| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 183/2016/00901/И |
| Дугаар | 210/МА2018/01769 |
| Огноо | 2018-08-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2018/01769
| 2018 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2018/01769 |
Г.Батаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00876 дугаар шийдвэртэй, Г.Батаагийн нэхэмжлэлтэй С.Магнайсүрэн, Э.Энхтайван нарт холбогдох гэм хорын хохирол 63 896 721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч Э.Энхтайван, хариуцагч С.Магнайсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г.Батаа нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 16 тоот хаягт байх байшинг өмчилдөг. Түүний хөрш С.Магнайсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 17 тоот хаягт байрлах газарт байшин барих зорилгоор 2015 оны 6 дугаар сард газар ухаж эхэлсэн. Тухайн үед Г.Батаагийн байшинд нөлөөлж, хохирол учруулахаас урьдчилан сэргийлж зайтай газар ухахыг шаардаж 8 метрийн зайтай ухуулсан. Э.Энхтайван газрыг 3.50 метр ухаж байхад ус гарсан гэж хэлээд хийж байсан ажлаа орхиод барилга барилгүй тэр чигээр нь орхисонтой холбоотой газрын нуралтууд явагдаж, 6-8 метрийн зайтай ухсан нүх нь нурсаар 1 метрийн зайтай болсон. Г.Батаагийн байшингийн хананд цууралт өгч, суурь хазайж, хүн амьдрах боломжгүй, эрсдэлтэй болсон ба уг хананы цууралт томорсоор байсан учраас тэрээр үйлчилгээний төвийг хаасан.
Энэ талаар нэхэмжлэгч мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргахад мэргэжлийн хяналтын байгууллагаас ухсан нүхийг булуулах арга хэмжээ авах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг хариуцагч нар биелүүлэхгүй 2 жил болсны эцэст 2017 оны 10 дугаар сард тухайн ухсан нүхийг булсан. Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирол хэвээр үлдсэн. 2016 оны 4 дүгээр сард Э.Энхтайван дахин ирж одоо ажлаа эрчимжүүлнэ гэхэд нь Г.Батаа өөрийн байшингаа үзүүлэн, танай ухаад хаяад явсан газраас чинь болж байшинд цууралт үүссэн тул үсчин, халуун усны үйл ажиллагаагаа зогсоосон тухай хэлсэн.
Иймд үл хөдлөх эд хөрөнгөнд учирсан хохирол 55 008 721 төгрөг, олох ёстой байсан орлого 8 400 000 төгрөг, шинжээчид төлсөн зардал 350 000 төгрөг, цахилгааны төлбөрт 138 000 төгрөг, нийт 63 896 721 төгрөг төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Энхтайван шүүхэд гаргасан тайлбараа: С.Магнайсүрэн өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 17 тоотод байрлах газартаа 2015 оны 6 дугаар сард зоорь барихаар газар ухуулах үед иргэн Г.Батаагийн байшингийн хойд талд цууралт алв хэдийн үүссэн байсан ба түүнийг засварлаж будах, дээвэр хийх ажил хийгдэж байсан. Г.Батаа нь тус байшинд халуун ус, үсчний газар ажиллуулдаг байсан бөгөөд халуун уур, байнгын чийгтэй байдаг учраас байшин цуурсан гэж үзэж байна.
Түүнчлэн нийтийн халуун усны барилга, эсхүл түүний тодорхой хэсэгт ус, усны уур, чийгээс барилгын хана, бүтээцийг хамгаалах, тусгаарласан байх ёстой. Газрын хөрс нь хөрсний гүний усны түвшин хөлдөх үеийн хөрсний чийгшлээс шалтгаалан овойх болон хонхойдог тул ямар ч барилга үүнийг тэсвэрлэх бүтээцтэй байж өндрөөсөө хамаарч барилгын суурийн өргөн, гүнийг тогтоодог. Харин Г.Батаагийн 2 давхар байшингийн суурь, ханын өргөн, ханыг ямар материалаар босгосон, улмаар хэрэглэсэн зуурмагийн чанар гэх мэт олон хүчин зүйл байшингийн ердийн насжилтыг хангах эсэх талаар мэдэх боломжгүй. Нуралт үүссэн нь нүх ухсан үйдлээс болоогүй. Тухайн газар нь цэвдэгтэй байсан. Зураг төсөлгүй, ахуйн аргаар байшин барьсан. 2016 оны 6 дугаар сарын 10-13-ны хооронд 3 хоног тог ашигласны төлбөр гэх 138 000 төгрөгийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байна. С.Магнайсүрэн өмчлөлийн газартаа зоорь барихаар нүх ухсан үйлдэл нь Г.Батаагийн эд хөрөнгөнд шууд болон шууд бусаар хохирол учруулаагүй, учруулах ч боломжгүй. Иймд түүний гаргасан үл хөдлөх хөрөнгөнд учруулсан хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Магнайсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь өөрийн өмчлөлийн газар дээр нэхэмжлэгчийн байшинг ямар нэгэн байдлаар хөндөлгүйгээр 8 метр орчим зай үлдээж зоорийн зориулалтаар нүх ухсан. Ухсан нүхнээс ус гарсантай холбоотойгоор хөрсний шинжилгээ хийлгэхэд уг газар нь намагтай хөрс учраас тодорхой хэмжээний нөхөн сэргээлт хийсний дараа барилга барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан тул ажлыг үргэлжлүүлэлгүй зогсоосон. Хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгчид ямар шалтгааны улмаас хохирол учирсан талаар тодруулахын тулд Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон бөгөөд зураг төсөв, ил далд ажлын акт байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Хөрөнгийн үнэлгээний компани 2 удаа дүгнэлт гаргахдаа тухайн барилгын хөрс, норм дүрэмтэй холбоотой асуудлыг судлан дүгнэлт гаргасаныг үндэслэлгүй, мэргэжлийн дүгнэлт гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий байшинг норм, дүрмийг зөрчиж баригдсан гэдэгтэй маргадаггүй бөгөөд ахуйн зориулалтаар барьсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан. Эдэлбэр газрын төлөвлөлт ба барилгажилтыг норм дүрэмд заахдаа барилгын хажуу айлын эдэлбэр газрын хил хязгаар хүртэлх зай нь 3 метр байна гэж заасан. Гэтэл кадастрын зурагтай тулгаж, хашаатайгаа хамт газрын зааг дээр байшин барьсан. Үнэлгээний компанийн ирүүлсэн ажлын тайланд зураг төсөлгүй, ил далд ажлын актгүй байшин баригдсан гэдгийг тодорхой хэлдэг бөгөөд үүнээс үзэхэд хохирол учирсан гэх барилга нь стандарт журмын дагуу биш, Газрын тухай хуульд заасан норм, нормативыг зөрчиж баригдсан тул барилгад учирсан хохирлыг шууд хариуцах боломжгүй.
Хөрсний шинжилгээ, дүгнэлт хийж, ус зайлуулах арга хэмжээ авсан бөгөөд тухайн ажиллагаануудыг хийсний дараа барилга барих дүрэмтэй. Уг газар дээр барилга байгууламж баригдаагүй ба хөрс шинжлэн судалсны үндсэн дээр ухсан нүхийг булсан. Тухайн барилгад халуун ус, үсчний үйл ажиллагаа эрхэлж сард 1 000 000 төгрөг олдог байсан, энэ нь гэр бүлийн тогтмол орлого байсан гэж тайлбарлаж байгаа баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй, сүүлд нөхөж үйлдсэн байх магадлалтай. Иймд олох ёстой байсан орлого 5 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага нь үндэслэлгүй. Ашигласан тогны төлбөрт 138 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Магнайсүрэн, Э.Энхтайван нараас 138 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Батаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63 758 721 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 613 649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Магнайсүрэн, Э.Энхтайван нараас 4790 төгрөг, улсын орлогоос 136 215 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Батаад олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хувийн орон сууцны эвдрэл гэмтэл юунаас болж учирсан, хэн хэн хэрхэн учруулсан нь нотлогдохгүй, уг эвдрэл гэмтэл хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхгүйгээс учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Гэтэл 2015 оны 5 дугаар сард Г.Батаагийн өмчлөлийн байшингаас 8 метрийн зайтай 10*8 хэмжээтэй 10 давхар барилгын суурийг 3 метр гүн ухахад ус гарсан. Хоёр жилийн хугацаанд арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан байшингаас 8 метрийн зайтай ухсан нүх нь 1 метр хүртэл зайтай байшинд ойртсон нь хавтаст хэрэгт авагдсан материалд тусгагджээ. Энэ нь хариуцагч Г.Магнайсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан нь тодорхой байна. Учир нь уг цуурсан байшинд халуун усны газрыг 2009 оноос ажилуулсанааас хойш 6 жилийн хугацаанд огт цууралт үүсээгүй, байшин гэнэт ухсан нүхний талаас буюу баруун талын гадна хана өндрийн дагуу 1-2 см орчим хагарсан, хагарлын завсар цантаж хөлдсөн, шавардлага ховхорч хөндийрч, хана салж, цонх гажсан, цууралт өгч Г.Батаагийн хөрөнгөнд шууд бус байдлаар хохирол учруулсан болно.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэдийгээр ухсан нүхний хажуу гүний адил хэмжээгээр нурах магадлалтай боловч хувийн сууцны баруун талд барилга барих зориулалтаар нүх ухсан үйлдэл, ухсан нүхийг булалгүй 2 жилийн хугацаа болсон эс үйлдэхүй болон хувийн сууцанд учирсан гэмтлийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэжээ. Гэтэл Г.Магнайсүрэн өөрийн газарт 10*8 хэмжээтэй 10 давхар барилгын суурийн нүх ухсанаас үүдэн газрын нуралт үүссэн нь тодорхой болно. Учир нь анх байшингаас 8 метрийн зайтай ухсан нүх 2 жилийн хугацаанд 1 метрийн зайтай болсон. Мөн хэрэгт байгаа зураг болон шинжээчийн дүгнэлтүүдээс харвал уг 1 метрийн зайд байгаа нүхнээс газрын цав үүсч байшингийн суурь луу орсон болох нь тогтоогдсон байна. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хөрсийг 2.3-3 метр хүртэл ухсан гэдгээс үзэхэд асгамал хөрсөнд 1:1, элсэнцэр чигжээстэй хайрган 1:1, шавранцар чигжээстэй хайрганд 1:0.67-ийн нуралттай байна. Энэ тохиолдолд дээрх гүнд ухсан ёроолоос хажуу нь гүний адил нурах тухай тайлбарласан зэргээс харахад нүх ухсан үйлдэл, ухсан нүхийг булалгүй 2 жил гаруй болсон эс үйлдэхүйн улмаас хувийн сууцанд гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Батаагийн өмчлөлийн хувийн сууцны баруун талын даацын хана цуурч хагарсан, халуун усны өрөөний хана цөмөрсөн, 2 дугаар давхрын гибсэн хана салсан, цонх гажсан гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа боловч уг гэмтэл нь хариуцагч нарын ухаад булсан нүхнээс болсон гэж шууд тогтоох боломжгүй гэжээ. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр томилогдсон Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр уг үйлчилгээний барилгын баруун талд шинээр барилга барихаар суурийн нүх ухаж хөрсний усны түвшин нэмэгдэж, энэхүү 2 давхар барилга, 2 талын жижиг орон сууцны суурь цууралт үүссэн байна гэж дүгнэсэн байхад илтэд хариуцагчийн гэм буруугүй хэмээн шинжээчийн дүгнэлтээс тэс өөр дүгнэлтийг баримтад тулгуурлалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Батаа нь хариуцагч С.Магнайсүрэн, Э.Энхтайван нарт холбогдуулан гэм хорын хохиролд 63 896 721 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.
Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Хэргийн 111-115 дугаар талд шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Барилга хөгжлийн төвийн гаргасан дүгнэлтээс үзвэл Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэх ба хэрэгт уг захирамж баримтаар байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж тус тус заасан. Эдгээрээс үзвэл тухайн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, захирамжаар томилогдоогүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хамтран хариуцагч С.Магнайсүрэнд гардуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчиж, хэргийн оролцогчийн эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх зохигчийн эрхийг хязгаарласан байна./ хх-ийн 220-222 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх замаар маргааны үйл баримтад дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 477 440 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Б.НАРМАНДАХ