Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 29

 

“Н У Э” ХХК-ийн гомдолтой,

ШӨ ХТГ-ын улсын байцаагч П.Н-Э-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                               П.Соёл-Эрдэнэ
                                               Ч.Тунгалаг

      Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

      Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0618 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч З.С, хариуцагч П.Н-Э нарыг оролцуулж,

Хариуцагч П.Н-Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0618 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан “Н У Э” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ/2019/0618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх магадлалдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0618 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “Анхан шатны шүүх "... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, холбогдогчид хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлүүлээгүй, мэдэгдээгүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн.

5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Д, улсын байцаагч П.Н-Э нь “WW”-ийн худалдаа хариуцсан албаны дарга ажилтай, БЗД 21-р хороо, Бага дарь эх 3 гудамж, 1222 тоот хаягаар оршин суух Э овогтой А-т нь “Л” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны ногдуулсан болно.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, 1.2-т “шийтгэл оногдуулах” гэж заасны дагуу А-т нь “Л" гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны ногдуулснаар зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгасан.

7. Дээрх зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдогчид хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлүүлэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрт: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.” гэж зааснаар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна” гэж үндэслэн 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн тул 0059274 дугаартай шийтгэлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг мөн адил түдгэлзэнэ.

8. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу дараах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. “Н У Э” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 10090000019 тоот дансанд Э овогтой А-т ногдуулсан торгуулийн мөнгийг шилжүүлсэн. Иймд, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зааснаар Э.А нь “Н У Э" ХХК-ийн нэрийн өмнөөс сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон.  Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Н У Э” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11/5037 дугаартай албан бичгээр гаргуулан авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн.

9. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасны дагуу “Н У Э” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 10090000019 тоот дансанд Э-ийн А-т ногдуулсан торгуулийн мөнгийг шилжүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11/5037 дугаартай албан бичгээр “Н У Э” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авч 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1146 дугаартай албан бичгээр “…”Н У Э” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр тус газраас дахин шинэ акт гаргах үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.3.1-д тус тус заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирэхийг мэдэгдэж байна.” гэж мэдэгдсэн.

10. Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Э.А нь “Л” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл нь “Н У Э” ХХК-ийн нэрийн өмнөөс хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон тул 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 0005554 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж тухайн өдрөө гардуулсан.

11. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ногдуулсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг түдгэлзүүлснийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Н У Э” ХХК нь энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулах үндэслэл нь хуулийн этгээдийн лавлагаа болон торгуулийн мөнгийг шилжүүлсэн баримтаар тогтоогдсон тул тус газраас дахин шинэ акт гаргах үндэслэлтэй гэж үзэн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөгийн торгуулийг 0005554 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан.

12. Иймд шийдвэр болон магадлалыг дахин судалж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14. Учир нь, анхан шатны шүүх “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаатай” гэх үндэслэлээр, давж заалдах шатны шүүх энэхүү алдаанаас гадна хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, шийтгэл ногдуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

15. Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч П.Н-Э, Д.Д нар анх “Н У Э” ХХК-ийн ажилтан Э.А-т холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0059274 дүгээр шийтгэлийн хуудсаар  Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “хууль бус зар сурталчилгаа түгээсэн” гэсэн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрсөн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын “...хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан байхад иргэнд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой...” гэсэн дүгнэлтийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрээр дээрх шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

16. Энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч П.Н-Э нь “Н У Э” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулахдаа тус компанийн ажилтан Э.А-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн баримтад үндэслэн  2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” үйлдэж, шийтгэл ногдуулсныг шууд буруутгах боломжгүй байна.

17. Учир нь, хариуцагчаас “Н У Э” ХХК-ийн ажилтан /“WW” албаны дарга/ Э.А-т холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ холбогдох баримтыг цуглуулсан /хавтаст хэргийн 46-66 дахь тал/, эдгээр баримтын дотор “Н У Э” ХХК-иас “WW” албаны дарга Э.А-т Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зар сурталчилгааны асуудлаар компанийг төлөөлөх итгэмжлэл олгосон байх бөгөөд /хавтаст хэргийн 55 дахь тал/ үүнийг хүчингүй, эсхүл дуусгавар болгосон талаар тус компаниас мэдэгдээгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Н У Э” ХХК-д 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 1/1146 дугаар албан бичгээр “дахин акт гаргах талаар” мэдэгдсэн /хавтаст хэргийн 27 дахь тал/, мөн маргаан бүхий актыг гаргахтай холбоотойгоор хариуцагчийн үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...Э.А-т оногдуулсан шийтгэвэр үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж зааснаар Э.А нь “Н У Э” ХХК-ийн нэрийн өмнөөс сурталчилгаа явуулсан болох нь “Н У Э” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ... тоот дансанд ... А-т ногдуулсан торгуулийн мөнгийг шилжүүлсэн байна...” гэсэн бөгөөд уг тэмдэглэлтэй Э.А танилцаж, гарын үсэг зурсан /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ эрх, үүрэгтэйгээ танилцсан /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ баримтууд хэрэгт авагдсан байна.

18. Эдгээрээс үзвэл, хариуцагч нь “Н У Э” ХХК-д шийтгэл оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, тухайн этгээдийн зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй эрх зүйн байдлыг тодруулаагүй, холбогдогчид хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, мэдэгдээгүй гэж үзэхээргүй байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-11-д заасан “...шүүхийн шийдвэрийн дагуу зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг явуулсан, Э.А нь “Н У Э” ХХК-ийн өмнөөс хууль бус сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон, тус компанийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан, дахин акт гаргах талаар мэдэгдсэн...” гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

19. Түүнчлэн, “...Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаж шийдвэрлэнэ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зар сурталчилгаатай холбоотой асуудлын хувьд зөвхөн Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар хяналт хэрэгжүүлнэ, гэтэл хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.   

20. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн... 10.1 дүгээр зүйл... –д заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл, Зар сурталчилгааны тухай хууль зөрчих гэсэн зүйлийн 4-т “хуулиар хориглосон зар сурталчилгааг ... түгээсэн бол... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заасан, мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.“Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно” 6.5.8. “хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах” гэсэн ба уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ” хэмээн заажээ.

21. Эдгээр хуульд заасан “хуулиар хориглосон зар сурталчилгаа” гэдэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглосон буюу уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.“Дараах хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:” 9.2.6.“согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар... аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах” гэсэн зохицуулалт хамаарахаар байна.

22. Ийнхүү хуулиар “аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах” байдлаар зар сурталчилгаа хийхийг согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд бүгдэд нь хориглосон байхад “Н У Э” ХХК нь зар сурталчилгаа явуулж, өөртөө давуу байдал бий болгож байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглох” гэснийг зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

23. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Зөрчлийн тухай хуульд заасан “хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээсэн” гэсэн зөрчлийг Зар сурталчилгааны тухай хууль,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд заасан хүрээнд шалган шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

24. Гомдол гаргагч “Н У Э” ХХК-ийн зүгээс “тус компанийн ажилтан Э.А нь “Н У Э” ХХК-ийн “WW” дэлгүүрт “Л” нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа зарлан борлуулж байсан, бэлэгтэй худалдаа гэсэн зарын хуудас гаргасан” гэх үйл баримтыг үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл, “Урамшуулалт худалдаа 2018.03.02-18-ны өдрийг дуустал Scotch single malt whisky бүх төрөлд Labels mini бэлэглэнэ” гэсэн фэйсбүүк хуудасны зар /хавтаст хэргийн 54 дэх тал/-ыг гаргаагүй, манай компанид огт хамааралгүй, Э.А нь манай компанийн ажилтан биш гэх зэргээр зөрчлөө болон зөрчил гаргагчийг үгүйсгэж маргаагүй, харин “...хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, бидэнд мэдэгдээгүй, нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн үндэслэлийг шүүхэд гаргасан гомдолдоо заасан бөгөөд эдгээр нь дээр дурдсан үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

25. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0618 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.5.8, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н У Э” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ