхан аймагт төрсөн бөх гэдгээр нь танина. Ш.Ч..........  миний хувьд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мөн Ш.*******а нь Завхан аймагт оршин суудаггүй, улс төрийн албан тушаалд ажиллаж байгаагүй хүн байгаа юм. Ш.Ч........... ээж нь Завхан аймгийн Төрийн аудитын газарт аудитораар ажиллаж байсан ........л гэдэг хүн байдаг, одоо бол тэтгэвэртээ гарчихсан байгаа...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч Ш.Ч....... “..Би банк, Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшдэг. ....... банканд .......... дугаарын дансыг 2009 оноос хойш одоог хүртэл ашиглаж байна. .........н банкны .......... дугаарын дансыг 2016 оноос хойш ашиглаж байна. ...Миний банкны ......... дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,901,254 төгрөгийн орлого “Тэтгэмжийн мөнгө шилжүүлэв За. Засаг дарга” гэсэн утгаар шилжүүлсэн мөнгийг би яг сайн санахгүй байна. Харин Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас над руу үндэсний бөхөөр хичээллэдэг учир дэмжлэг туслалцаа гэж шилжүүлсэн байж магадгүй. ...Миний банкны ........дугаарын дансыг надаас өөр манай эхнэр ..........ны ....... хааяа мөнгө шилжүүлэх зорилгоор ашигладаг. Тэрнээс бол байнга ашиглаад байдаггүй. Би өөрөө өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг. ...Завхан аймгийн харьяат ........ын ....... бол манай Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж амьдардаг учир нэг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Тэрнээс ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй. .........ын .......... эгчийг яг хаана ажилладаг гэдгийг мэдэхгүй. .........ын ........ бол манай ээж юм. Манай ээж Д.О........... нь 2022 онд тэтгэвэрт гарсан... Би банкны ........ дугаарын данснаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,955,000 төгрөгийг “...........” гэсэн утгаар банкны ......... дугаарын дансанд шилжүүлснийг санахгүй байна. Ямар учраас шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй байна. ...Завхан аймагт ямар нэгэн улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаагүй. Би Завхан аймагт ажил хийж байгаагүй. ...Миний банкны ........ дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орсон 3,901,254 төгрөгийн орлогыг би өөрөө захиран зарцуулсан байх. Өөрийн дансанд орсон мөнгийг бусдын шийдвэрээр шилжүүлнэ гэж байхгүй. ... банкны ............. дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орсон 3,901,254 төгрөг нь 2020 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн алба хаагчдад олгосон тэтгэмж гэдгийг бол мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр,

 - Гэрч Д.Ч......н “...Миний нэр дээр банканд 4 данс, Голомт банканд 2 данс байдаг. банкны .......... гэсэн дансыг тогтмол ашигладаг бөгөөд бусад дансны дугаарыг цээжээр мэдэхгүй байна ямар ч байсан хадгаламжийн 2 данс байгаа. Голомт банканд зээлийн 2 данс байдаг бөгөөд дансны дугаарыг цээжээр мэдэхгүй байна. ...Завхан аймгийн харьяат ......... ............., ............ын ............, .........ын ........... гэх хүмүүсийг танихгүй. Би өөрөө олон хүнтэй харьцдаг учир тэр бүх хүмүүсийг санахгүй. Надаас хүнсний ногоо авч байсан хүмүүс байж магадгүй...  Миний банкны .......... дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,955,000 төгрөг “.........” гэсэн утгаар шилжүүлсэн мөнгө бол надаас хүнсний ногоо аваад мөнгө шилжүүлсэн байх гэж бодож байна. Би яг тэр гүйлгээг бол санахгүй байна. Эсвэл надаас хүнсний ногоо авсан хүн мөнгө бусдаар хийлгэсэн байж магадгүй. ...Би хүнтэй бол бараг харьцдаггүй. Над руу дандаа утсаар захиалга өгөөд түүнийг нь хүргэлтээр илгээдэг. Завхан аймар руу бол хүнсний ногоо захиалгаар илгээж байсан. Худалдан авагч нар тийм ногоо тийм хэмжээний гээд мөнгөө шилжүүлдэг. ...Миний банкны ............ дугаарын дансыг надаас өөр хүн эзэмшиж ашигладаггүй. Уг дансыг би өөрөө ашигладаг. Энэ дансаар би ногоо зарсан мөнгөө авдаг тогтмол ашигладаг данс юм...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч Д.........ын “...Завхан аймгийн харьяат ........ ............ нь Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн нягтлан бодогч, Ш.Ч........ манай хүү юм. Б.Э......... ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй. ...Манай хүү Ш.Ч........ нь Завхан аймагт ямар нэгэн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар хот руу явсан бөгөөд тэндээ ажиллаж амьдардаг. Завхан аймагт ажиллаж байгаагүй. ...Манай хүү Ш.Ч......... банкны ............ дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орсон 3,901,254 төгрөг Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн мөнгөний талаар мэднэ. Энэ мөнгийг би Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн нягтлан бодогч Б.Э.......... гуйж байгаад шилжүүлэн авсан. Тэгээд өгч чадахгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гараад өөрийн авсан тэтгэмжээсээ Засаг даргын тамгын газрын данс руу хийсэн. ...Тухайн үед манай 2 хүүхэд их сургууль төгсөх гээд мөнгөний хэрэг байсан. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн нягтлан бодогч Б.Э......... гуйж байгаад шилжүүлэн авсан. Манай хүү Ш.Ч............ банкны .......... дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орсон 3,901,254 төгрөг Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас шилжүүлэхэд тухайн үед Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Т........ мэдээгүй бөгөөд оролцсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч Р.........ийн “...Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүүгийн төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг бол сумын төрийн сангийн нэгжүүдэд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, аймгийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнүүдийн гүйлгээг баталгаажуулах гэсэн үндсэн чиг үүрэгтэй. ...Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүүгийн төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний хувьд би 2023 оны 01 дүгээр сард шинээр нэвтэрсэн “Төрийн сангийн цахим систем”-д Завхан аймгийн хэмжээнд дэд админы эрхтэй байдаг бөгөөд өөрийн хариуцсан аймагтаа систем буюу баримт бичгийн тохиргоо хийдэг. 2023 оноос өмнөх Төрийн сангийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа Freeblance программд бол надад админы эрх байхгүй Сангийн яам админы эрхтэй байсан. Тиймээс надад 2022 онд нэвтэрсэн “Төрийн сангийн Е хуулга”-д нэвтрэх эрхийг хязгаарлах эрх байхгүй. Харин “Төрийн сангийн Е хуулга” харах эрх олгох эрхтэй. Засаг даргын тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд нь өөрсдийн хариуцсан чиглэлээр дансны хуулгыг “Төрийн сангийн Е хуулга” системээс харах боломжтой. Тэрнээс би эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй. Хуучин ашиглаж байсан “Төрийн сангийн Е хуулга” системд аймаг даяараа нэг нэвтрэх нэр, нэг нууц үгээр нэвтэрч бүх гүйлгээг харах эрхтэй байсан. Жишээлбэл нэг сумын мэргэжилтэн аймгийн хэмжээний бүх төрийн сангийн гүйлгээг харах, төрийн байгууллагын гүйлгээг харах боломжтой байсан. Тэгээд Тагнуулын байгууллагаас Сангийн яаманд санал хүргүүлсний дагуу шинэ хөгжүүлэлтийн систем дээр админы эрх олгосон. Үүний дагуу би шинэ хэрэглэгчийн нэмэх бөгөөд хасах болон хязгаарлах эрх байхгүй. ...Төрийн сангийн аль данснаас авлага өглөг гарч орох асуудлыг ерөнхий санхүүч ............ мэддэг. ...Би төрийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаар ямар ч байгууллагын анхан шатны санхүүгийн баримтыг үзэх эрх байхгүй. Тухайн гүйлгээг хийж байгаа төлбөр тооцооны мэргэжилтэн үздэг. Надад ямар хүн хэдэн төгрөгийн тэтгэмж авч байгаа талаар мэдэх боломж байхгүй. Миний хувьд хяналтын хуудсанд баримт бичигдсэн эсэх, гүйлгээний утгаар зөв эдийн засгийн ангиллаас гарч байгаа эсэхийг хянадаг. ...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 7 албан тушаалтанд нийт 27,308,778 төгрөгийн тэтгэмж олгосноос 7 албан хаагч дунд ........ .......... /.........../-д 3,901,254 төгрөг олгосон талаар бол мэдэхгүй. Хэнд хэдэн төгрөг шилжүүлж байгаа гэдгийг төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн мэдэх боломжтой. Энэ асуудлаар 2023 оны 09 дүгээр сард гэж санаж байна Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж............ нь намайг ажлаа өгөхийн өмнө өрөөндөө дуудаад ерөнхий санхүүч Б.Э............ хуйвалдаж тэтгэмж авах ёсгүй ........... гэдэг хүн лүү мөнгө шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр би 1 дүгээрт: гүйлгээний анхан шатны баримт үзэх эрх байхгүй, үнэхээр авах ёсгүй хүн мөнгө авч байгаа бол төлбөр тооцооны мэргэжилтэн шилжүүлэхгүй гэх байсан гэдгийг хэлсэн. 2 дугаарт: би ямар хүн аль сумын, аль багт засаг дарга хийж байгааг мэдэхгүй гэдгээ хэлсэн. ............. .......... /...........-д тэтгэмжийн мөнгө шилжсэн гэдгийг 2023 оны 09 дүгээр сард ......... даргыг хэлэхэд мэдсэн. Тэрнээс надад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. ...Надад Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүдийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Надад хязгаарлах эрх байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

- Гэрч Д........ын “...Миний бие 2019 онд Завхан аймгийн Монгол Ардын Намын даргаар ажиллаж байгаад 2020 оны сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Засаг даргаар томилогдож 2023 оны 04 дүгээр сарыг хүртэл ажилласан. 2023 оны 04 дүгээр сараас хойш эрхэлсэн тодорхой ажилгүй байна. ...Миний бие Завхан аймгийн Засаг даргаар 2020 оны сонгуулийн үр дүнгээр томилогдож ажиллаж байгаад 2023 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр аймгийн Засаг даргын ажлаас бууж байсан. Яагаад гэвэл дараагийн залуу үеийнхэн Монгол Ардын Намын даргаар ажиллаж цаашдаа сонгуульд оролцог гэж бодоод өөрийн хүсэлтээр Монгол Ардын Намын даргын ажлыг хүлээлгэж өгсөн, үүнтэй холбоотойгоор мөн Завхан аймгийн Засаг даргын ажлыг хүлээлгэж өгч байсан. ...........н ........ нь Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий санхүүчээр ажилладаг,........ын ......... нь Завхан аймгийн аудитын газарт аудитор, ...........гийн ........... нь Завхан аймгийн харьяат бөх байгаа юм. Миний бие тухайн гурван хүнийг таньдаг, тэгэхдээ ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие тухайн хүмүүсийг ажил үүрэгтэй нь холбоотойгоор мөн Завхан аймагт ажилладаг гэдэг утгаар нь таньдаг. ...Намайг Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд бол ........ .......... нь Завхан аймаг болон бусад сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, багийн Засаг даргаар ажиллаж байгаагүй. Миний бие Завхан аймгийн Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхээ больсноос хойш тухайн хүнийг хаана, ямар ажил эрхэлж байгаа талаар нь мэдээгүй. ...Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн алба хаагчдад 2020 онд тэтгэмж олгогдсон. Тухайн тэтгэмжийн мөнгө нь Сангийн яамнаас олгогдож Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжиж ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчдад олгогдож байсан. Нийт хэдэн алба хаагчдад, нийт хэдэн төгрөг олгогдсон талаар сайн мэдэхгүй байна. ...Би Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төлбөрийн хүсэлтүүд дээр нэгдүгээр гарын үсэг зурж ажилладаг байсан. Тэгэхдээ төлбөрийн хүсэлтэд хаашаа, ямар зорилгоор мөнгө шилжүүлж байгаа талаар надад танилцуулахыг шаардаж ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор миний бие ........ ..........а гэх хүнд тэтгэмж олгохтой холбоотойгоор төлбөрийн даалгавар, хүсэлт дээр гарын үсэг зурж байгаагүй. Үнэхээр тэтгэмжийг олгосон бол төлбөрийн даалгаварт надаар гарын үсэг зуруулсны дараа тэтгэмж олгох иргэдийн нэрс бүхий хавсралтыг сольсон байж болох юм. Тэрнээс биш би өөрөө бол тухайн Ш.Ч........ тэтгэмж олгуулахаар гарын зурж зөвшөөрсөн зүйл байхгүй. ...Би Ш.Ч......... тэтгэмж олгосон гэх асуудлын талаар огт мэдэхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд Ш.Ч.........нь ямар нэгэн улс төрийн албан тушаал огт эрхэлж байгаагүй. ...Тийм зүйл огт байхгүй, би Ш.Ч.......... тэтгэмж өгөх талаар хэн нэгэн хүнтэй тохиролцсон ярилцсан зүйл огт байхгүй. ...Би төлбөрийн даалгавар дээр гарын үсэг зурахтай холбоотойгоор ....... .........оруулж ирсэн гэх жагсаалтыг үзээд үнэхээр тэтгэмж олгох ёстой алба тушаалтнуудын нэрс байна уу үгүй юу гэдгээр нь нэг бүрчлэн тулгаж үздэг байсан. Мөн тухайн үедээ тэтгэмж олгоход ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчдад олгох ёстой гэдэг үндэслэлээр үргэлжлүүлэн ажлаа хийж гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудад олгохгүй гэж нэг бүрчлэн нягталж үздэг байсан. ...Би нэр бүрчлэн нягталж үздэг байсан, төлбөрийн даалгаврын хавсралтыг солих боломжтой байдаг бөгөөд сольсон байна. Би ажиллаж байх хугацаандаа Ш.*******ад огт тэтгэмж олгож байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

- Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 206 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ш......... нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

- Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7/230 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2020 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн талаарх судалгаа, олгосон баримтууд,

- Завхан аймаг дахь банкны салбараас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 5495/24/0082 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ......... ......... банкны ........... тоот дансны хуулга,

- Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Б....... иргэн Ш.Ч.......... банкны ............ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Шүүгдэгч Б.Э.........н, түүний өмгөөлөгч Б.Э........... давж заалдах гомдолдоо ...нийтийн албанд ажиллах эрхийг хассантай холбогдуулан сард төлөх төлөлт өндөр байх тул сард төлөх торгуулийн мөнгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой байна. Иймд тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд ...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектыг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран төгсдөг гэмт хэрэг юм.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Э........ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Э.......... нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Ш.Ч......... албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн 3,901,254 төгрөгийг олгож бусдад давуу байдал бий болгожээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э......... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцэж байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э..... нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 900,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосныг түүний нийтийн албанд ажиллах эрхийг хассантай холбогдуулан сард төлөх мөнгөн дүн өндөр байх учир, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаагаар төлж болохоор зохицуулсныг харгалзан, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Б.Э....... өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх бүрэн боломжтой учир ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хууль тогтоогчоос шүүх заавал хэрэглэхийг үүрэг болгосон хуулийн зүйл, заалт биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...”6 /зургаа/ сарын” гэснийг “2 /хоёр/ жилийн“ гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э......... түүний өмгөөлөгч Б.Э........ нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.НАМХАЙДОРЖ