Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/18

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******          

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 519 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418000000571 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дархан их дэлгүүрийн гадна автомашины зогсоолд байрлуулсан иргэн *******-******* эзэмшлийн *******-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэлэн хувцас, эд зүйл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******5.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- овогт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 09 /есөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 09 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 16 хоногийг хорих ялын 16 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

-Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол байхгүй, бага насны 5 хүүхэдтэй тул ялаас хөнгөлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би бага насны 5 хүүхэдтэй, 2 хүүхэд маань ихэр, эхнэр маань ажилгүй тул хорих ялаас үлдсэн хугацааг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгч ******* холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Шүүгдэгч ******* нь 2- насны 5 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, хадам ээжтэйгээ наймуулаа амьдардаг. Шүүгдэгч нь мужаан мэргэжилтэй, барилгын ажил хийж ам бүлээ тэжээн тэтгэдэг. Иймд шүүгдэгч ******* ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзах ёстой. Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан их дэлгүүрийн гадна автомашины зогсоолд байрлуулсан иргэн *******-******* эзэмшлийн *******-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэлэн хувцас, эд зүйл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******5.400 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийнх нь гэмт үйлдлээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******-Эрдэнэ, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “ ” ХХК-ийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч ******* үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв  байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох ялаас хорих ялыг сонгон 09 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдалд тохирсон байна.

Гэхдээ шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хулгайлсан эд зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгсөн, гэмт хэргийн улмаас төлөгдөх хохирол төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй гэсэн, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, ойлгож байгаа байдал, түүний ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй талаарх заалтыг тусгалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд нэмж оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 519 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5 дахь заалтыг:

-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

“-5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                        Б.МАНЛАЙБААТАР

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ