Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/202

 

                                                                                                   ***д холбогдох 
                                                                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл, 
шүүгдэгч *** /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Мандал /цахимаар/,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406035170522 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       
***, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч, 4 хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч *** нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *** дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дээд сургуулийн зүүн талын замд “Hyundai Porter” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: ***ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 03 сар 21 хоног зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар, хорих ялыг 11 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолж, шүүгдэгч ***д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие *** тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр бага насны 4 хүүхдээ хараад гэртээ байдаг. Миний бие 2018 оноос хойш толгойдоо хүнд гэмтэл авч группт орсон. Мөн 2022 онд аваарт орж хөлнийхөө дунд чөмгөнд төмөр суулгуулж, халамжийн тэтгэмжээ 50% болгон тогтоолгосон. Энэхүү гэмтлүүдээс болж унаж татдаг өвчтэй болсон, мөн ажил хийх чадваргүй гэж тогтоогдсон тул гэртээ бага насны 4 хүүхдээ харж гэртээ байдаг. Тогтмол толгойн уналт таталтаас сэргийлдэг эм байнга уудаг болсон. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна ...” гэв.
Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн ар гэрийн байдал хүнд байгаа. *** нь 4 хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг, хөлдөө төмөртэй. Шүүгдэгчийн согтолтын зэрэг 0,56 хувьтай гарсан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Шүүхээс нээлттэй хорих ангид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн ар гэр, эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...*** нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *** дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дээд сургуулийн зүүн талын замд “Hyundai Porter” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял шийтгэлийг нэмж, нэгтгэх байдлаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Шүүгдэгчид оногдуулсан ял хийсэн үйлдэлд нь тохирсон гэж үзэж байна. Өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Гэтэл дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хорих ял оногдуулах үндэслэл болсон. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.


                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:


Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *** дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дээд сургуулийн зүүн талын замд “Hyundai Porter” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 6 дугаар сарын 12-ны орой гэртээ ганцаараа 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво уугаад маргааш нь буюу 13-ны өдөр 09 цаг өнгөрч байхад дүү ***ынхаа Hyundai Porter загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг айлын хашааны гаднаас жолоодоод гэр лүүгээ авч очих гэж байгаад замд цагдаа зогсоогоод шалгуулахад архи ууссан байсан бөгөөд драгер үлээхэд 0.56 хувийн согтолттой байсан. Ингээд тээврийн хэрэгслээ тус өдрөө журамлуулсан. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн /хх 41-42/ мэдүүлэг,
 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1хх 4-5/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 5/, цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх 49/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 25-34/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх шүүгдэгч ***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 03 сар 21 хоног зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар, хорих ялыг 11 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч *** “...миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 
Шүүгдэгч *** нь урьд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх бөгөөд энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцогдож, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн, уг ялаа эдэлж дуусаагүй байх боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, ялыг хүндэдсэн гэж үзэхээргүй байна. 
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ы гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  
Шүүгдэгч ***ы 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1213 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
          

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ШИНЭБАЯР


                                                         ШҮҮГЧ                                                                         М.АЛДАР


                                                         ШҮҮГЧ                                                                         С.БОЛОРТУЯА