Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         02             05                                                        2025/ДШМ/13

 

 

 

Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч   Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  Б.Лувсанцэрэн, 

Хохирогч П.Хын өмгөөлөгч С.Т /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мартын өмгөөлөгч Н.Н, Н.Э /цахим/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б /цахим/

Яллагдагч Б.Б.Б, түүний өмгөөлөгч Л.С,

Яллагдагч Б.Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан  

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1038 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Мөнхтайвангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нарт холбогдох эрүүгийн 2234004760397 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ........... оны 0.......дүгээр сарын .......-ны өдөр З........ аймгийн Т......... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүүч мэргэжилтэй, “Цагаантолгойн нуур” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт У..............хот, Х...... дүүрэг ......дүгээр хороо, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Б Б.Б, /РД:ИН92012814/.

Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын .........-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  “Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт У....... С...... дүүрэг, .... дүгээр хороо, ...............4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Б Б.Б, /................./.

Монгол Улсын иргэн, 1....... оны ....... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, “Жем” ХХК-д ээлжийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт У.......... хот Б.... дүүрэг ........дугаар хороо ........ тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б Б.Б, /.........../.

Монгол Улсын иргэн, 1....... оны ....... дүгээр сарын ............ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хадам эгч, эхнэрийн хамт У...... хот Б...... дүүрэг ..... дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт ББ.Б, /.................../.

2. Яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нар нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Баянбүрд 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Таван толгой түлш” ХХК болон “Цагаантолгойн нуур” ХХК нар хоорондоо 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ТТТХХК/202102040 дугаартай “Нүүрсний ил талбайн салхины хамгаалалт хийх ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх явцдаа ачаа өргөх зориулалттай манипуляторт зориулалтын бус төхөөрөмж суурилуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.1.8, 15 дугаар зүйлийн 15.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтад (Өргөх, зөөх, зохих зөвшөөрлийг авсан байна), 10.3-т (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд завсар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна), 10.4-т (Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна), мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах” дүрмийг тус тус зөрчиж ажилтан П.Х, Б.Галбадрах нарыг өндөрт өргөн ажиллуулж байсны улмаас ачаа өргөх зориулалттай манипуляторт суурилуулсан зориулалтын бус төхөөрөмж нь өндрөөс газарт унаж ажилтан П.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулж, ажилтан Б.Галбадрахын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б нар урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт болох 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22/02 дугаартай “Цагаантолгой нуур” ХХК, иргэн Б.Б.Б нарын хооронд байгуулсан “ажил гүйцэтгэх тухай гэрээ”-ний 4.1.10 дахь заалт гэж нэмэлт оруулж, тус гэрээг засварласан, өөрчилсөн, тус гэрээг буюу нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Ө овогт Б Б.Б, Ө овогт Б Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

яллагдагч Б овогт Б Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

яллагдагч Б овогт ББ.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: “...Прокуророос шүүхэд ирүүлсэн яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нарт холбогдох эрүүгийн 2234001760397 дугаар хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Иймд яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нарт холбогдох хэрэгт дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:

1.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон прокурорын тайлбарлаж байгаагаар зориулалтын бус техник ашиглаж, хүний амь нас хохирсон асуудал яригддаг. Ачаа өргөх манипулярорт краныг зориулалтын бусаар ашиглаж, төхөөрөмж суурилан хүнийг өндөр өргөн ажиллуулсны улмаас төхөөрөмж нь газар унаж хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

Гэтэл тухайн “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчиж өргөх зориулалттай манипуляторт кранд төхөөрөмж суурилуулж, өндөрт өргөн хүн ажиллуулах талаарх зориулалтын бус санаа, зааварчилгааг хэн өгсөн эсэхийг, тухайн ачаа өргөх зориулалттай манипуляторт краныг хэний зөвшөөрлөөр, үйлдвэрийн хашаанд оруулсан эсэхийг, мөн чухам ямар учраас тухайн ачаа өргөх зориулалттай манипулятор кранд зориулалтын бус төхөөрөмж ашиглах болсон талаарх шалтгаан нөхцөлийг тус тус тодруулж шалгаж тогтоох шаардлагатай байна. Шалгаж тогтоох нөхцөл байдлуудыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг тогтоогоогүй байна. Тодруулбал:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” эсэхийг, 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоосон эсэхийг, мөн 1.6-т заасан “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоосон эсэхийг тус тус тодруулах,

2.“Нотолбол зохих байдал”-ыг нэг бүрчлэн нарийн тогтоосноос шалтгаалан хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудлыг тодруулах,

3.Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг хоёр дэвтрийг шалгах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Ө овогт Б Б.Б, Ө овогт Б Б.Б, Б овогт Б Б.Б, Б овогт ББ.Б нарт холбогдох эрүүгийн 2234004760397 дугаар хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч Ө овогт Б Б.Б, яллагдагч Ө овогт Б Б.Б, яллагдагч Б овогт Б Б.Б, яллагдагч Б овогт ББ.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн 2234004760397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор М.Мөнхтайван бичсэн эсэргүүцэлдээ “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/Ш3/1038 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Таван толгой түлш" ХХК болон "Цагаантолгойн нуур" ХХК-ийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн TTTXXK/202102040 дугаартай "Нүүрсний ил талбайн салхины хамгаалалт хийх ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй” гэрээг байгуулагдсан. "Цагаантолгойн нуур" ХХК нь дээрх гэрээнд заагдсан ажлаа хийж гүйцэтгэхийн тулд иргэн Б.Б.Бтай 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 22/02 дугаартай "Налайх дахь “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрийн салхины хамгаалалт хийх ажлын" гэрээг байгуулсан байна. Харин 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 22/04 дугаартай "машин механизм түрээслэх гэрээ" хэрэгт авагдсан хэдий ч талууд гарын үсэг зураагүй болно.

Яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нар нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Баянбүрд 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр "Таван толгой түлш” ХХК болон "Цагаантолгойн нуур" ХХК-ийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ТТТХХК/202102040 дугаартай "Нүүрсний ил талбайн салхины хамгаалалт хийх ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй" гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх явцдаа ачаа өргөх зориулалттай манипуляторт зориулалтын бус төхөөрөмж суурилуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.1.8, 15 дугаар зүйлийн 15.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтад (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна), 10.2-т (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна), 10.3-т (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна), 10.4-т (Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна), мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах" дүрмийг тус тус зөрчиж ажилтан П.Х, Б.Галбадрах нарыг өндөрт өргөн ажиллуулж байсны улмаас ачаа өргөх зориулалттай манипуляторт суурилуулсан зориулалтын бус төхөөрөмж нь өндрөөс газарт унаж ажилтан П.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Б.Галбадрахын амь насыг болгоомжгүйгээр хохироосон.

Яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22/02 дугаартай "Цагаантолгойн нуур" ХХК, иргэн Б.Б.Б нарын хооронд байгуулсан "ажил гүйцэтгэх тухай гэрээ"-ний 4.1.10 дахь заалт гэж нэмэлт оруулж, тус гэрээг засварласан, өөрчилсөн, тус гэрээг буюу нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол" гэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдаг. Дээрх гэмт хэргийн объектив тал нь Монгол Улсын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусдад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байх зэргээс уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болохыг тус тус нотолж байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийн зүйлчлэлтэй холбоотой нэмж тодруулах мөрдөн шалгах ажиллагаа нь чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн зүйлчлэл хэрхэн өөрчлөгдөх талаар захирамжид тусгагдаагүй байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг 2 дэвтрийг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримтаар тооцож, нотлох баримтаар хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн талаар тусгагдаагүй байдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/Ш3/1038 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Л гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатын шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэх, мөн гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоосон эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоосон эсэхийг тодруулахаар прокурорт буцаасан. Прокуророос хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой 3 дүгнэлт гаргуулсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ямар үндэслэлээр буцааж байгаа эсэх, ямар ажиллагаа хийлгэх зэргийг эргэлзээ төрөхөөргүй тодорхой бичсэн байх ёстой. Гэтэл  мөрдөн шалгах ажиллагаагаар ямар зүйлийг нөхөн гүйцэтгэх, түүнийг хийснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх юм уу, хэргийг нотлоход ямар ач холбогдолтой болохыг захирамждаа тодорхой тайлбарлаж бичээгүй.

Тухайн 3 дүгнэлтээр 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар тушаалын хавсралтаар баталсан ачаа өргөх манипулятор кранд аюулгүй ашиглалтыг зөрчиж, зориулалтын бус төхөөрөмж хийж, ажилтан Хүрэлбаатар, Галбадрах нарыг өндөрт өргөн ажиллуулсны улмаас өндрөөс газарт унаж, Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан, ажилтан Галбадрахын амь нас болгоомжгүй хохирсон гэх дүгнэлтээс харахад шүүгдэгч нар хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн, үүний улмаас осол гарсан байна. Яллагдагч Б.Б.Б тухайн кран нь хүн өргөж өндөрт ажиллуулах зориулалттай кран биш болохыг мэдсээр байж зориулалтын бус краныг жолоодсон. Мөн бусад яллагдагч нар тухайн кран дээр тодорхой цаг хугацаанд 2 ажилтныг байрлуулж, ажил хийж гүйцэтгүүлэхээр нэмэлт төхөөрөмж өөрсдөө хийх санаа сэдлийг гаргасан, зориулалтын бус кранаар ажиллуулсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон.

Болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй байдаг. Гэтэл сэдэл, санаа зорилгыг нь тодруул гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

7.Яллагдагч Б.Б.Бын өмгөөлөгч Б.Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Бидний зүгээс 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин өргөгч техник дээр ямар гэмтэл үүссэний улмаас уналт үүссэн бэ гэдгийг л техникийн дүгнэлтийг гаргаж, тогтоогоод өгөөч гэж хүсэж байгаа. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хариуцаж байсан бэ гэдэг дээр талууд маргадаг. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгсөн, өгөөгүй гэдэг асуудал дээр маргаан үүсдэг. Энэ нь өөрөө юуг илэрхийлдэг вэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг туслан гүйцэтгэгч нар хариуцах ёстой байсан юм уу, эсвэл үндсэн гүйцэтгэгч нар хариуцах ёстой байсан юм уу, захиалагч хариуцах ёстой байсан юм уу. Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тутмын чиглэл даалгавар өгөгдөж байсан баримт үлдчихсэн байгаа. Түүнийг шүүх хэрэгт хавсаргах ёстой гэж үзсэн. Тэгэхээр анхан шатны шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

8.Яллагдагч Б.Б.Бгийн өмгөөлөгч Л.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай оролцсон. Тухайн үйл явдал “Таван толгой түлш” компанийн хашаанд болсон. Энэ компани нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийнхөө хариуцаж ажиллуулж байгаа ажлын хэсэгт гарч болох аюулаас урьдчилан сэргийлэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хангаж ажиллах үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан.

 Гэтэл энэ 3 субъектийн хувьд захиалагч нь хэн юм, ерөнхий гүйцэтгэгч нь хэн юм, туслан гүйцэтгэгч нь хэн юм бэ. Ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэсэн тодорхой заалт байна. Шинжээч Б.Бийн дүгнэлтэд ...“Цагаан толгой нуур” компани ажил олгогч буюу захиалагч гэж тодорхойлсон. Улсын Ерөнхий прокуророос өмнөх яллах дүгнэлтийг хүчингүй болгон “Таван толгой түлш”, “Цагаан толгой нуур” компанийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, ерөнхий гүйцэтгэгч нь хэн юм бэ, туслан гүйцэтгэгч нь хэн юм бэ гэдгийг тодруул гэсэн. Ийм даалгавартайгаар хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Гэтэл Эрдэнэчимэг гэх хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтныг асуугаад л ажиллагаа хангалттай явагдсан гэж үзэж байсан. “Таван толгой түлш” компанийн ажилтан Эрдэнэчимэг мэдүүлэхдээ “...осол болдог өдөр хяналт тавьж байсан, өөрөө яг ээлжтэй байсан, зориулалтын бус кранаар хүн өргөчихсөн байна, наадхаа зогсоо...” гэсэн байдаг. Гэхдээ эдгээр залуучууд бид нар тийм юм хэлж байгааг нь сонсоогүй гэж хэлдэг. Мөн Эрдэнэчимэг мэдүүлэхдээ ...2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бичсэн өөрийнх нь гарын үсэгтэй, хяналт тавьсан гээд гарын үсэг зурж баталгаажуулсан дэвтэр байгаа... гэж хэлээд байдаг. Тэр дэвтэрт өөрийнх нь бичсэн гарын үсгээс доош сүүлд нэмж бичсэн бичилт байдаг. Энэ нэмж бичсэн бичилтийг хэн бичсэн юм, тэр нь хэнд ашигтай юм, ямар ашиг сонирхолтой баримт байгаа гэдэг нь хэрэгт авагдаагүй. Бид нар үүнийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд тодорхой ярьсан. Тэгэхээр энэ асуудлыг шалгахгүйгээр орж ирэх нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулна.

Мөн энэ хэрэг дээр техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй. Техникийн шинжээчийн дүгнэлт гарна гэхээр л шинжээчийн төлбөрийг хэн төлөх вэ, бүгдээрээ төлж чадахгүй гээд байдаг. Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт гарч байгаагүй. Тэгэхээр шүүгчийн захирамжид тодорхой заагаад байгаа нэг зүйл нь зориулалтын бус краныг хэн ажиллуул гэж зааварчилгаа өгсөн юм бэ, хэний зөвшөөрлөөр үйлдвэрийн хашаанд оруулсан юм бэ, гэмт хэрэг гарахад ямар шалтгаан нөхцөл нөлөөлчихсөн юм бэ гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж тодруул гэсэн байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудыг хийх ёстой гэж ингэж үзэж байна.” гэв. 

 

9.Хохирогч П.Хын өмгөөлөгч С.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Энэ хэрэгт 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Бид өндөрт өргөсөнтэй маргаагүй, яллагдагч нарын өмгөөлөгч кран яагаад нурчхав гэдэг асуудлыг яриад байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдэл байна, үүнээс шалтгаалж осол гарах үндэслэл болж байна гээд дүгнэчихсэн байхад өөр ямар асуудлыг нотлуулах гээд байгааг ойлгохгүй байна. Гол нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн, хүн өндөрт өргөж ажиллуулах ёсгүй кранд нэмэлт төхөөрөмж хийж ажиллуулсны улмаас хүн нас барсан, хүнд гэмтэл учирсан байхад одоо тэр кранд хийгдсэн хэсэг хэрхэн яаж унасны яаж тогтоох юм бэ. Туршилт хийгээд техникээс болсон байна уу, хүмүүс өөрсдөө унасан юм уу гэдгийг тогтоох боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээр хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй.” гэв. 

 

10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мартын өмгөөлөгч Н.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1,16.2 дугаар зүйлүүдэд зааснаар нотолбол зохих ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай байна, шүүхийн шатанд эдгээр ажиллагаануудыг хийж гүйцэтгэх боломжгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Тухайн 2 компани хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Ачаа өргөх зориулалттай краныг хэний зөвшөөрлөөр үйлдвэрийн хашаанд оруулсан эсэх, ямар учраас зориулалтын бус төхөөрөмж ашиглах болсон талаарх шалтгаан нөхцөлийг тус тус тодруулах шаардлагатай гээд анхан шатын шүүхээс дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Ачаа өргөх зориулалттай техникийг барилгын хашаа руу нэвтрүүлсэн нь буруу. Зориулалтын бус тоног төхөөрөмж дээр хүн гаргаж ажиллуулсан нь буруу. Энэ үйл явдал тогтоогдчихсон байгаа учраас хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар буюу гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй. Хохирогч нарын ар гэр маш их гомдолтой байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын хяналтад бүх ажиллагаа хийгдчихсэн учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мартын өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Н.Н өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

 

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

13.Яллагдагч Б.Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

14.Яллагдагч Б.Бдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор М.М-гийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

2. Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Ө овогт Б Б.Б, Ө овогт Б Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

яллагдагч Б овогт Б Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

яллагдагч Б овогт ББ.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба хэрэгт өмгөөлөгч Б.Б.Б, Л.С нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг олгосон байдаг.

 

Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцэж “...тухайн “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчиж өргөх зориулалттай манипуляторт кранд төхөөрөмж суурилуулж, өндөрт өргөн хүн ажиллуулах талаарх зориулалтын бус санаа, зааварчилгааг хэн өгсөн эсэхийг, тухайн ачаа өргөх зориулалттай манипуляторт краныг хэний зөвшөөрлөөр, үйлдвэрийн хашаанд оруулсан эсэхийг, мөн чухам ямар учраас тухайн ачаа өргөх зориулалттай манипулятор кранд зориулалтын бус төхөөрөмж ашиглах болсон талаарх шалтгаан нөхцөлийг тодруулж шалгаж тогтоох шаардлагатай байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг тогтоогоогүй байна. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” эсэхийг, 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоосон эсэхийг, мөн 1.6-т заасан “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоосон эсэхийг тус тус тодруулах...мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг хоёр дэвтрийг шалгах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй...мөн хэргийг прокурорт очсоны дараа өмгөөлөгч Л.С, Б.Б.Б нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээ болон бусад асуудлаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй, хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй болно”...гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээны үндсэн дээр, тэдний шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хэргийн талаар нотолбол зохих ямар асуудлыг нотлоогүй гэж үзсэн болон хэрэгт ямар нэмэлт ажиллагаа хийгдвэл зохих талаарх үндэслэл нь тодорхойгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-т заасан “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг тодруулах гэж дурдаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. 

4. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15-т зааснаар гаргасан яллагдагч Б.Б.Бгийн өмгөөлөгч Л.С, яллагдагч Б.Б.Бын өмгөөлөгч Б.Б.Б нарын хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан атлаа тэдний хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, хэргийг прокурорт очсоны дараа өмгөөлөгч нар нь урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээ болон бусад асуудлаар хүсэлт гаргах эрх нээлттэй болохыг дурдсан нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нар нь тухайн хүсэлтүүдийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр гаргасан байхад шүүх хангасан, эсхүл хангахаас татгалзах эсэхээ  шийдвэрлэлгүй орхигдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн гэж үзнэ.

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.

6. Яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1038 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Мөнхтайвангийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллагдагч Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б, Б.Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                    А.ЦЭРЭНХАНД