Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 88

 

 Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                        Хэргийн индекс:114/2016/0078/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 6 дугаар байрны ******* тоотод оршин суудаг Т.******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн  Засаг даргад холбогдох  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар  захирамжийн өөрт хамаарал бүхий заалт, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжийн “*******” ХХК-д хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад     

                      ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажаргал нараас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэргийн оролцогчид бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байгаа болно.Үүнд:

  1. Гуравдагч этгээд болох “*******” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажаргал нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжийн “*******”-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүх нь “*******” ХХК-нд Т.******* эзэмшиж байсан 3200 м.кв газраас 2632 м.кв газрыг Дархан–Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр өгсөн байсныг гуравдагч этгээд “*******” ХХК- нь манай газрыг буцаан өгөхөд татгалзахгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буй тул нэхэмжлэгч Т.******* нь өмнөх захирамжаар олгогдож  байсан  3200 м.кв  газрыг биш зөвхөн “*******” ХХК-д олгосон    

2632 м.кв газрын хэмжээгээр буцаан олгохоор аймгийн Засаг дарга захирамж гаргахад татгалзах зүйлгүй гэж.

            3.Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нь Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн Т.*******д холбогдох хэсэг, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож Т.*******д газар олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/288 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь иргэн Т.*******д холбогдох хэсгийн талбайн хэмжээг 3200 гэснийг 2632 м.кв гэж өөрчлөлт оруулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэж тус тус эвлэрсэнээ илэрхийлэн эвлэрэлийн гэрээнд гарын үсэгүүдээ зуржээ.               

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч нар ...хоорондоо тохиролцож эвлэрлийн  гэрээ  байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажаргал нар нь хоорондоо тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүхийн “...нэхэмжлэгч Т.*******д өмнөх захирамжаар олгогдож байсан 3200 м.кв газрыг биш зөвхөн “*******” ХХК-д олгосон 2632 м.кв газрын хэмжээгээр буцаан олгохоор аймгийн Засаг дарга захирамж гаргахад татгалзах зүйлгүй гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/330 дугаар захирамжийн Т.*******д холбогдох хэсэг, 2016 оны А/272, дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгүүдийг  тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/288 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь иргэн Т.*******д холбогдох хэсгийн талбайн хэмжээг 3200 гэснийг 2632 м.кв гэж өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн, Гуравдагч этгээд болох “*******” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажаргал нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжийн “*******”-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч эвлэрэлийн гэрээ байгуулсан  нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг  удирдлага болгон                                                       

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4-т тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүх, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажаргал нарын  нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/330 дугаар захирамжийн өөрт хамаарал бүхий заалт, 2016 оны А/272 дугаар захирамжийн “*******” ХХК-д хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгох, мөн Засаг даргын 2015 оны А/288 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь иргэн Т.*******д холбогдох хэсгийн талбайн хэмжээг 3200 гэснийг 2632 м.кв гэж өөрчлөлт оруулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж гаргуулахыг зөвшөөрч тус тус эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурьдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ