Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/02079

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/02079

 

 

 

 

 

Г. ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02804 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г. ХХК-ийн хариуцагч Ч.Д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 13 178 968.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Дашдорж нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр Голомт банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар, 2018 оны 02 сарын 09-ний өдөр нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 41 сарын хугацаатайгаар, мөн 2018 оны 05 сарын 03-ны өдөр ахуйн хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 2 699 800 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй цалингийн зээлийг 664 хоног, ахуйн хэрэглээний зээлийг 695 хоног хугацаа хэтрүүлсэн тул цалингийн зээлийн гэрээний 3.3.4, ахуйн хэрэглээний зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд 2020 оны 06 сарын 18-ны өдрийн байдлаар цалингийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 6 543 318.84 төгрөг, хүү 2 644 757.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119 991.35 төгрөг, нийт 9 308 067.91 төгрөг, ахуйн хэрэглээний зээлийн гэрээний үндсэн төлбөр 2 574 054.56 төгрөг, хүү 1 233 097.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 749 төгрөг, нийт 3 807 900.69 төгрөг, нийт 13 178 968.60 төгрөгийг хариуцагч Ч.Дашдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Дашдоржийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээл авсан нь үнэн, нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлийн хувьд 2 жил 11 сарын, ахуйн хэрэглээний зээлийн хувьд 2 жил 5 хоногийн хүүг төлөхийг зөвшөөрч байна, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Дашдоржоос зээлийн гэрээний үүрэгт нийт 12 869 384.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 309 583.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 844.84 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Дашдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 220 860.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ахуйн хэрэглээний зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн үлдэгдэлд 2 574 054 төгрөгөөс 187 төгрөг хасч 2 573 867 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэргийн 6 дугаар талд зээлийн эргэн төлөлт хийж ахуйн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2019 онд бүрэн төлж дууссан болно. Гэвч энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрт ахуйн хэрэглээний зээлийн үлдэгдэл 2 573 867 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Г. ХХК нь хариуцагч Ч.Д холбогдуулан цалингийн зээл 6 543 318.84 төгрөг, хүү 2 644 757.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119 991.35 төгрөг, ахуйн хэрэглээний зээл 2 574 054.56 төгрөг, хүү 1 233 097.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 749 төгрөг, дээрх 2 гэрээний үүрэгт нийт 13 178 968.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 12 869 384.89 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Ч.Дашдорж нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Г. ХХК-аас 7 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2 699 800 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлдэн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 1 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 41 сар, хүүг 21.6 хувь болгон өөрчилсөн байна. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв. /хх8-15/

 

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний хувьд, нэхэмжлэгч нь үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 6 543 318.84 төгрөг, нийт 14 543 318 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээл 1 456 681.16 төгрөг, хүү 1 591 081.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 264.85 төгрөг төлсөн, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үүргийн зөрчил үүссэн, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ахуйн хэрэглээний зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 2 699 800 төгрөг, зээлийн хүү 1 450 737.01 төгрөг, нийт 4 150 537.01 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээл 125 745.44 төгрөг, хүү 217 639.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187.28 төгрөг төлсөн, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үүргийн зөрчил үүссэн тухай тооцоолол бүхий зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хүснэгтийг хэрэгт ирүүлсэн байна. /хх6-7/ Уг баримтыг зээлдэгчийн зүгээс няцаагаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цуцласан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэг талын санаачлагаар гэрээг цуцлах, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Талуудын гэрээний 2.5, 2.9-т зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх графикт хугацаанд төлж барагдуулаагүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагчийн гэрээний хугацаанд төлсөн нийт 452.13 төгрөгийг зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүүд тооцож авсныг шүүх үндсэн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцэхгүй гэж үзэж уг мөнгөн дүнг үндсэн зээлээс хасч тооцсон нь зөв.

 

Иймд хариуцагчаас цалингийн зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 6 543 053.99 төгрөг, зээлийн хүүг үүргийн зөрчил үүссэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээг цуцласан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 668 хоног байх боловч нэхэмжлэгчийн тооцсон 664 хоногоор тооцоолон 2 606 751.12 төгрөг /1 өдөр хүү 3 925.83*664 хоног/, нийт 9 149 805.11 төгрөг, ахуйн хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 573 867.28 төгрөг, 607 хоногийн хүүнд 1 145 712.5 төгрөг /1 өдөр хүү 1 887.5*607 хоног/, нийт 3 719 579.78 төгрөг, дээрх 2 гэрээний үүрэгт нийт 12 869 384.89 төгрөг /9 149 805.11+3 719 579.78/ гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 140 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ