Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01343

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01343

 

 

 Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01023 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Октябрьт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 125 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, Б.Мөнхбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Октябрь нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн гудамж, 73/9 дүгээр байрны 52 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2203014978 тоот дугаартай 63 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн зүгээс удаа дараа төлбөрийг шаарддаг, зээлдэгч П.Октябрь нь зээл, зээлийн хүүг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 75 000 000 төгрөг, нийт 125 000 000 төгрөг хуримтлагдаад байна. П.Октябрийн тайлбар, хэргийн үйл баримтаар тэрээр хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг ойлгож байсан нь тогтоогдож байгаа. Авсан зээлээ хэнд, юунд зарцуулах нь өөрийнх нь эрх. Зээл авах зорилго нь А.Амгалангаас зохих урамшуулал авах байсан нь тогтоогддог. Иймд хариуцагчаас 125 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. А.Амгалан нь орон сууцаа зээлийн барьцаанд тавьж өгвөл тодорхой хэмжээний урамшуулал өгөх талаар санал тавьсаны дагуу орон сууцаа барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Улмаар А.Амгалан нь ...та өөрийн биеэр очиж барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай байна... гэж хэлсний дагуу П.Октябрь гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь П.Октябрийг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө мөнгийг А.Амгаланд өгсөн байсан. Бэлэн мөнгөний баримтад надаар сүүлд нөхөж гарын үсэг зуруулсан. Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэдэг нь худлаа. Мөнгийг А.Амгаланд өгсөн тул 2 жил гаруй хугацаанд А.Амгалангаас шаардаж байсан байдаг.

Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн захирал О.Гэрэл болон тэдний ажилчид бүгд хариуцагчийг тухайн зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй болохыг мэдэж байгаа. П.Октябрийн хувьд зээлийн барьцаанд хөрөнгөө бариулахыг зөвшөөрсөн болохоос зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байгаагүй. Зээлийн гэрээнд заасан 50 000 000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Иймд мөнгийг авсан хүн нь тодорхой, түүнээс шаардах эрх нь нээлттэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч анхнаасаа барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь ноцтой төөрөгдөл гэж үзэж байна. Тодруулбал, хүссэн барьцааны хэлцлээсээ өөр зээлийн хэлцлийг хийсэн. Иймд Мөнгөн зоос кредит ББСБ-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаангүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Октябрийн тайлбар, хэргийн үйл баримтаар тэрээр хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг ойлгож байсан нь тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Амгалан нь Эй Ди Трейд ХХК-ийн захирал бөгөөд компани барилгын ажлын зөвшөөрөлтэй. Зээлийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А.Амгалан өөрөө авсан, зээлийн судалгаа түүний нэрээр хийгдсэн, зориулалтаас харагдана. Зээлийн гэрээнд П.Октябрь гарын үсэг зурах шалтгаан нь талууд цаг хугацааг хэмнэх зорилготой байснаас үүдэлтэй. Зээлийг А.Амгалан хүлээж авч гарын үсэг зурсан. Үүн дээр маргадаггүй, 2 сарын хүүгээ өөрөө төлсөн, өөрөө зээлээ захиран зарцуулсан. П.Октябрь зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангах үүргээ биелүүлнэ. А.Амгалангийн хувьд 125 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 187 дугаар зүйлийн 187.1, 451 дугаар зүйлийн 451.1-д заасныг баримтлан П.Октябриас зээлийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Мөнгөн зоос кредит ББСБ ХХК, П.Октябрь нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бичгээр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай П.Октябрийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 890,900 төгрөгөөс 853,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 37,750 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: П.Октябрь нь өөрийн хүргэн А.Амгалангийн ажлыг дэмжиж өөрийн эзэмшлийн байрыг барьцаалж ззэл авч өгсөн бөгөөд шүүхэд гаргасан тайлбараар П.Октябрь нь огт зээл аваагүй А.Амгалан авсан тул "Мөнгөн зоос кредит" ББСБ нь П.Октябраас мөнгө нэхэмжлэх эрхгүй, П.Октябрийг мөнгө зээлж аваагүй гэж хэт өрөөсгөл, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Бид хэнийг ч гүтгээгүй, худал яариагүй. П.Октябрь нь үүний урд 2014.04.06-нд мөн л энэ байраа тавиад 2 сарын хугацаатай 60 сая төгрөгийн зээлийг Амгалангийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 ортой төрөхийн барилгын засварын ажилд зориулан авч байсан бөгөөд зээлийг цаг хугацаанд нь буюу 2 сарын дотор эргэн төлсөн. Түүний дараа дахин 2014.07.18-нд А.Амгалангийн ажлыг дэмжиж 50 сая төгрөгийн зээл хүссэн бөгөөд бид итгээд өгсөн. Кассын зарлагын падаан дээр П.Октябрь гарын үсгээ зурж авсан. Зээлийг А.Амгалан ашиглаж байгааг мэдэж байгаа тул А.Амгалангаар давхар зуруулсан. П.Октябрь өөрийн байрыг зээлийн барьцаанд тавихыг бүрэн зөвшөөрч, Амгалангийн ажлыг дэмжиж өгөөч гэж гуйж зээл авсан бөгөөд зээлийн судалгааг бүрэн хийж, зээл эргэн төлөгдөх боломжтой гэж дүгнэлт хийгээд зээл олгосон. П.Октябрь байраа барьцаанд тавиж зээл авъя гээгүй бол бид зээл олгохгүй байсан. Зээл төлөгдөхгүй байгаа нөхцөлд барьцаа хөрөнгөөр хангах нь зүйн хэрэг.

П.Октябрийн авсан зээл төлөгдөхгүй болохоор 2015.05.20-нд шүүхэд А.Амгаланг хамтран хариуцагчаар татан өгсөн боловч П.Октябрь, А.Амгалан нар нь хаяган дээрээ байхгүй байна гэсэн шалтгаанаар шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч П.Октябрь нь энэ хаяган дээрээ байж л байсан. Энэ хугацаанд П.Октябрь, А.Амгалан нар нь зээлээ төлнө гэж байсан боловч төлөөгүй. 2016.05.24-нд дахин шүүхэд өгсөн боловч янз бүрийн шалтгаанаар шүүх хурал хойшилсоор байгаад 2017.04.10-нд анхан шатны шүүхийн шийдвэр гарч байна. Байрны эзэмшигч П.Октябрьтай зээлийн барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн газраар бүртгүүлж, зарлагын падаан дээр гарын үсэг зурж мөнгөө өгсөн байхад Октябрь зээл аваагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосонтой санал огт нийлэхгүй байна. Ийм гэрээг зээлийн барьцааны хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэхгүй юм бол өөр ямар гэрээг зээлийн барьцааны хүчин төгөлдөр гэрээ гэх юм. Иймд бодит баримтад үндэслэж анхан шатны шүүхийн 181\ШШ2017\01023 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 125 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь хариуцагч П.Октябрьт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны зээлийн хүү 75 000 000 төгрөг, нийт 125 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зээлийн хүүг багасгаж 25 000 000 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсчээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч П.Октябрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 73/9 дүгээр байрны 52 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн барьцааны гэрээг 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Эдгээр зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан талаар маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасан ба зээлийн гэрээний 1.3.3-т зээл авах хэлбэрийг бэлнээр гэж тохиролцсоны дагуу зээлдэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар хариуцагч П.Октябрьт хүлээлгэн өгч, уг баримтад тэрээр гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээд А.Амгалангийн гарын үсэг зурсан бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 18/ болон зээлийг төлж барагдуулах талаарх түүний бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 21, 22/ зэрэг нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Бэлэн мөнгөний зарлагын баримтад хариуцагч П.Октябрь хожим нөхөн гарын үсэг зурсан, зээлийн гэрээ байгуулахаас өмнө А.Амгаланд зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба зээлийн гэрээний зүйлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн талаар маргаан гараагүй тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Нөгөө талаар зээлдэгч П.Октябрь нь зээлдүүлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 тоот зээл, хүүний өрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахыг сануулж байна... гэсэн мэдэгдлийг хүлээн авсан /хх-ийн 23/ атлаа зээлдүүлэгчид ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, хариуцагч П.Октябрь ...Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-иас зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан, тус зээлсэн мөнгийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан ... гэж тайлбар гаргасан /хх-ийн 34/ байгааг шүүх анхаараагүй байна.

 

Хариуцагч талаас ирүүлсэн дуу, дүрсний бичлэг бүхий хуурцагт шүүх үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлд нийцсэн боловч хариуцагчийн зүгээс уг бичлэгийг хийх үедээ ийнхүү бичлэг хийж байгааг нөгөө талдаа мэдэгдээгүй, хариуцагч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн төлөөлөл уг бичлэгт байгаа эсэх нь тодорхой бус, нэг талын нотлох баримт байх тул зээлээ төлөхөөр очиход зээлдэгч зээлийн 100 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэх байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна.

 

Харин нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд П.Октябрь, А.Амгалан нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна /хх-50-51/

 

Зээлийн гэрээний зүйлийг гуравдагч этгээд захиран зарцуулсан явдал нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний зүйлийг зээлдэгч тал хүлээн авсан болох нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр барагдуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж шүүх үзсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, 15 сарын зээлийн хүү 75 000 000 төгрөг, нийт 125 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч зээлийн гэрээний хугацаанд төлөгдсөн 2 500 000 төгрөгийг илүү нэхэмжилсэн байх тул 72 500 000 төгрөгийн хүү гаргуулж нийт 122 500 000 төгрөгийг хариуцагч П.Октябриас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Октябриас 122 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалт болгож Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203014978 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 73/9 дүгээр байрны 52 тоот, 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж нэмж,

2 дах заалтыг 3, 3 дах заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан, 4 дэх заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, үлдээж гэсний дараа 770 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ