| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2402002310290 |
| Дугаар | 2025/ДШМ/201 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/201
***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл /цахимаар/,
шүүгдэгч *** /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Халиунаа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2402002310290 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
***, 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/,
Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар зарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/1057 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосон,
***-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *** тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай ургамал цэвэр жин 24,6 грамм, “Lens Gallery” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн хар ногоон өнгийн зүйлийн цэвэр жин 18,5 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ***-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 10/арав/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “ОСВ” гэсэн хаягтай цаас, гялгар уутанд хийсэн 26,5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Lens Gallery” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн, хуванцар савтай 29,7 грамм, цэвэр жин 18,5 грамм хар ногоон өнгийн зүйл, “Kids” гэсэн бичиглэлтэй шилэн саванд хийсэн цаас зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...миний бие ***-Уул аймагт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед ***-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдож шалгуулж байх хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *** тоотод өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно.” гэж заасан. Эрх бүхий байгууллагуудын харилцан мэдээлэл, уялдаа холбоотой байгаагүй нөхцөл байдлын улмаас үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгтээ 2 тусдаа шийтгэх тогтоолоор хорих ял авч, миний эрх зүйн байдал дордсонд гомдолтой байна. ******* дүүргийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *** 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр миний сүүлд үйлдсэн хэрэг /2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр/-тэй холбогдуулан 240200231 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар байхгүй хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоолд “...*** нь 2024 оны 05 дугаар сарын 20-ноос Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах байранд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл баривчлагдсан байна...” гэсэн байх бөгөөд баривчлах хугацаа дууссан даруй ***-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуудан ирүүлж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг тогтоолын хувьд миний сүүлд үйлдсэн гэх 2024 оны 03 дугаар сарын 14-ний үйлдсэн хэргийг хамтад нь оруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал дахин надад ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял дээр нэмж 1 жилийн хорих ял оногдуулсан нь анхнаасаа хэргийг нэгтгэлгүйгээр санаатайгаар тусад нь шийдсэн байх үндэслэлтэй байна. Энэ талаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудыг шийтгэх тогтоолд дурдаж хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэг нь ялтанд шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулахад хэрэглэдэг хуулиар тогтоосон журам бөгөөд хэд хэдэн шийтгэх тогтоол гэдэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, улмаар түүнд ял оногдуулсан хоёр буюу түүнээс дээш тооны шүүхийн шийдвэр юм. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл нь: ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх явдал юм. Миний бие дээрх хоёр үндэслэлийн алинд ч хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөр гэмт хэрэг үйлдээгүй. Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах” гэмт хэргийг үйлдсэн байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19В/2041 дугаартай тогтоолд “тус газрын мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн 240200231 дугаартай хэрэгт шалгагдаж буй *** нь хорих ангид ял эдэлж байгаа эсэх, хэрэв ял эдэлж байгаа бол аль хорих ангид ял эдэлж байгаа болон ялын тооцоог холбогдох лавлагаа, мэдээллийн хамт ирүүлж хамтран ажиллана уу” гэх тоот хавтаст хэргийн 59 дэх талд авагдсан байх ба 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болсон хэрэгтэй холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн атлаа огт ажиллагаа явуулаагүй, тэр чигт нь хаячхаад гэнэт 08 дугаар сарын 19-ний өдөр холбогдох лавлагаа, мэдээлэл авъя гэсэн явдалд мөн гомдолтой байна. Би дээр дурдсан баривчилгаанд явснаа ******* дүүрэгт шалгагдаж байгаа хэрэг дуусчихсан гэж бодож, төөрөлдөж явсан минь буруу байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж заасан. Уг заалтын дагуу ******* дүүрэгт сүүлд үйлдэгдсэн хэргийг ***-Уул аймаг руу нэгтгэж, шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоогүй 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй бөгөөд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах шударга ёсны зарчмыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагт ***-Уул аймагт мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж эхэлсэн. Энэ хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *** хороонд байрлах өөрийн гэртээ мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчим зөрчигдөж, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах ерөнхий зарчмыг удирдлага болгож, шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндэслэл, журам, зарчмуудыг огт дурдалгүйгээр шийдвэрийг гаргасан. Мөн шүүгдэгчийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл мөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан гэж үзвэл дараах хоёр үндэслэл хангагдсан байх ёстой. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэсэн энэ үндэслэл манай үйлчлүүлэгчид хамааралгүй, “өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө тогтоогдсон” байх энэ үндэслэл байгаа. Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөрт гэмт хэрэг үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэх нэг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь хууль бус гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтийн шатанд ***-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Прокуророос тухайн яллагдагчаар татах гэж байгаа хүн хаана байгааг тодорхой олж тогтоосон цагт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татдаг. Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгасан хэрэгт ***ыг оргон зайлсан гэж эрэн сурвалжлах ажиллагааны даалгавар бичигдэж, ажиллагааны явцад *** ял эдэлж байгаа болох нь тогтоогдсон. Прокуророос яллагдагчийг дуудлагаар авч ирж, ***-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон учраас энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол...” заасанд нийцнэ. Энэ хуулийн зүйл, заалтыг удирдлага болгон ялыг нэмж, нэгтгэн ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *** тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвецийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай ургамал цэвэр жин 24,6 грамм, “Lens Gallery” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн хар ногоон өнгийн зүйлийн цэвэр жин 18,5 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч ***гийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос каргоноос захисан бараагаа аваад *** тоот гэртээ оройны 19:30 минутын орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед манай охин *** гэртээ ганцаараа байж байсан. Удалгүй 22 цагийн үед манай хүү гаднаас ирэхдээ биеийн байдал нь тааруу байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь би гайхаад чи хоёр хоног гадуур тэнээд юу хийж яваад ирж байгаа юм, наад царай зүсээ хар гэтэл манай хүү “Би зүгээр байна, би яасан юм” гэх мэтчилэн өөрийгөө өмөөрч над руу ууртай ярьж байсан. Тэгээд би хэсэг хараад суутал манай хүү зүгээр сууж чадахаа болиод нааш цаашаа алхаад биеэ чанга атгаад л тэгснээ орилоод яг галзуу хүн шиг болсон. Иймд аргагүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна. ...гэртээ байх үедээ нэг ууттай өвс мэт зүйл гаргаж ирээд тэрийгээ нэг цагаан цаасанд ороогоод сордог. Тэр нь маш хурц үнэртэй байдаг. Намайг эмчилдэг, залуу харагдуулдаг, хүний биед хоргүй тамхи гэж хэлдэг. Одоогоос 6 сарын өмнө гэртээ байх үедээ намайг “Та одоо дэлгүүрээс авч татаад байгаа хороо хая, минийхийг тат, эрүүл байгалийн зүйл” гэх мэтээр намайг тэр өвсөө татуулах гэж маш их чаргууцалдсан. Гэсэн ч би зөвшөөрөөгүй. ...” /хх 31-32/,
насанд хүрээгүй гэрч Х.***ы “...22 цагийн үед манай ах гаднаас ирэхдээ биеийн байдал нь тааруу байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь би гайхаад сууж байтал ээж ахаас “Чи хоёр хоног гадуур тэнээд юу хийж яваад ирж байгаа юм, наад царай зүсээ хар” гэтэл манай ах “Би зүгээр байна, би яасан юм” гэх мэтчилэн өөрийгөө өмөөрч ээж рүү ууртай ярьж байсан. Тэгээд ээж бид хоёр хэсэг хараад суутал манай ах зүгээр сууж чадахаа болиод нааш цааш алхаад биеэ чанга атгаад, тэгснээ орилоод яг галзуу хүн шиг болсон. Тэгээд би шууд өрөөндөө ороод гараагүй. ...гэртээ байх үедээ нэг ууттай өвс мэт зүйл гаргаж ирээд тэрийгээ нэг цагаан цаасанд ороогоод сордог. Тэр нь маш таагүй хурц үнэртэй байдаг. Тэр нь юу юм гэж асуухаар миний өвчнийг намдаах өвс гэж байнга хэлдэг. Би өмнө нь огт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг гэж мэддэггүй байсан. 2020 онд манай ах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаад цагдаад баригдаж шалгагдаад шүүхээр орох үед нь л би мэдэж авсан. Тэгэхээр яг бас хэзээнээс хэрэглэж эхэлсэн гэдгийг нь мэдэхгүй байна. ...” /хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1940 дугаартай “...Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*** /***/” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. ...” /хх 44-45/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1941 дугаартай “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Lens Gallerу” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн хар ногоон өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “OCB” гэсэн хаягтай цаас, “Kids” гэсэн бичиглэлтэй шилэн саванд хийсэн цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 26,5 г, цэвэр жин 24,6 г, “Lens Gallerу” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн хар ногоон өнгийн зүйлийн хуванцар савтай үеийн жин 29,7 г, цэвэр жин 18,5 г байна. ...” /хх 48-50/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 11-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18/,
шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Хураагдсан өвс мэт зүйл нь минийх байгаа юм. Би 2023 оны 09 сарын сүүлээр *** хотоос түүсэн. Тухайн үед манай эхнэр хүүхэд маань *** хотод амьдарч байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ уулзах гэж очсон байсан. Хураагдсан шавар мэт зүйл нь би өөрөө түүж авсан “өвс”-нөөсөө гаргаж авсан зүйл байгаа юм. ...” /хх 28/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүгдэгч *** НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх ***-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Шүүгдэгч *** “...Эрх бүхий байгууллагуудын харилцан мэдээлэл, уялдаа холбоотой байгаагүй нөхцөл байдлын улмаас үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгтээ 2 тусдаа шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтад шүүгдэгчийн үйлдэл хамаарахгүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь урьд 2022 оны 08 дугаар сард *** сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж тоос болон шавар хэлбэрт оруулж бэлтгэсэн, уг хууль бусаар түүж бэлтгэсэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 930,9 грамм ногоон өнгийн ургамал, 3,1517 грамм хар өнгийн шавар, 40,9550 грамм бор өнгийн зүйл, 64,6753 грамм бор ногоон өнгийн нунтаг зүйл буюу сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалснаар гэмт хэрэг төгссөн, дээрх үйлдэлдээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, уг тогтоол хуулийн хүчинтэй байна.
Гэтэл шүүгдэгч *** нь дээрх гэмт үйлдэл төгссөнөөс хойш гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу бүтэн 1 жилийн дараа 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүргийн 7 хороо, Шинэ ******* хорооллын 1-2 тоот өөрийн гэртээ 24,6, 18,5 грамм жинтэй тетрагидроканнабинолын агууламж бүхий ногоон, хар ногоон өнгийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан байх бөгөөд энэ үйлдлийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ өөр үйлдэлд шалгагдаж байгаа болон нэмж нэгтгүүлэх хэрэг бий талаараа мэдүүлээгүй байна.
Иймд, анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, өмнөх ***-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг буруутгах дүгнэх, өөрчлөх, хүчингүй болгох, ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч ***ын “...үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, эрх зүйн байдлыг дордуулж 2 тусдаа шийтгэх тогтоолоор ял оногдуулсан...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.
Харин, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэмжээг журамлахдаа болон цагдан хоригдсон хоногийг тооцохдоо алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал, шүүгдэгч ***ыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЦХШЗ/30 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорьсон байх боловч ***-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн цагдан хорьсон /хх 122/ байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тэрээр нийт 41 хоног яллагдагчаар цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 40 хоног гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг давхар журамлаагүй байна.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч ***ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч ***ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дах заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан...” гэсний өмнө “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг...” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ***ын цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА