Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогч Б.Ням-Очир,

шүүгдэгч  Б.М/өөрөө өөрийгөө өмгөөлөн/

шүүгдэгч А.Ө/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батбаярын Мөнхсүх, Түшээ овогт Дашдоржийн Өлзий нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806002230433 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.М, 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр хулдаасны хэсэгт худалдагч ажилтай, эх, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут Амины орон сууцны 1-102  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧО87120217 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Д.Ө, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Булган сумын Тэс петролиум ШТС-д түгээгчийн ажилтай, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булагын 4-4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ГР96022319 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.М, А.Өнар нь бүлэглэн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ибиза баарны гадаа иргэн Б.Ням-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, улсын яллагчаас санал болгосон торгуулын ялыг 8 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Шүүгдэгч А.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, улсын яллагчаас санал болгосон торгуулын ялыг 8 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч Б.Ням-Очир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “12 дугаар сарын 20-ны өдөр 4 цагийн үед автобусны буудал дээр М мөрлөснөөс болоод энэ асуудал үүссэн. Анх Ө намайг цохичихоод дараа нь М цохисон. Дараа нь хэдэн талаас өшиглөөд байсан. Энэ миний биед учирсан гэмтэл нь өшиглүүлсэнээс болоод үүссэн гэмтэл. Үлдэгдэл 1.600.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Б.Ням-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би яваад очсон чинь намайг заамдаж аваад дайрсан. Тэгэхээр нь би цааш нь түлхсэн чинь над руу дайраад байсан…Би зүгээр бай гээд  хоёр гарыг нь тавиулсан чинь дахин намайг барьж аваад заамдаж автал хашааны булангаас хоёр залуу гараад зөрж өнгөрөөд миний ард гарсан. Тэгснээ нэг нь зүүн хацар руу араас цохьсон. “…Яаж байна аа гэхэд араас цохиж...” гэх мэдүүлэг. /хх6-7/,

Яллагдагч Д.Ө мэдүүлэхдээ: “...Тэгтэл надад цохиулсан залуугийн хамт явж байсан залуу нь цаашаа зам гараад зугтаачихсан. Тэгтэл сүхээ ах миний цохьсон залууг үргэлулүүлээд нүүхэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Тэгтэл нөгөө залуу нь алхаад баарны үүдэнд очиж зогссон...Сүхээ ах хамт явсан өндөр биетэй залуутайгаа буугаад жг залууг газар нь унагаагаад зодож цохьсон...” гэх мэдүүлэг. /хх21-22/,

Яллагдагч Б.М мэдүүлэхдээ: “...чи тэгээд яахын гээд намайг 2-3 удаа гараа цохьсон. Тэгээд би хойшоо ухраад алхсан, нөгөө залуу дайраад байсан. Тэгээд дайраад байхаар нь хойшоо зай аьч зогсож байтал дахин ирээд намайг цохиод миний зангиагаар хоолой боосон. Тэгтэл хажуунаас Ө ирсэн...нөгөө залуугийн нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохьсон....” гэх мэдүүлэг. /хх27-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №448 дугаартай дүгнэлт:

  1. Б.Ням-Очирын биед тархи доргилт, баруун ухархайн дотор болон доод ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимын салтст, баруун дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, хамрын баруун дээвэрт гарх гэмтэл тогтоодлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хамрын шарх сорвижиж эдгэнэ. /хх-37/,

Хохирогч Б.Ням-Очирын мэдүүлэг /хх15-18/, гэрч Э.Ганбатын мэдүүлэг /хх19-20/, шинжээчийн №448 дугаартай дүгнэлт /хх-37/, шинжээчийн №136 дугаартай дүгнэлт /хх-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Д, М.Ө нар нь бүлэглэн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ибиза баарны гадаа иргэн Б.Ням-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.М, Д.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.М, Д.Ө нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М, Д.Ө нар нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх хохирогч Б.Ням-Очирт уг гэмт хэргийн улмаас эмчилгээнд зарцуулсан 1.600.000 төгрөгийг Б.М, Д.Ө нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ням-Очирт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М, Д.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.М-г 600 нэгж, шүүгдэгч Д.Ө-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрсдийн саналыг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт Б.М, Т овогт Д.Ө нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Мөнхсүхийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөг, Д.Өлзийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Д.Ө нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М, Д.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.М, Д.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  1. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М, Д.Ө нараас 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ням-Очирт олгосугай.
  2. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М, Д.Ө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР