Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/218

 

                                                                                                       ***т холбогдох
                                                                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Дөлгөөн, 
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар ***т холбогдох 2406045192869 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       
***, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт *** гэх газар оршин суух хаягтай, /РД:***/,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. 
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууд байх үед нь хонь зарна, айлаас хонь авах гэж байна, бензин болон хэрэглээний мөнгө явуулаач, манай найзын хүүхэд нь хорт хавдар тусчихсан яаралтай онгоцоор нисэх болоод 300 тооны бог мал зарна гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нөхөр ***ын эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансаар 2,000,000 төгрөг авснаас 1,680,000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *** дугаартай Хаан банкны дансаар 80,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөхөр ***ын эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансаар 26,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансаар 140,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансаар 100,000 төгрөг авч залилсан буюу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 28,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. 
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас 24,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***ад олгож, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Энэ хэргийн хохирогч ***ад учруулсан хохирол болох 24,500,000 төгрөгийг би бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос уучлал хүсмээр байна. Миний хувьд судасны нарийсал өвчний улмаас өөрөө группт байдаг, мөн 6 хүүхдийн ээж юм. Зургаан хүүхдийн маань хоёр нь бага насны хүүхдүүд билээ. Би 461-р ангид байхдаа үлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Үр хүүхэд гэр бүлээ маш их санаж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна.  ...” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч А.Отгонжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч *** нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд хохирогч ***аас 28,000,000 төгрөг залилсан үйлдэлдээ маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохиролд 3,500,000 төгрөгийг төлсөн. Мөн шүүхээс 24,500,000 төгрөг гаруулахаар шийдвэрлэснийг хохирогчид төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг дүгнэсэн. Тодруулбал, *** нь хохирогч ***ад хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаагаас дүгнэхэд эрүүгийн хариуцлагын зорилго тодорхой хэмжээнд биелсэн гэж үзэх боломжтой төдийгүй, тэрээр “цаашид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд тухайн ялыг биелүүлж, нийгэмшинэ” гэдгээ өмгөөлөгч нартаа илэрхийлсээр байгаа. Мөн *** нь хувийн байдлын хувьд малчин бөгөөд нөхөр, 6, 7, 16, 17 насны хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр *** нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх /сургуульд хүргэх, мал маллах, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт/-д ихээхэн бэрхшээл учраад байгаа болохыг эрхэм шүүгч та бүхэн ойлгож хүлээж авна уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн ...зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан. Иймд дээрх нөхцөл байдал болон хуулийн боломжийг харгалзан шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн саналын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгөхийг та бүхнээс хүсье. ...” гэв. 
Прокурор Э.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Хуулийн шаардлагад нийцсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Прокуророос 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан. Шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрийг гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууд байх үед нь хонь зарна, айлаас хонь авах гэж байна, бензин болон хэрэглээний мөнгө явуулаач, манай найзын хүүхэд нь хорт хавдар тусчихсан яаралтай онгоцоор нисэх болоод 300 тооны бог мал зарна гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд өөрийн болон нөхөр ***ын эзэмшлийн ***, ***, *** дугаартай Хаан банкны дансуудаар  нийт 28,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч ***ын “...Би өөрийн *** дугаарын данснаас ***ын нөхрийн *** дугаарын данс руу 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 26,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *** дугаарын данс руу 140,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн *** дугаарын данснаас ***ын *** данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн данснаас *** дугаартай данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр *** над руу залгаад “хонь аваачиж өгөх гэсэн бензингүй болоод байна” гэхээр нь өөрийнхөө *** дугаар данснаас колонкийн хүний данс руу *** гэсэн данс руу 80,000 төгрөг шилжүүлж байсан. Би нийтдээ 28,320,000 төгрөгийг өгсөн бөгөөд 4 хонь, 3,500,000 төгрөгийг буцааж авсан өөр зүйл аваагүй. Хохирол төлбөр барагдуулах хүсэлтэй байна. 4 төлөгний үнэ болох 320,000 төгрөгийг нийт үнийн дүнгээс хасаж тооцоход надад татгалзах зүйл байхгүй. ...” /хх 23-24/, 
гэрч ***ын “...Манайд *** 4 төлөг ирж өгсөн тухайн төлгийг ***ад өгөөрэй гэж хэлсэн. Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. *** ах тухайн төлгийг сүүлд манайхаас авсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...” /хх 29-30/,
гэрч ***ын “...Би Хаан банкны *** дугаарын данстай боловч өөрөө эзэмшиж, ашиглаж байгаагүй. Манай эхнэр *** эзэмшиж, ашиглаж байгаа. Надад миний дансны орлого, зарлагын ямар нэг мэдээлэл гар утсанд ирдэггүй. Би ***тай гэр бүл болоод 26 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ хуулийн дагуу баталгаажуулж дундаасаа 6 хүүхэдтэй. ...Би тухайн мөнгөнөөс огт ашиглаагүй, мэдээгүй. Манай эхнэр өмнө нь яг ийм асуудлаар нэг удаа шүүхээр орж байсан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 32-35/, 
***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаар дансны хуулга /хх 8-19/, ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаар дансны хуулга /хх 90-96/, ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаар дансны хуулга /хх 98-100/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4-5/, хохирогч ***ын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/,
шүүгдэгч ***ын яллагдагчаар өгсөн: “...Би ***аас нийт 28,320,000 төгрөгийг авсан бөгөөд тухайн мөнгөнөөс 4 хонь нийт 320,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Үлдэгдэл 28,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоогоор үлдэгдэл 24,500,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. ...Миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 81-82/ гэсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.
Шүүгдэгч *** “...Би гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч ***ад учруулсан хохирол болох 24,500,000 төгрөгийг би бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос уучлал хүсмээр байна. Миний гэм буруугаа хүлээж байгаа байдал болон гэр бүлийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,  түүний өмгөөлөгч А.Отгонжаргалын “...шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн саналын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Шүүх, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *** нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хохирол 24,500,000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн боловч давж заалдах шатанд хохирлоос 5,000,000 төгрөгийг /хх 179/ нөхөн төлсөн, одоо 19,500,000 төгрөгийн үлдэгдэл хохиролтой, урьд 1 удаа /хх 62-71/ залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, дахин 6 сар хүрэхгүй хугацаанд ижил аргаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байх тул  шүүхээс оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон гэж дүгнэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүссэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
Шүүгдэгч *** нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Шүүгдэгч *** нь хохирогч ***ад 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 


                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР

                                                             ШҮҮГЧ                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                                             ШҮҮГЧ                                                                    С.БОЛОРТУЯА