Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч О.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б овогт О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706000320364 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт О.М, 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71 дүгээр байрны 75 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЧМ87111934/,

Шүүгдэгч О.М нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна автомашины зогсоолын маргаанаас болж иргэн Э.Батзаяаг зодож  биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 1 сарын хугацаанд төлөх хугацаа олгож өгнө үү” гэв.

Хохирогч Э.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл тэр залуу машин руу хүрч ирээд онгорхой цонх руу татаж байсан тамхиа шидэхэд манай хүүхэд рүү унасан. Тэгээд би авч өөр рүү нь шидсэн...Тэгээд буугаад хоёулаа хоорондоо барьцалдсан. Тэгтэл 2-3 удаа намайг газар унагаасан. Тэгээд нэг ах гарч ирээд болиулсан...Тэгээд би тоогоогүй цааш явж орцныхоо үүдэн дээр машинаа тавьтал нөгөө нөхөр чинь цаагуур буцаж ирээд намайг ахиад л хэл амаар доромжилсон. Тэгээд бууж ирэхээр нь манай эхнэр буугаад одоо болио чи гэж хэлтэл манай эхнэрийн гэдэс рүү 1 удаа цохьсон. Тэгээд би буугаад тэр залуутай зодолдсон. Намайг нэлээд хэдэн удаа нүүр рүү толгойн тус газар руу цохьсон. Би ч бас тэр залууг 2-3 удаа цохьсон. Тэгээд нэг мэдэхэд би газар хараад л унасан байсан. Тэгээд эхнэр 102 дуудсан...” гэх мэдүүлэг. /хх-10-12/,

Яллагдагч О.М мэдүүлэхдээ: “...Тэгсэн тэр залуу намайг ардаас дагаад ир гэхээр нь би машинтай ардаас нь дагаж очсон чинь тэр залуу машинаасаа бууж ирсэн, би ч бас машинаасаа бууж очтол тэр хүн миний урдаас бууж ирэхээр нь нүүрэн тус  газар нь гараараа нэг удаа цохитол тэр залуу ч бас миний нүүрэн тус газар цохих гэж оролдсон боловч намайг оноогүй бөгөөд надад цохиулаад унасан чинь тэр орчим явж байсан хүүхнүүд над руу ойртоод ирэхээр нь би явсан. Ийм зүйл болсон ...” гэх мэдүүлэг. /хх-10/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №476 тоот дүгнэлтэд: 

  1. Э.Батзаяагийн биед тархи доргилт, зовхины няцарсан шарх, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-25/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.М нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна автомашины зогсоолын маргаанаас болж иргэн Э.Батзаяаг зодож  биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирогч Э.Батзаяа нь гэм буруутай этгээдээс нийт 220.000 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.М-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.М-с 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Батзаяад олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР