Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                     Хэргийн индекс: 114/2016/0080/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ******* тоотод оршин суух Шарнууд овогт *******

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэлийг тогтоолгож, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар

тойргийн Нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                             Д.*******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                    Б.Содболд

            Хариуцагч:                                                                Ч.Энхбат

            Гуравдагч этгээд:                                                    О.*******

                                                                                              Д.*******

            Гуравдагч этгээд Д.*******ын

            итгэмжлэгдсэн төлөөлөгч                                        И.Энхболд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг  нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

                                                                                                                                                                                               

            Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гарсны дагуу дахин сонгуульд бие даан нэр дэвшсэн. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна гэж заасны дагуу дахин сонгуулийн санал хураалтын ирц 50%-даа хүрээгүй 48.6 хувьтай байсан тул Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргаж нэмэлт санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах ёстой байсан боловч хууль зөрчиж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай “Санал хураалтын дүнгийн тухай” гэх тогтоол гаргаж Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.******* 869 санал, бие даан нэр дэвшигч О.******* 754 санал тус тус авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, төлөөлөгчийн түр үнэмлэх олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороо болон аймгийн Сонгуулийн хороонд тус тус бичгээр гомдол гаргасан боловч дахин сонгуулийн санал хураалтад ирц хамаарахгүй гэх тайлбарыг амаар болон бичгээр өгч гомдлыг маань үндэслэлгүй гэж үзэж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолынхоо дагуу Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.*******, О.******* нарт төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь гардуулсан. Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт сонгуулийн ирц хүрээгүйтэй холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдсан нэмэлт санал хураалтаар тус тойрогт Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн санал хураалтын дүн албан ёсоор санал тоолох машины албан ёсны баталгаажсан мэдээгээр гарч ирц 55.84%-тай, МАН-аас нэр дэвшигч Д.******* 894 санал, бие даагч О.******* 761 санал, Д.******* 850 санал авч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон.

            Гэтэл Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж илт хууль бус тогтоол гаргаж Д.******* миний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуульд оролцсон нэр дэвшигчид саналаа өгч болохгүй гэдэг ухуулга хийж саналын хуудсанд хяналт тавьж байсан нь эрх зүйт нийгэмд байх боломгүй хариуцлага бүдүүлэг үйлдэл гэж бодож байна.

            Иймд шүүх Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдлийг тогтоолгож, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойргийн Нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт Бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар дахин санал хураалт, дахин сонгууль ирц бол хамаагүй. Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6-р татгалзлаа тайлбарладаг.Сонгуулийн хорооны тайлбар хууль нийцэхгүй хэт хөнгөн тайлбар гаргаж байна. Дахин сонгууль, дахин санал хураалт хоёрын ялгааг гаргах ёстой. Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6 гэдэг бол дахин санал хураалтын ирцыг дахин санал хураалтанд оролцсон сонгогчын хувиар хүчинтэйд тооцно гээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний дахин санал хураалт 50 хувьдаа хүрээгүй ирцээр Д.*******, О.******* нарыг баталгаажуулах нь зүйтэй хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Сонгуулийн тухай хуульд дахин санал хураалт, дахин сонгууль гээд хоёр өөр ойлголт. Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйл дээр дахин сонгууль явуулах гэж байна. 10 дугаар сарын 19-ний өдөр гуравдугаар тойрогт дахин сонгууль явагдсан. Дахин сонгууль явуулах хоёрхон үндэслэл байгаа. 163.1.1 Сонгуулийн гаргасан дүн хүчингүй болсон. Маргаж байгаа асуудал энэ үндэслэлээр дахин сонгууль явагдсан. 163.1.2-т хуульд заасан бусад үндэслэлээр гэж заасан. 163.1.1-д заасны дагуу дахин сонгууль явагдсан. Энэ сонгуульд Д.******* бие дааж нэр дэвшсэн. 163.2 дээр дахин сонгуулийг ямар журмаар явуулах асуудлыг зохицуулж өгсөн. Бүх бүртгэл, сонгуулийн суртачилгаа эхнээсээ явагдаж 10 дугаар сарын 19-ний өдөр санал хураалт явагдсан. Дахин санал хураалт өөр ойлголт. Дахин санал хураалтыг Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйл дээр зохицуулж өгсөн. Дахин санал хураалт явуулахын тулд Сонгуулийн хуулийн 103.1-т заасан 5 үндэслэл бүрдсэн байхыг шаардаж байгаа. Дахин санал хураалт, дахин сонгууль хоёрыг ялгасан заалт Сонгуулийн тухай хуулийн 32.1.13-т зааж өгсөн. Сонгуулийн хороо дахин сонгууль, дахин санал хураалт хоёрын ялгааг гаргахгүйгээр 50 хувьдаа хүрээгүй ирцыг баталгаажуулж түр үнэмлэх олгоод нэхэмжлэгч Д.*******ын сонгогдох эрхэнд ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан. Санал хураалт ирцтэй хүрээгүй бол яах вэ гэдгийг сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйл дээр зохицуулаад өгчихсөн байгаа. 106 дугаар зүйлийн 106.1-д 50 хувьдаа хүрээгүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж зааж өгсөн. 10 дугаар сарын 19-ний дахин санал хураалтанд 50 хувьдаа хүрээгүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байгаа. Иймээс 50 хувьдаа хүрээгүй учраас 106 дугаар зүйлийн 106.1 дагуу нэмэлт санал хураалтын ажиллагаа явуулах шийдвэрийг Сонгуулийн хороо гаргах ёстой. Нэмэлт санал хураалт явуулаагүй нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус эс үйлдэхүй байна. Сонгуулийн хорооны эс үйлдэхүй 8 дугаар тогтоол нь Сонгуулийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан 4.4-г зөрчиж байна. Аймгийн Сонгуулийн хороо Д.*******ын эрхийг зөрчиж эс үйлдэхүй гаргаж байгаа нь Сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж байна. 20-ны өдөр 8 дугаар тогтоол гарахад нь миний үйлчлүүлэгч гомдол гаргасан боловч үүнийг хуулийн дагуу шийдвэрлээгүй. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлд санал тоолох гэдэг асуудал байгаа. Сонгуулийн хорооны дарга, сонгуулийн хорооны гишүүн нь хэн байснаас үл хамааран хэн нэгэн нь хууль зөрчсөнөөс үл хамааран хар машин санал тоолох ажиллагаа хуулийн дагуу хийсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар хар машинаас гарсан дүн бол тухайн сонгуулийн дүн байна. Сонгуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5-д санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна гэж зааж өгсөн. 99 дүгээр зүйлийн 99.1-д хүчингүйд тооцох  үндэслэлүүдийг зааж өгсөн байгаа. Мөн 100 дугаар зүйл санал хураалтын дүнг хүргүүлэх гэж байгаа. Энэ ажиллагаа явагдаад санал хураалтын дүн хүргэгдсэн. 23-ны өдөр нэмэлт санал хураалт явуулах ёстой байтал шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргасан боловч хар машин бол эс үйлдэхүй үйлдээгүй. Санал хураалтын дүнд өөрчлөлт орж хоёр дахь мандатаар Д.Дэдгэрбаяр сонгогдсон гэж үндэслэлтэй. 23-ны өдрийн нэмэлт санал хураалтанд аймгийн сонгуулийн дахин сонгуульд очиж санал өгсөн иргэд саналаа өгөөд саналын дүн өөрчлөгдөөд 850 саналаар Д.******* хоёр мандаттай тойрогт хоёрдугаар байранд орж сонгогдсон гэдэг нь хар машины дүнгээр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99.5, 100.1, 100.2-р энэ дүн баталгаатай байх нь гарцаагүй байх нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дагуу нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргах ёстой байсан сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэхүйг тогтоож 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн санал тоолох машинаас гарсан дүнгээр Д.******* 850 хүний саналаар Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойрогт 2 дугаар мандатаар  иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон дүнг баталгаажуулж иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож  шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаан дээр гарсан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 10 дугаар сарын 19-ний Сонгуулийн хорооны дүнг хүлээн зөвшөөрөхгүй 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар төлөөлөгч болсон гэж тайлбарлаж байна. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно” гэж байгаа. Тэгэхээр бид нар 19-ний дүнг албан ёсоор Сонгуулийн хороонд 9 гишүүнтэй хуралдаад 19-ний дүнг хүчинтэйд тооцож, тогтоолоо гаргаад өргөн барьсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль маань дөрвөн төрөлтэй байгаа. Дахин сонгууль маань тухайн тойрогт хүчингүй болгосон тойрог тус бүр дээр явуулж байгаа. 6 дугаар сарын 29-ний өдөр явуулсан ээлжит сонгуулиар ирц хүчин төгөлдөр болж миний бие хоёроор гарсан гэж хэлж байна. Өнгөрсөн 29-ний өдөр явуулсан ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгийн хэмжээнд Дархан сумын 3 дугаар тойрогт сонгуулийн ирц 71 хувьтай байсан. Манай Сонгуулийн хорооны барьж байгаа шийдвэрээр ээлжит сонгуулиар 71 хувь хүрсэн учраас дахин сонгуулиар заавал ирцыг 50 хувь хүргэх шаардлага байхгүй гэсэн чиглэл өгсний дагуу ийм шийдвэр гаргасан гэжээ.

 

Гуравдагч этгээд О.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн саналыг дэмжиж байна. Яагаад гэвэл би 19-ний сонгуульд ялалт байгуулаад түр үнэмлэхээ авчихсан байгаа 2 хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6-д “дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно”  гэж заасан байгаа. Үүний дагуу сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэл гаргагч тал нэмэлт санал хураалтаар сумын ээлжит сонгуулийн дүнтэй хутгаж зориуд ийм нэхэмжлэл гаргаж байна. Миний ч гэсэн эрх ашиг маш бүдүүлгээр зөрчигдөж байна гэв.

 

           Гуравдагч этгээд Д.******* шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Д.******* нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн 3 дугаар тойргийн санал хураалтын талаарх маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа боловч энэ нь надад ямар ч хамаагүй юм. Учир нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн 3 дугаар тойрогт 2 мандатын төлөө сонгууль явагдсан ба эхний мандатад Д.******* миний бие нь 869 /894/ хүний саналаар хууль ёсны дагуу аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогсон юм. Харин 2 дугаар мандатад өрсөлдсөн О.*******, Д.******* нарын хооронд маргаан буюу 2 дахь мандатын асуудлаар гомдол гаргаж байгаа тул намайг гуравдагч этгээдээр татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх шийдвэрээ гаргахдаа тухайн 3 дугаар тойргийн асуудлаар биш, зөвхөн маргаантай байгаа 2 дахь мандатын асуудлаар шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         1.Нэхэмжлэлийн ”Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”  шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар Тойрогт сонгуулийн дүнг хүчингүйд тооцох тухай” тогтоолын  2 дахь хэсгээр аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16 дугаар  тогтоолын 3 дахь хэсгийн Даваагийн *******,  *******  нарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон ба 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит  сонгуулийн Дархан сумын 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар зарлаж, санал авах өдрийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамтатган 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гэж тогтоожээ. 

 

            Нэхэмжлэгч Д.******* нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дахин сонгуульд Дархан сумын 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж тухайн тойргийн 745 сонгогчдын саналыг авсан нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн санал хураалтын машины дүнгийн хуудас, сонгуулийн хорооны 8 дугаар тогтоолуудаар тус тус нотлогдож байна.

            Нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байхад нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргаагүй, сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөрчсөн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

            Учир нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д сонгууль нь дараах төрөлтэй байна. 8.1.1.ээлжит:  8.1.2.ээлжит бус:  8.1.3.нөхөн:  8.1.4.дахин гэж  8 дугаар зүйлийн 8.6-д дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ: 8.6.3 орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит...сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг гэж тодорхойлсноос үзэхэд Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар “ Тойрогт сонгуулийн дүнг хүчингүйд тооцох тухай“, “Дахин сонгуулийн тов зарлах тухай” 19 дүгээр тогтоолуудын  дагуу  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн  Дархан сумын 3 дугаар тойрогт дахин сонгуулийн санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулан Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолоор Монгол улсын сонгуулийн тухай хууулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 32 дугаар зүйлийн 32.1.10, 32.1.11, 32.1.12, 161 дүгээр зүйлийн 161.1,161.3, 161.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Дархан сумын 3 дугаар тойргийн  сонгогчдын 869 санал авсан нэр дэвшигч Д.*******, сонгогчдын 754 санал авсан нэр дэвшигч О.******* нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь  Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 “Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно” 104 дүгээр зүйлийн 104.6 “ Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно” гэх хуулийн заалттай нийцжээ.

 

            Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 ”Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтанд оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэх хуулийн заалт нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 –д заасан дахин сонгуульд хамаарахгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дахин санал хураалтын 477,478 дугаар хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 3639 сонгогч бүртгэгдсэнээс  1700 сонгогч саналаа өгсөн 1700 сонгогчийн олонхи буюу 31.84 хувийн санал авсан Д.*******, 27.62 хувийн санал авсан О.******* нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6 “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцсэн тул Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

  

          2.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдлийг тогтоолгох” шаардлагын тухайд:

            Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоол гаргахдаа хууль зөрчөөгүй, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэхүй байгаа нь тогтоогдохгүй байгаа болно.

 

           3.Нэхэмжлэлийн “2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойргийн Нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлагын тухайд:

            Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт сонгуулийн ирц хүрээгүйтэй холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдсан нэмэлт санал хураалтаар тус тойрогт Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн санал хураалтын дүн албан ёсоор санал тоолох машины албан ёсны баталгаажсан мэдээгээр гарч ирц 55.84%-тай, МАН-аас нэр дэвшигч Д.******* 894 санал, бие даагч О.******* 761 санал, Д.******* 850 санал авч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль бус байна.

    Учир нь: Дархан-Уул аймаг Дархан сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар” Нэмэлт санал хураалтын тов тогтоох тухай” тогтоолын 1 дэх заалтаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтанд оролцоогүй хавсралтад дурдсан хэсгүүдэд нэмэлт санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ням гаригийн 07:00 цагаас 22:00 цагт явуулахаар тогтоосон ба хавсралтын 5,6-д  3 дугаар тойрог гэжээ.

            Гэтэл Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн  Дархан сумын 3 дугаар тойрогт явуулсан дахин сонгуулийн санал хураалтанд Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нэмэлт санал хураалт явуулах хууль зүйн үндэслэлгүй Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн саналын хуудас, Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн саналын хуудас нь А4 бичгийн цаасны 1 нүүрт хэвлэгдсэн байх бөгөөд энэхүү саналын хуудсаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын 2016 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг авч санал тоолох машин Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байсан Д.*******ын нэр дээр 105 сонгогч нэмэгдэж 850 сонгогч санал өгснөөр уншигдсан нь     Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргах үндэслэл биш юм.

           

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5,161 дүгээр зүйлийн 161.1,161.3, 161.4, 104 дүгээр зүйлийн 104.6-д заасныг тус тус баримтлан Д.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэлийг тогтоолгож, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойргийн Нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ