| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0282/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
Хохирогч Г.C,
Шүүгдэгч И.Б нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И Бт холбогдох 1805011650182 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зургийн техникч мэргэжилтэй, Б овогт И. Б
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч И.Б нь 2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Шөлөндөө” нэртэй хоолны газарт иргэн Г.Cыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч C бид хоёр зодолдсон. Бид 2 бие биенээ цохисон ба надад бас гэмтэл учирсан. Тухайн үед би хохирогчид гомдол гаргаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.C мэдүүлэхдээ: “2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз О.М, Ж, О.Т нарын хамт уулзаж ажил ярьж Шөлөндөө хоолны газар орсон. Хойноос хэн нэг нь юм шидсэн. Тэгээд эргээд хараад та 2 юм шидсэн үү гэхэд үгүй гэсэн. Тэр үед О.М манай ажлын 2 залуу байна гэсэн. Тэгээд байж байтал шүүгдэгч найзын хамт хэл ам хийсэн. Тэгээд гарах гэж байтал Б.э над руу юм шидсэн. Тэгэхээр нь би зугатахад дүүг Б.эийг цохьсон ба өөдөөс нэг залуу гарч ирээд түлхсэн ба би сандал авч урдаа барьсан. Б бид хоёр зууралдсан ба газар давхарлаад унасан. Тэгээд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд хүмүүс биднийг салгасан” гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.C мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газар луу найз Ж, О.М, О.Т намрын хамт ороод ..бид нар хоолоо захиалж авчихаад идэж байсан чинь зүүн талын эгнээний 3 дугаар ширээн дээр сууж байсан хүн надруу халбага, сэрээ шидээд байсан. Тухайн үед нуруун дээр шидсэн халбага нь оносон бөгөөд би эргэж харсан чинь хоёр залуу сууж байсан. ...Тэгээд байж байсан чинь дахиад юм шидэхлээр нь би босож очоод тэр хоёр залуу дээр очоод та хоёр над руу юм шидсэн үү гэсэн чинь үгүй гэсэн чинь О.М надтай зөрөөд ..миний таньдаг хүн байна гээд нөгөө хоёр залуу дээр очсон. Намайг улаан малайтай залуу нь газар унагаагаад нүүр лүү 3-5 удаа цохисны дараа би булан руу зугтсан чинь миний дух орчим цус гарсан байсан. тэр үед би дух шалбарсаныг мэдсэн. Улаан малгайтай Б /нэрийг нь сүүлд мэдсэн/ миний нүүр рүү цохиод зодоод байсан. Б гэх залуу надад учирсан хөнгөн гэмтлийг учруулсан”
...би өмнөх мэдүүлэг дээрээ улаан цамцтай залуу буюу Б.э сэрээ шидээд миний толгойг оносон гэж бодож мэдүүлэг өгсөн боловч сүүлд нь тухайн үед болсон явдлын талаар хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн шидсэн сэрээ нь намайг оноогүй байсан. Дараа нь улаан малгайтай буюу Б толгой руу цохиод би унаад босож ирэхэд тэвэрч аваад дахиад унагаагаад миний нүүр лүү 3-5 удаа гараараа цохиод зодсон. Тэр үед хүмүүс салгаад би босож ирээд цаашаагаа очоод сандал дээр суухад миний духны баруун дээд хэсгээс цус гарсан язарсан байсан. ...би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байгаа. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авна” гэжээ. /хав 18-19 хуу/
Тухайн үед хөл рүү цохиулсан боловч “шүүх эмнэлгийн эмчид үзүүлээгүй” ...Зүүн талын нүүр мэдээгүй байгаа, зүүн нүд хоёрдож харж байгаа, зүүн хамраас нөжтэй цус гарч байгаа, биеийн байдал сул байгаа. ..гомдол саналтай байна. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг авсан боловч гомдолтой байна” гэжээ. /хав 57 хуу/
Гэрч О.О.Т мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Шөлөндөө хоолны газар 04 цаг өнгөрч байхад найз Ж, C, О.М нарын хамт хоол идээд сууж байсан чинь C уурлаад байхлаар нь би яасан бэ гэсэн чинь хойноос сэрээ шидээд гэхлээр нь би харсан чинь манай Эргэн дурсахуй бааранд хамгаалагчаар ажилладаг Б, Б.э нар байж байсан. ...Тэгээд гарцгаая гээд гарах гээд үүд рүү явж байсан чинь Б.э, Cыг барьж аваад барьцалдсан. ...Тухайн үед Cыг хоолны газрын хаалгаар гарч байхад Б.э бариад авсан байсан. Цохиж зодохыг хараагүй” /хав 7-8 хуу/
Гэрч Ш.Б.э мэдүүлэхдээ: “...тэр хоёр танихгүй залуутай нь Б бид хоёр муудалцаад би жижиг биетэй залууг нь мангасдаад зууралдаад байж байсан чинь Бын хамарнаас цус гарсан байсан. ...Тэгээд бужигналдаад байж байсан чинь нэг залуугийнх нь дух хөмсөг орчимоос цус гарсан байсан. тэгээд цагдаа орж ирээд намайг аваад цагдаагийн байгууллага дээр ирсэн” гэжээ. /хав 9-10 хуу/
Гэрч Н.О.М мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би найз C, Ж, О.Т нарын хамт Саса бүжгийн партинд очсон бөгөөд гараад 04 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Шөлөндөө хоолны газарт хоол идэх гээд орсон. ..Тэгээд удалгүй цагдаа ирээд маргалдсан хүмүүсийг аваад явсан. Тэгээд Cыг харсан чинь Cын дух орчимоос нь цус гарсан байсан. ...Тэрнээс би цохиж зодож байхыг хараагүй, би тэр үед Б.эийг хориглоод зогсож байсан. Би тухайн үед 3 пиво уусан байсан. Би тухайн үед 3 пиво уусан байсан. ...согтуу байсан” гэжээ. /хав 13-14 хуу/
Шинжээч Б.у мэдүүлэхдээ: “...Би сайн санахгүй байна гэхдээ хүн зовиур дээр хөл өвдөөд гэж хэлсэн бол бичиж үзнэ. Тухайн үед үзээд гэмтлийн зэрэг гаргахгүй байсан бол бичихгүй байх тохиолдол байна. ...Тухайн үед Cын хөл нь ямар нэгэн ил харагдах шинэ гэмтэл байсан ч дүгнэлтэнд тусгаж бичих байсан. Иймд ямар нэг ил харагдах гэмтэл байхгүй. Ясны хугарлын шинж илрээгүй тохиолдолд дээр шүүх эмнэлгийн дүгнэлт нөлөөлөхгүй” гэжээ. /хав 39 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3047 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Cын биед духны шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 7.Дээрх гэмтэл нь унахад үүсэх боломжгүй, мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. /хав 23 хуу/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 26, 27, 28/
Хохирогчид хохирол төлбөрт 2,000,000 төгрөг өгсөн баримт /хх 38/
Гэрэл зураг /хх 40/
Хохирлын баримтууд /хх 43-49/
Хохирогч Г.C нь хохирол төлбөрт 2,000,000 төгрөг авсан нь үнэн гэх баримт /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч И.Б нь 2018 оны 2 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Шөлөндөө” нэртэй хоолны газарт иргэн Г.Cыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох хохирогч Г.C /хав 18-19, 57 хуу/, гэрч О.О.Т /хав 7-8 хуу/, Ш.Б.э /хав 9-10 хуу/, Н.О.М /хав 13-14 хуу/ нарын мэдүүлэг,
Шинжээч Б.у /хав 39 хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3047 дугаартай шинжээчийн дүгнэлт /хав 23/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 26, 27, 28/
Хохирогчид хохирол төлбөрт 2,000,000 төгрөг өгсөн баримт /хх 38/
Гэрэл зураг /хх 40/
Хохирлын баримтууд /хх 43-49/
Хохирогч Г.C нь хохирол төлбөрт 2,000,000 төгрөг авсан нь үнэн гэх баримт /хх 50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч И.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирол төлсөн байдал /хх 50, 38/ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг өөрийнх нь хүсэлтээр тогтоосон болно.
Шүүгдэгч И.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин хохирогч Г.C нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт И Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.C 1.706.110 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчээс хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Бын урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.