| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2434000240036 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ж.М |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
2025 02 19 2025/ДШМ/16
Ч.Өад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Прокурор Ж.М,
Шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч Д.Б,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны 2024/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Өын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Ч.Өад холбогдох 2434000240036 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, регистрийн дугаар: ....................
2. Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөөрөлжүүт” цахилгаан станцын ажилчдын байрны 705 тоот өрөөнд И.Уламбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Б овогт Ч-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг” “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б овогт Ч-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өаас 1,489,660 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч И.Уламбаярт, 2,994,200 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч И.Уламбаяр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж, Төв аймгийн Цагдаагийн газар нь шүүгдэгч Ч.Өыг албадан ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Өад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Ч.Ө давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд ажил хийж явах үедээ найз болох Уламбаярын биед санамсаргүйгээр гэмтэл учруулсан. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял авсан. Гэр бүлийн байдлын хувьд ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, охин 1 нас 8 сартай бага насны бөгөөд эхнэр Буянжаргал нь биеийн байдал маш муу бөгөөд 7 сартай жирэмсэн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Өад оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсвэл Ч.Өад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад Ч.Өын цагдан хоригдсон хоногоос эхлэн хорих ял эдлүүлэх хугацааг тооцоогүй нь буруу байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Өын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэж гарсан байна.
3. Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөөрөлжүүт” цахилгаан станцын ажилчдын байрны 705 тоот өрөөнд И.Уламбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч элэг болон цөсийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт нь:
Хохирогч И.Уламбаярын: “...2023 оны 12 дугаар сарын 01-ний орой ...бид хэд маргааш амрах юм чинь өнөөдөр ганц нэг юм ууя гээд дэлгүүрийн хүнээр 6 шил 0.75 литрийн хараа гэх нэртэй архийг авчруулж ууцгаасан. Тэгээд бид хэд муушиг гэх хөзрийн тоглоом тоглож байгаад 00 цагийн үед дуусгаад ...манай 705 дугаар өрөөнд Өлзийбат, Нэргүйбаатар, Батзориг, Буяннэмэх бид хэд дахиад ганц нэг юм уухаар болсон. Удаагүй Өлзийбаттай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар Өлзийбат хүнсэнд хэрэглэдэг бор иштэй хутга авч намайг 1 удаа баруун хэвлий хэсэгт хутгалсан. ...Би Өлзийбаттай хувийн таарамжгүй харилцаа байхгүй, яагаад намайг хутгалсаныг мэдэхгүй байна. ...Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэж хагалгаанд орсон. Хагалгаагаар цөсөө авахуулж, элгээ оёулсан. Би хагалгаанд ороод эмнэлэгээс гарсны дараа Ч.Өтай холбогдоод эмийн мөнгө хэрэгтэй байна гэхэд 150,000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө төгрөг өгч хохирол барагдуулсан зүйл байхгүй. Надад яг одоогийн байдлаар бодит хохирол гэвэл 4,241,600 төгрөгийн хохирол учирсан байгаа...” /хх-н 19, 21/ гэх,
гэрч Ч.Батзоригийн: “...00 цагийн орчим байхаа гэнэт Ч.Ө нь И.Уламбаяртай хөзөрнөөс болж маргалдаад эхэлсэн. Би И.Уламбаярыг боль миний дүү гээд өрөөнөөс нь авч гарсан. Тэгээд хэсэг байж байгаад буцаад орсон. ...зүүн талын орны урд байсан цаасан хайрцаг дээр сууж байсан Өлзийбат босох шиг болсон, тэгсэн гэнэт Уламбаяр намайг хутгалчихлаа гээд орон дээр суугаад хөлөөрөө жийгээд эхэлсэн. Би Өлзийбатыг араас нь тэврээд авсан. Энэ үед Нэргүйбаатар хутгатай гарнаас бариад Буяннэмэх аваад орны хөндий рүү шидсэн. Би ямар хутга байсан талаар болон хэрхэн хутгалсан хараагүй...” /хх-н 23/ гэх,
гэрч Б.Буяннэмэхийн: “...шөнө 01 цагийн орчим Өлзийбат, Уламбаяр нар нэлээд согтоод хоорондоо маргалдаад эхэлсэн. Энэ үед Батзориг ах Уламбаярыг аваад гарсан. ...И.Уламбаяр гаднаас орж ирээд зүүн талын цонхон талын орны хажууд зогсож байсан чинь Ч.Ө ойртох шиг болсон И.Уламбаяр гэдсээ дараад наадахаа аваач гэж хэлээд орон дээр суусан. Батзориг шууд Өлзийбатын араас цээжээр нь тэврээд авсан. Нэргүй бид хоёр Өлзийбатын баруун гарнаас модон иштэй бор өнгийн хутгыг булааж авах гэж ноцолдсон. Надруу нэг чичиж үзээд өө чи Буяка байна тавь намайг гэж хэлсэн. ...Өлзийбат нь Уламбаярыг 1 удаа хутгалсан...” /хх-н 26/ гэх,
гэрч Б.Нэргүйбаатарын: “...Би Өлзийбат, Уламбаяр, Батзориг нарын 0,75 л хэмжээтэй Хараа архи 2 шилийг хувааж уусан. 01 цагийн үед Өлзийбат, Уламбаяр нар хөзөр тоглох гэж байгаад гэнэт маргалдаад эхэлсэн. Буяннэмэх архи уугаагүй архи хундгалж өгч байсан бид хоёр юм яриад сууж байсан чинь гэнэт Өлзийбатын гарт хутга харагдаад Уламбаярын гэдэс рүү дүрсэн...” /хх-н 29/ гэх,
гэрч Н.Золбаярын “... Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний орой өрөөндөө амарч байхад 01 цагийн үед манай барилгын хятад даамал Жан Шаян Яан /Zhang Xiangyang/ надруу залгаад яаралтай машинаа асаагаад ир, Улаанбаатар хот эмнэлэг явах ажил гарлаа гэсэн. Тэгээд 33-45 УБМ улсын дугаартай Тоёота Альпард маркийн машинтай хятад ажилтан Ши Вэй Жэ, Жан Хао Лаон, Монгол талын орчуулагч Төгөлдөр, хутгалуулж гэмтсэн 1 залуу /И.Уламбаяр/, түүний өрөөний 1 залуу /Ч.Ө/, эмнэлэг зааж өгнө гээд 1 залуу /Ч.Батзориг/ нийт 6 зорчигчтой Улаанбаатар чиглэлд явсан. ...би айсандаа хамгийн ойр гээд Багахангай дүүргийн эмнэлэг орсон..." /хх-н 32/ гэх,
гэрч Бай Шин Мины /Bai Xinmin/: “...2023 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим 705 тоотод Монгол ажилчид архи уугаад шуугилдаад байсан. Намайг унтаж байхад Монгол ажилтан Буяннэмэх хаалга нүдээд маш их сандарсан царайтай нэг юм хэлээд байсан, би Монгол хэл мэдэхгүй учир ойлгоогүй. Тэгээд хятад талын даамал мистер Чой буюу Жан Шаян Яан дуудаж Монгол ажилчид согтуу нэг юм боллоо гээд дуудсан. 705 тоот өрөөнд хамт орсон чинь нэг Монгол ажилтан гэдсээ дараад хэвтэж байсан. Тэгээд 705 тоот өрөөнийх нь зүүн талын орны доороос бор өнгийн модон иштэй үзүүр хэсгээр цус болсон хутгийг дахиад хэрэг гарч магадгүй гээд гялгар уутанд хийгээд Жан Шаян Яанд өгсөн. Орчуулагч нар хутгалуулсан хүнийг аваад төв рүү явсан...” /хх-н 36/ гэх,
гэрч Ши Вэй Жэ /Shi Weijie/-ний: “...Би 2023 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 7-р байрны 706 тоот өрөөнд амарч байхад 00:30 цагийн орчим хажуу өрөөний Монгол ажилчид чанга орилоод байсан. Би өрөөнөөс гараад яваад орсон чинь дотор нь гурван хүн байсан. ...Би шууд компанийхаа удирдлагатай утсаар яриад ийм асуудал болсон байна гэж хэлээд орчуулагч, жолооч аваад машинтай барилгын хашаанаас хөдөлж Багахангай дүүргийн эмнэлэг дээр ирсэн. ...Би тэнд юу болсонг мэдээгүй...” /хх-н 40/ гэх,
гэрч Жан шан яан /Zhang Xiangyang/-ны: “...2023 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай барилгын ажилтан Бай Шин Мин надад ажилчдын амарч байгаа 7 дугаар байрны 705 тоот өрөөнд нэг зүйл боллоо хүрээд ирээч гэсэн. Яваад очсон чинь Монгол ажилчид согтуу нэгнийгээ хутгалсан байсан. Би дээд дарга нар руугаа яриад орчуулагч Монгол хүнд хэлсэн. Манай Монгол орчуулагч нар Монголчуудыг аваад эмнэлэг явсан. Тухайн үед тэнд дахиад Монголчууд согтуу байсан учир дахиад хэрэг гарах вий гэж айгаад тэр өрөөнд байсан бор иштэй төмөр хутгийг цагаан өнгийн гялгар торонд хийгээд өрөөндөө оруулаад тавьсан. Тэр хутга нь цус болсон байсан. ...Би хутганаас гар бариагүй ажилтан Бай Шин надад хутганаас бариад уутанд хийж өгсөн. Би өрөөндөө хадгалж байгаад цагдаа нарт өгсөн...” /хх-н 48/ гэх мэдүүлгүүд,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай “...И.Уламбаярын биед хэвлийн хөндийг нэвтэрч элэг болон цөсийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19112 дугаартай өвчний түүхээс үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр оношлогдон мэс засал эмчилгээ хийгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс шалтгаална...” гэсэн дүгнэлт /хх-н 65-67/,
хохирогч И.Уламбаярын өвчний түүхийн хуулбар гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 72-89/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-8/, шүүгдэгч Ч.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутганд үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /хх-н 9/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинж нь хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, хүнд гэмтлийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл зэрэг галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аливаа зэвсэг, мөн түүнчлэн хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл ашиглаж учруулсан байдгаараа ойролцоо төрлийн гэмт хэргүүдээс ялгагдах ба уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул прокуророос шүүгдэгч Ч.Өад зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Шүүгдэгч Ч.Өад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
8. Шүүгдэгч Ч.Ө нь “хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээтэй боловч мөрдөгч, прокурор, шүүх нь шүүгдэгч Ч.Өад холбогдох хэргийн бодит байдлыг бүрэн бодитой тогтоосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон, анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Өын хорих ял эдлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс биш 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тооцсон буруу” гэсэн тайлбарыг гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 7 хоногийг хорих ялд оруулан тооцсон, хорих ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол гаргасан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй байна.
11. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад шүүгдэгч Ч.Өыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар” гэж бичсэн нь хуулийн бүтэц, хэлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан “зүйлийн доторх хэсэг”, “хэсгийн доторх заалт” гэсэн бүтэцтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг” “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.” гэж нэг зүйлийн хоёр өөр хэсгээр гэм буруутайд тооцсон мэт бичигдсэн зэрэг нь бичиг, техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй хэдий боловч дахин ийм төрлийн алдаа гаргахгүй байх талаар анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
12. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13. Шүүгдэгч Ч.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.Өын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны 2024/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.