Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 473

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Г.Н/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Г.Н-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010117 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш овогт Г.Н, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай  аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 1 дүгээр хэсэг Баатархайрхан 896  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЙЖ91030336/,

Шүүгдэгч Г.Ннь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын КТМС-ын урд замд 75-38 УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ганбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна, улсын яллагчаас санал болгосон торгуулын ялыг 5-6 сарын хугацаанд төлөх боломжтой.” гэв.

Яллагдагч Г.Н мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад тоёота приус маркийн 75-38 УНЯ дугаартай автомашин жолоодоод Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-н урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байсан миний хажууд 2 дугаар эгнээнд нэг машин явж байсан. Гэтэл тэр машины урдуур урдаас хойшоо чиглэлтэй явган зорчигч гараад ирсэн би тормоз гишгэсэн машин зогсохгүй гулгаад ирэхээр нь би жолоогоо зүүн гар тал руугаа мушгитал замын голд шахуу зогсож байсан хүнийг мөргөсөн, тэр хүн жолоодож явсан машинд мөргүүлээд цааш үсрээд нөгөө урсгалд өөдөөс 3 дугаар эгнээнд явж байсан тоёота приус маркийн 80-37 УБҮ дугаартай автомашин мөргүүлээд буцаад газар унасан. Би машинаасаа буугаад нөгөө хүнээ аваад машиндаа суулгаад хамгийн ойр байсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт аваад очсон тэнд осолд орсон хүнийг энд үзэхгүй шууд ГССҮТөв рүү яв гээд явуулсан нөгөө  тоёота приус маркийн 80-37 УБҮ дугаартай автомашинтай ах намайг дагаад дүүргийн эмнэлэг орсон тэндээс нөгөө ахын машинд хүнээ суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан тэнд очоод цагдаад нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хх-31/,

Хохирогч Д.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг 20 минутын орчимд гэрээсээ гарч 100 айл орохоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын КТМС-ийн урд замд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан юм. Тэгээд би голын үргэлжилсэн шугам дээр ирж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан автомашинуудыг өнгөрч дуусахын хүлээгээд ганцаараа зогсож байтал ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй гуравдугаар эгнээнд явж байсан автомашин бөгсөн бие рүү мөргөсөн байсан. Би унахдаа эсрэг урсгалд гуравдугаар эгнээнд явж байсан автомашины зүүн хойд хаалга хэсэг рүү хөлөөрөө цохигдоод газарт унасан. Осол дараа би хэсэг шоокийн байдалд орсон…” гэх мэдүүлэг. /хх22-23/,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа:

“1. Тоёота приус 20 маркийн 75-38 УНЯ улсын дугаартай автомашин жолооч Галбадрахын Нямбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Даваасамбуугийн Ганбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №2138 дугаартай дүгнэлт:

1. “Д.Ганбаатарын биед зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн өвдөгний зулгарал” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй./хх38/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх51-53/, явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх16-18/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №2138 дугаартай дүгнэлт /хх38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Г.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын КТМС-ын урд замд 75-38 УНЯ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ганбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон, тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Ганбаатар нь гэм буруутай этгээдэд /Г.Н/ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд Г.Н-г бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрийн саналыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ш овогт Г.Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-г 460 нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

  1. . Хэрэгт хураагдан ирсэн Г.Н-н жолооны 886472 дугаартай үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР