Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 490

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Х/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн Б.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806023180463 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овгийн Б.Х, 1973 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их дарь эхийн 1-88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ПЗ73043032 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр гудамж 88 тоотод иргэн Т.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон торгох ялын хэмжээг 2 сарын хугацаанд төлөх боломжтой. ” гэв.

Хохирогч Т.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ тухайгаа орой нь ядаж тогоо бариулахгүй өнжүүлээд ганц кино ч үзүүлчихгүй дээ хэлэхэд хэрүүл үүсээд, намайг уурлаад байгаа юмуу шаралхаад байгаа юмуу гэж хэлээд барьж аваад зүүн гарын булчин, зүүн гуяны баруун гуяны ар хэсэгт хөхрүүлж гараараа хэд хэдэн удаа зодсон. Мөн гар мушгиад ард бариад орон дээр дарж унагаад босоод ирэхэд үсдэж буйдангын өнцөг мөргүүлээд, дээрээс нүүрэн дээр дараад амьсгал боогдуулсан...” гэх мэдүүлэг. /хх-08/,

Гэрч Х.Энх-Учрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 8-ны өдөр манай ээж Отгонбаяр, аав Х нар нь хамаатан садангынхаа хүмүүсийг Баянзүрх дүүргийн 2-р хороо 1-р гудамжны 88 тоотод оршин суух гэртэй уриад цайлж дайлсан юм. Энэ үед би байсан ба хэл амгүй эдгээр улсуудаа явуулсан. Орой 19 цаг өнгөрч байхад би өөрийн Хан-Уул дүүрэг Зайсан дахь гэр рүүгээ явсан. Намайг явах үед манай аав ээж 2 хоёулаа аль аль нь бага зэргийн согтолттой үг яриа нь хоорондоо эвтэй түнжинтэй байсан ба намайг явсаны дараа юу болсон, яагаад маргаж хэрэлдсэн талаар мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг. /хх-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №3588 дугаартай дүгнэлт:

  1. Т.Отгонбаярын биед хоёр бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоодлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй./хх-22/,

Хохирогч Т.Отгонбаярын мэдүүлэг /хх-08/, гэрч Х.Энх-Учралын мэдүүлэг /хх15/, шинжээчийн №3855 дугаартай дүгнэлт /хх-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр гудамж 88 тоотод иргэн Т.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овгийн Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Х-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР