Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01365

 

 

 

Номин карт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00931 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Солонгод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 121 561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Солонго нь 2014 оны 07 дугаар сарын 08-нд зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 2.99 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж авсан гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 08-нд дууссан. Б.Солонгод зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл өгч байсан боловч зээлээ төлөх талаар арга хэмжээ аваагүй тул шүүхэд 12 683 767 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шаардлагаа нэмэгдүүлэн 13 121 561 төгрөг болгосон. Үүнийг задалж хэлбэл үндсэн зээлд 7 320 281 төгрөг, зээлийн хүүд 5 377 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 416 031 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7 700 төгрөг, нийт 13 121 561 төгрөг болж байгаа. Хариуцагч зээлийн барьцаа болох гараашийг зээлд тооцуулан төлөх хүсэлт өгсөн боловч бид мөнгө өгсөн, зээлийн гэрээний зүйл мөнгөө буцааж авахаар шаардаж байгаа. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө болох өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 26 дугаар байр, 10 тоот 15 м.кв талбайтай гараашийг барьцаалсан ба уг барьцааны зүйлийг зээлийн төлбөрт шилжүүлэн авна гэсэн ойлголттой байсан. Нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шаардлага мэдэгдэл хүргүүлсэн нь тодорхойгүй. Хариуцагч нь зээлээс төлсөн төлбөр дээр маргаангүй. Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бэлэн мөнгөөр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Солонгоос 10 758 831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номинкарт ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 362 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Б.Солонго нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039691 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 26 дугаар байр, зоорийн давхарт байрлах, авто зогсоолын зориулалттай, 10 тоот, 15 м.кв талбайтай гараашийг барьцаалсан болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 188 691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5/2, 5/3, 5/4 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацааны тооцоолол хийхдээ алдаа гаргасан байна. Иргэний хуулийн 283.3 дах хэсэгт, зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн дараах төлбөрүүдийг зээлийн хүүнд урьдчилан төлүүлсэн. Үүнд: 2014 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 303 983.5 төгрөгийг 2014 оны 10 дугаар 08-ны өдөр төлөх ёстой хүүг урьдчилж авсан, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 303 983.5 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлөх ёстой хүүг урьдчилж авсан, 2014 оны 12 дугаар сарын 05 өдөр 607 967 төгрөг зээлийн хүүнд төлүүлсэн нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны 303 983.5 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08 -ны 303 983.5 төгрөг тус тус болно. Ийнхүү зээлийн хүүнд нийт 1 823 301 төгрөгийг урьдчилж төлүүлсэн. Энэ нь зээлийн дансны хуулга болон зээлийн гэрээний гэрээний хавсралт №1 болох зээл, зээлийн хүү төлөх хуваариар нотлогдож байна.

Мөн шийдвэрийн үндэслэл хэсгийн 6/ "Хариуцагч Б.Солонгын зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэн төлсөн төлбөрийг...", "...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасны дагуу тогтооход" 6/1, 6/2, 6/3, 6/4 дахь хэсэгт тооцоолол хийхдээ алдаа гаргасан байна. "...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасны дагуу тогтооход" гэж тус заалтыг ашигласан байх нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжид хангуулахаар барьцаалагдсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хураан авч борлуулснаас олсон мөнгөн хөрөнгөөр өр төлбөрийг төлүүлэх дараалал юм. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар дараах байдлаар төлбөрийг тооцож гаргасан. Үүнд:

2015 оны 04-р сарын 15-ны өдөр 193 353 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 2014 оны 1 275 733 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, 2 530 914 зээлээс төлүүлж үндсэн зээл 7 469 086 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 11-р сарын 05-ны өдөр 180 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс төлүүлж үндсэн зээл 7 469 086 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 07-р сарын 05-ны өдөр 481 195.86 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 148 804.14 төгрөгийг үндсэн зээлээс төлүүлж, үндсэн зээл 7 320 281.67 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. үүнээс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 212 хоногийн тооцоолол хийж, зээлийн хүүд 5 012 753.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 343 032.21 төгрөг, нотариатын хөлс 7 700 төгрөг, нийт 12 683 767.84 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн. Шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 70 хоногийн тооцолол хийж, зээлийн хүүд 364 794.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 72 999.48 төгрөг, нийт 437 793.68 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилсэн.

Тус захирамжийн тогтоох хэсгийн 1-рт "...Б.Солонгоос 10 758 831 төгрөг гаргуулж ..." гэсэн нь үндэслэл хэсгийн 4 дэх хэсэгт "Нэхэмжлэгч 2017 оны 02-р сарын 02-ны өдрийн огноотой ...бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт төлсөн 7 700 төгрөгийг нэхэмжилсэн нь ... хохиролд тооцох боломжгүй байна" гэсэн нь нотариатаар гэрчлүүлсэн төлбөрийг хасаж тооцсон байна. ИС/ЗГ885 тоот зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу хариуцагч Б.Солонгоос нотариатаар гэрчлүүлсэн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00931 шийдвэрийн тогтоох хэсгийн 1-рт "...Б.Солонгоос 10 758 831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 362 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК нь хариуцагч Б.Солонгод холбогдуулж зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7 320 281.86 төгрөг, зээлийн хүүнд 5 377 547,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 416 031,69 төгрөг, нийт 13 121 561 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн төлбөрийг барьцааны зүйлээр хангуулна гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №NC/ЗГ885 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК нь хариуцагч Б.Солонгод 10 000 000 төгрөгийг 30 хоногийн 2.99 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдэгч Б.Солонгийн дансанд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон байна.

 

Мөн дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Солонгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26 дугаар байрны 10 тоот, 15 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205039691 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсэний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус тус хүлээдэг.

 

Зохигчдын хоорондын зээлийн гэрээний 2.6, 3.1.3зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хэтрүүлсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс талуудын хоорондын зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч зээлийн гэрээний хүү тооцсон хугацааг буруу тооцсон, гэрээний хугацаа дуусаж, үндсэн үүрэгт нэмэгдүүлсэн хүү тооцох үр дагавар бүхий нөхцөл байдал үүссэнээс хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу зөв тооцоогүй алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

Зээлдэгч гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцогддог бөгөөд зээлдэгчийн хувьд гэрээний хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэхээс гадна мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндсэн үүргийг биелүүлэх хугацаа болсон байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох, зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэрээс бүрдэнэ гэдгийг шүүх анхаараагүй байна.

 

Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 08-нд 299 000 төгрөгийн хүү төлсөн нь гэрээнд нийцсэн бол 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 47 хоногт 468 433 төгрөгийн хүү тооцогдох ба үүнээс 607 967 төгрөг төлсөн тул зөрүү 139 534 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн үлдэгдэл 9 860 466 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 69 хоногт 678 099 төгрөгийн хүү тооцогдох ба үүнээс 607 967 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн 9 860 466 төгрөг, зээлийн хүүгийн 70 132 төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 33 хоногт 324 305 төгрөгийн хүү тооцогдох ба гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн 9 860 466 төгрөг, зээлийн хүүгийн /70 132+324 305/ 394 441 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 97 хоногт 953 273 төгрөгийн хүү тооцогдох ба хариуцагч нь 4 000 000 төгрөг төлсөн тул үүнээс 953 273 төгрөгийн хүүг хасч үлдэх 3 046 727 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 9 860 466 төгрөгөөс хасч тооцоход үндсэн зээлээс 6 813 739 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 200 хоногт 1 358 200 төгрөгийн хүү тооцогдох ба хариуцагч нь 180 000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн 6 813 739 төгрөгийн, хэтэрсэн хугацааны хүүгийн 1 178 200 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 240 хоногт 1 629 840 төгрөгийн хүү тооцогдох ба хариуцагч нь 630 000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн 6 813 739 төгрөгийн, хэтэрсэн хугацааны хүүгийн 999 840 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 278 хоногт 1 887 898 төгрөгийн хүү тооцогдохоор байна.

 

Дээрх тооцооноос үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 6 813 739 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 4 460 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 892 076 төгрөг, нийт 12 166 193 төгрөгийг хариуцагч Б.Солонгоос гаргуулж, нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх нотариатын зардал 7 700 төгрөгийг хохиролд тооцохгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Харин шүүх нэхэмжлэгч барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй байхад энэ талаар шүүхийн шийдвэрт тусгасан нь буруу байх тул уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00931 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10 758 831 гэснийг 12 166 193 гэж, 2 362 730 гэснийг 955 368 гэж, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтыг 2 болгон өөрчилж, уг заалтын 188 691 гэснийг 209 609 гэж, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгон тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ