| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01157/И |
| Дугаар | 103/ШШ2025/01016 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/01016
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/01016 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ө.Одбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК нь Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Г.******* нь ******* Финанс Корпораци ББСБ ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 101420466 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 44,4%-ийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 921,110 төгрөг, зээлийн хүүд 1,106,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,032 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2024 оны 05-р сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлөлт хийлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 476 хоног хугацаа хэтрүүлж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 101420466 тоот гэрээний хүрээнд 2025 оны 10-р сарын 09-ний өдрийн байдлаар 3,754,380 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд ******* ******* эрэн сурвалжлан оршин суух хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
******* ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур салбарын захирал Ө.Одбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тухайн үед зээлийн хугацаа хэтэрсний дараа бид нар ажлын газарт нь очиж ******* асуухад архи уугаад ажлаасаа чөлөөлөгдсөн гэж хэлж байсан, оршин суугаа хаягаар нь очиход нэг эмэгтэй байсан. Эхлээд уулзахад эхнэр нь гэдэг байснаа сүүлдээ хамтран амьдарч нь болж таарсан. Тэр хүн бас архины хамааралтай хүн юм байна лээ, Борнуур явсан гэсэн. Одоо ******* хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй гэв.
Хүсэлт гаргагчаас Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 101420466 дугаартай цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
/хх-ийн 3-11-р тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК нь Г.*******тай 101420466 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулан 3,100,000 төгрөгийн цалингийн зээл олгосон бөгөөд Г.******* нь одоогийн байдлаар 3,754,380 төгрөгийн төлбөртэй боловч уг төлбөрөө төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 101420466 тоот цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Г.******* нь зээл авах үедээ Багануур дүүргийн 4-р хороо, Хэрлэнгийн 12 дугаар гудамжны 1 тоот хаягт амьдарч Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгт жижүүрээр ажилладаг байсан боловч 2024 оны 5 дугаар сараас ажлаасаа гарсан, зээл авах үедээ амьдарч байсан хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар 4-р хорооны засаг дарга тодорхойлсон, зээлдэгчийн ******* дугаарын утас нь холбогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох ******* *******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* ******* ******* ББСБ ХХК нь цалингийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
******* ******* /РД:СЧ*******0571/, эрэгтэй, Багануур дүүргийн 4-р хороо, Хэрлэн 12 дугаар гудамжны 1 тоот хаягт амьдардаг байсан, Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгт жижүүрээр ажилладаг байсан, ******* дугаарын утастай байсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* /РД:СЧ*******0571/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Г.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-д анхааруулсугай.
4.******* ******* /РД:СЧ*******0571/, эрэгтэй, Багануур дүүргийн 4-р хороо, Хэрлэн 12 дугаар гудамжны 1 тоот хаягт амьдардаг байсан, Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгт жижүүрээр ажилладаг байсан, ******* дугаарын утастай байсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА