Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Г.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х овогт Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706022100424 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Г.Э, 1961 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “ВЛАТАС” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 10 дугаар байрны комендантаар ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар байрны 4 дүгээр орцны 60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЧС61112161/,

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар байрны орцонд иргэн Ц.Уранчимэгтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон 450 нэгжийн торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч Ц.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний гар утсыг булааж аваад 4 давхар руу шидээд...над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалсан...шүүрээрээ толгой, нүүр нүдгүй балбаж зодоод одоо миний толгой өвдөөд, хумс хугарч гар янгинаж өвдөөд, баруун чихний ард хөхөрч  хөндүүртэй өвдөөд байна. “...миний хоолой хүзүүг самардаж урах үедээ Э нь давхар татаж цамцны захны хоолойн доод энгэр хэсэгт цоорсон бөгөөд тухайн үед цамцныхаа зураг болон зүүн гарын хумс ховхорсон зургаа авхуулсан...” гэх мэдүүлэг. /хх-14-15/,

Гэрч Ө.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уранчимэг байрны комендант Э хоёр 5 давхрын шатан дээр хоорондоо маргалдаад, Э нь манай эхнэр Уранчимэгийн өмсөж явсан ноолууран цамцны энгэр хэсгээс заамдаад толгойг нь доош тонгойлгоод дарчихсан, толгойн хэсэг рүү нь гаараараа цохиод зогсож байх үед нь би больцгоо гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг. /хх-17/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12307 тоот дүгнэлтэд: 

  1. Ц.Уранчимэгийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-25/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар байрны орцонд иргэн Ц.Уранчимэгтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Уранчимэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Э-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР