Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 110/2017/0061/З |
Дугаар | 221/МА2018/0273 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0273
Х.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Х.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2018/0026 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, Х.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2018/0026 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дүгээр захирамж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Х.Б-ийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9.629.840 / есөн сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун дөчин/ төгрөгийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Б давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Б би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2018/0026 дугаар шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Тус шийдвэрийн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: шүүх хурлаар би нэхэмжлэгч Х.Б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бөгөөд энэ талаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан эсэхээ тайлбарлаж, шүүхэд гомдлын нэг хувийг гаргаж өгч энэхүү гомдлыг Авилгатай тэмцэх газар хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж А/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах" тухай шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдээс тайлбар авч оролцоог хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн юм. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч нь мөн хуульд заасан зарчмыг хатуу баримталж ажиллах эсэхийг тодорхой заасан бөгөөд Х.Б нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа улсын төсвийг хуулийн хүрээнд зарцуулж чадаагүй удаа дараа ноцтой зөрчил гаргасан явдал нь холбогдох байгууллагын хэд хэдэн актаар тогтоогдсон тул халагдсан бөгөөд сум дундын шүүх Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцел байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэж заасан байхад үүргээ ноцтой зөрчиж маргаан бухий актуудын үндэслэлийг тодруулахгүйгээр, нэг талын эрх ашгийн үүднээс нотлох баримт цуглуулан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн ба хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасан боловч шүух хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Иймд анхан шатны шүүх нь нотлох баримтыг нэг талыг баримтлан цуглуулснаас болж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул зохигчдын нотлох баримт цуглуулах, өмгөөлүүлэх, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхүүдийг эдлүүлэхийн тулд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зерчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Б давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 багт оршин суудаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаа миний бие Х.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0026 дугаар шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учраас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзээд давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан болох өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж "Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах" тухай шаардлага нэмсэн байна. Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь бие даасан актыг хүчингүй болгуулахаар чиглэсэн шинэ шаардлага байсан юм. Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад тайлбар гаргах, уг шаардлагын эсрэг нотлох баримт цуглуулах бүрэн эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү ихэсгэсэн шаардлагад хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд тайлбар гаргах, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох боломжийг олгохгүйгээр хуралдааныг шууд үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан "Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах" тухай шаардлагын үндэслэлийг шалгахгүйгээр, хариуцагч, гуравдагч этгээдэд тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломж олгохгүйгээр шууд ханган шийдвэрлэсэн нь хариуцагч болон гуравдагч этгээдийн хуулиар олгосон эрх ашгийг ноцтой хөндлөө. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Х.Б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талаар Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдлын нэг хувийг хавсаргаж, тухайн гомдлыг Авилгатай тэмцэх газар хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан юм. Хариуцагчийн гаргасан энэхүү хүсэлтийг шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэж захирамж гаргаж байсан боловч уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэдгээ тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч болон бусад оролцогчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхийг нь боогдуулж, хууль зөрчсөн юм. Анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша нь миний өмгөөлөгч С.Н-ын үг хэлэх, өмгөөлөл явуулах эрхийг, миний өмгөөлүүлэх эрхийг зөрчиж шүүх хуралдаанд өмгөөлөл явуулахад нь саад учруулж, өмгөөлөх бололцоогоор хангаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, миний өмгөөлөгч С.Н-т зөвхөн "гуравдагч этгээдийн томилгоо чөлөөлөлттэй холбоотой зүйл ярь, бусад зүйл огт ярьж болохгүй" гэж хориглолт хийсэн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэх эрх хязгаарыг зааж өгсөн. Мөн зүйлийн 98.2-т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ гэж заасан байхад анхан шатны шүүхийн шүүгч миний өмгөөлөгчийн мэтгэлцэх боломжийг хааж, зөвхөн гуравдагч этгээдийн томилгоо чөлөөлөлттэй холбоотой тайлбар хэл гэж хууль бус шаардлага тавьж, зөвхөн нэг талын ашиг сонирхлын үүднээс шүүх хуралдааныг даргалсан явдалд маш их гомдолтой байна.
Анхан шатны шүүх нэг талыг баримтлан нотлох баримтыг цуглуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэж заасан байхад үүргээ ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлийг тодруулахгүйгээр, нэг талын эрх ашгийн үүднээс нотлох баримт цуглуулан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдийн зүгээс удаа дараа нотлох баримт цуглуулах хүсэлт гаргасан боловч анхан шатнны шүүх хангахаас татгалзаж байсан. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг нэг талыг баримтлан цуглуулснаас болж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй юм. Иймд зохигчдын нотлох баримт цуглуулах, өмгөөлүүлэх, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхүүдийг эдлүүлэхийн тулд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай Х.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Б нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Өлгий сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Х.Б-ийг Засаг даргын Тамгын газрын даргаар ажилд томилсон 70 дугаар захирамжийг хүчингүй” болгосон “Захирамжийг хүчингүй болгох тухай” А/50 дугаар захирамжийг гаргажээ.
Дээрх захирамжийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Х.Б нь Өлгий сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардуулах ажиллагааг хийгээгүй, хариу тайлбар аваагүй, уг шаардлагатай холбогдуулан нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасан эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Мөн түүнчлэн маргаан бүхий захирамжийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.
Тухайлбал, маргаан бүхий А/50 дугаар захирамжаар “...төрийн албанд томилогдох болзол журмыг зөрчиж, хууль бусаар томилогдсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухай бүр хуульд заасан журмаар гаргаж өгөөгүй” гэж нэхэмжлэгч Х.Б-ийг буруутгасан байхад энэ талаарх баримтыг цуглуулаагүй, хэрэгт тухайн үйл баримтыг нотлох хангалттай нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанд томилогдох, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан төрийн жинхэнэ алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасантай нийцэхгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б-ээс “...С.Онгарыг гэрчээр асуулгах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ээс “...Орон нутаг хөгжүүлэх сангийн төсвийг зүй бусаар зарцуулсан болохыг Авлигатай тэмцэх газраар шалгаж байгаа талаарх нотлох баримт гаргаж өгөх тухай” хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримталж, гомдол гаргах эрхгүй захирамж гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.6, 122 дугаар зүйлийн 122.1-д заасан нэхэмжлэгч, хариуцагч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Зүй нь шүүхээс хэргийн оролцогчдын нотлох баримт цуглуулах талаар гаргасан хүсэлтэд дурдсан баримт нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлан шийдвэрлэх учиртай бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар тухайн захирамжид хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэргээс давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хүлээн хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар хариуцагч болон гуравдагч этгээд нь анхан шатны шүүхэд хандан хүсэлт гаргаж байгаагүй, зөвхөн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан атлаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдол гаргасан нь үндэслэлгүй байх тул энэ талаарх гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2018/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН