Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Хохирогч ******* өмгөөлөгч *******

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******  

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 2418001980837 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

яллагдагч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн урд авто машины зогсоол дээр шалтгаангүйгээр хохирогч ******* хүзүү, нуруу руу өшиглөх, толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 5-р нугалам болон бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн фиброзон цагаригийн урагдал, баруун мөрний үе эргүүлэгч шөрмөсний суналт, зүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418001980837 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... ШШЕГазрын 2024 оны 10-р сарын 01-ний өдрийн 940 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэснийг үндэслэлгүй гэсэн тул шинжээчийг дүгнэлтийг ахин гаргуулж хохирогчийн биед учирсан тухайн гэмтлүүдийн учирсан цаг хугацааг тогтоох, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой эсэхийг тогтоох гэжээ. Гэтэл ШШЕГазрын 2024 оны 10-р сарын 01-ний өдрийн 940 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн 2-т “...эдгээр гэмтэл нь хүзүүний баруун хэсэгт хөлөөрөө хөшиглөх, гараараа толгой болон нуруу, мөр хэсэгт нь цохих үйлдлийн улмаас учрах боломжтой" гэсэн нь хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн гэх шууд дүгнэлтийг хийсэн ойлгомжтой зүйлийг бичсэн байхад нарийвчлан тогтоох боломжгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогчийг эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан, уг гэмтлийг өмнө нь авсан байх боломжтой тул эдгээрийг нотлох баримтуудыг шалгаж тогтоох гэжээ. Энэ нь яллагдагчийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтэд дурдсанаас харахад нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд болон бодит бус таамгаар шууд дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 1-р сарын 7-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилж, нийт 9 шинжээч дангаараа болон бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 777 дугаартай дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 940 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо бие биеэ үгүйсгээгүй, агуулгын зөрүүгүйгээс гадна эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл тусгагдаагүй, хохирогч ******* эрүүл мэндэд бүсэлхийн *******/15 нугалам хоорондын жийргэвчийн фиброзон цагаригийн урагдал гэмтэл тогтоогдсон, гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, дарах, шахах механизмаар үүсгэгдэх боломжтой гэдгийг нотолсон байна.

Харин 777 дугаартай дүгнэлтэд “...хохирогчид учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй талаар 940 дугаартай дүгнэлт гарч, уг дүгнэлтийг тодруулах зорилгоор тухайн шинжээч нарын бүрэлдэхүүнд оролцсон шинжээч эмч мэдүүлэг авахад хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна гэх мэдүүлгийг өгснийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй бөгөөд шинжээчийн мэдүүлгийг үгүйсгэж буй үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагчийн өмгөөлөгчөөс “Хохирогч 2021 онд нурууны гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан” гэх агуулга бүхий нотлох баримт гаргасан бөгөөд тухайн баримтад хохирогчид учирсан нугалам хоорондын жийргэвчний цагаригийн урагдал, шөрмөсний суналт гэмтэл огт дурдагдаагүй байгааг мөн хэрэгт авагдсан хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичиг зэрэгт дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийг үнэлж өмнө нь гэмтэл авч байсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад хохирогчийг эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан, уг гэмтлийг өмнө нь авсан байх боломжтой эсэхийг шалгах шаардлагатай гэж дурдсан байдаг. Тийм зүйл байсан бол яллагдагч талаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргаж шалгуулах боломжтой байсан боловч гаргаагүй. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг дурдаж хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч : Саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2021 оны эмнэлгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Сүүлд гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд заагдсан “хохирогчийн биед учирсан нугалам хоорондын жийргэвчний цагаригийн урагдалт, шөрмөсний суналт” гэмтлүүд нь эмнэлгийн шинжилгээний бичигт тусгагдаагүй. Иймд эмнэлгийн баримт бичгийг үнэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Прокурор нь хохирогчийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн эсэх лавлагааг авсан талаар тайлбарлаж байна. Гэтэл яллагдагч ******* нь 2 удаа өөрийн зардлаар хохирогчийг Улаанбаатар хот руу дагуулж явж  гэх хувийн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Уг эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. Бидний зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ хэргийг үнэн зөв шийдвэрлэхийн тулд тал бүрээс нь шалгаж тогтоох шаардлагатай. Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна, шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч ******* саналдаа:

Хохирогч бид 2 багийн найзууд юм. ******* биед хэзээ, хаана, ямар гэмтэл үүссэн болохыг би бүгдийг нь мэднэ. Анх бөгсөөрөө тавцан дээр унаад гэмтэл авсан, машинтай явж байхад нь согтуу жолооч араас нь мөргөж гар, нуруу нь гэмтсэн. Гэрч, ангийн хүүхдүүдийг дуудаж, мэдүүлэг аваагүй, аваарт орсон талаар шалгаж тогтоогоогүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжтай яллагдагч ******* холбогдох 2418001980837 дугаар бүхий эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.

Яллагдагч ******* 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчим ******* биед халдаж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл хохирогч урьд буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нуруу хөшиж, гар бадайрдаг гэсэн хэлэмжтэйгээр  “” гэх эмнэлэгт үзүүлж Багана нурууны Соронзон резонанист томографи (тодосгогчтой) зураг авхуулж шинжилгээний дүгнэлтэд: “Бүсэлхийн l4-l5 нугалам хоорондын жийргэвчийн тодрол буурсан, цүлхийсэн, жийргэвчний ар хэсэгт өргөн суурьтай, зүүн субартикуляр протрузимтай талаар дурдсан байна.

Энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 777 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд тодорхойлсон гэмтлүүдтэй адил шинжтэй байх тул анхан  шатны шүүх энэ байдлыг нягтлах, дээрх гэмтлүүд үүссэн цаг хугацааг тогтоох шаардлагатай гэсэн агуулга бүхий захирамж гарсан нь үндэслэл бүхий болжээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан: “1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

3.Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.

4.Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэх шаардлагад нийцэж байна гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                       Б.МАНЛАЙБААТАР