Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Оы өмгөөлөгч Я.Энхжаргал,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт М овогт Д. Бт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000010079 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн авто засварын газарт кузов засварчин ажилтай, М овогт Д. Б

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 05 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ачлал их дэлгүүрийн урд замд Д.Оы эзэмшлийн Тоёота Приус маркийн 25-66 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс гарцаар гарч явсан явган зорчигч А.А.Тийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 04 цагийн үед явган зорчигч А.Тийг мөргөсөн. Тухайн үед хохирогчийг түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн. 730,000 төгрөгийг хохирогч А.Төд өгсөн. Замын хайсын мөнгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

 

 

Хохирогч А.А.Тийн мэдүүлэг: “...Ачлал их дэлгүүрийн харалдаа явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд ганцаараа гарсан, эхний замаа гараад явтал машин ирээд мөргөсөн. ...тухайн үед замын хөдөлгөөн бага байсан. Би гомдолтой байгаа” гэжээ. /хх 24-26/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Оы мэдүүлэг: “...миний төрсөн дүү Д.От нь манай гэрт найз эмэгтэйн хамт ирээд ...”засварын газраас машины хаалга авчрах гэсэн юмаа” гэхээр нь түүнд машинаа өгч явуулсан. “...миний машины хохиролд 500.000-600.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн, одоо “Болдоо өгөхгүй, явдаг газраараа яв” гэж хэлээд байсан” гэжээ. /хх 41-42/

 

Иргэний нэхэмжлэгч А.Сийн мэдүүлэг: “...үнэлгээгээр гарсан хохирлыг байгууллагын Худалдаа хөгжлийн банкны ...дансанд хийсэн тохиолдолд гомдол саналгүй ээ” гэжээ. /хх 51/

 

Иргэний хариуцагч Д.Оы мэдүүлэг: “...би шүүх хурлаас ямар шийдвэр гарна түүнийг хэрэгжүүлнэ, миний хувьд машинаа эвдлүүлсэн тул өөрөө хохирогч болоод байна” гэжээ. /хх 44/

 

Гэрч Д.Отын мэдүүлэг: “...би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, явган хүний гарцаар хүн гарч ирсэн. Би “хүн гараад ирлээ” гээд хэлтэл Болдоо тоормос гишгээд л тэр хүнийг мөргөөд, замын хашлага мөргөсөн” гэжээ. /хх 53/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...зорчих хэсгийн өргөн 10,0 метр, асфальтан, шулуун тэгш, хальтаргаатай, явган хүний гарцтай, зохицуулдаггүй, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хайсгүй хашлагатай зам байв" /хх 5-7/,

 

Хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1418 дугаартай дүгнэлт: А.Тийн биед дух ясны ил хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурь яс, баруун нүдний ухархайн дээд хана зүүн нүдний дотор ханын хугарал, дух, баруун нүдний няцрал, цус хуралт язарсан шарх, баруун бугалга, баруун гуя, хэвлий, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 2.3.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" /хх 71/,

 

Жолоочийн лавлагаа - Даваагомбын Б Сонгинохайрхан дүүрэг 2017.02.11-2019.02.11 - 2 жил “эрх хасагдсан” /хх 62/,

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ний автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 4119 дугаартай тайлан - Д.Оы эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 25-66 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.739.000 төгрөгийн шууд, 2.989.500 төгрөгийн нийт хохирол учирсан. /хх 76-77/,

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ний үнэлгээний 22/204 дугаартай тайлан: Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Энэбишийн өргөн чөлөө Ачлал их дэлгүүрийн урд явган хүний гарцын зүүн талын 0,5м*2,0м хэмжээтэй 5 ширхэг төмөр хайс - 380.000 төгрөг /хх 83-87/,

 

Мөрдөгчийн магадлагаа: “Тоёота Приус-30 маркийн 25-66 УНЭ улсын дугаатай автомашины жолоодож явсан Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” /хх 96/

Хохирлын 405,213 төгрөгийн баримтууд /хх 29-32/

Хохирлын 939,550 төгрөгийн баримтууд /хх 33 ар тал/

Хохирогч А.А.Тийн хохирлын тооцоо /хх 38-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 05 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ачлал их дэлгүүрийн урд замд Д.Оы эзэмшлийн Тоёота Приус маркийн 25-66 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс гарцаар гарч явсан явган зорчигч А.А.Тийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.А.Т /хх 24-26/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.О /хх 41-42, 44/, иргэний нэхэмжлэгч А.С /хх 51/, гэрч Д.От /хх 53/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7/, хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1418 дугаартай дүгнэлт /хх 71/, жолоочийн лавлагаа /хх 62/, Хөрөнгө эстимэйт ХХК-ний автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 4119 дугаартай /хх 76-77/, Хөрөнгө эстимэйт ХХК-ний үнэлгээний 22/204 дугаартай тайлан /хх 83-87/, Замын цагдаагийн газрын магадлагаа /хх 96/, хохирлын баримтууд /хх 29-32, 33 ар тал/, хохирогч хохирлын тооцоо /хх 38-40/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Д.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Д.Бын дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзан үүрэг хүлээлгэхээр тогтов.

          Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үүрэг хүлээлгэх, 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарах албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирлыг төлсөн, хохирогч А.А.Төд 780,000 төгрөгийн хохирол төлсөн үлдэх 2.065.000 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Иргэний нэхэмжлэгч Д.О нь автомашины үнэлгээгээр тогтоогдсон нэхэмжлэлээ шүүгдэгч Д.Быг хохирогч А.А.Тийн хохирлыг төлж байгаатай холбогдуулан нэхэмжлэхээ татгалзсаныг дурдаж, шүүгдэгчээс 2.065.000 төгрөг гаргуулж хохирогч А.А.Төд олгуулах нь үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Баас 2,065,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А.Төд олгосугай.

 

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний нэхэмжлэгч Д.О нь шүүгдэгч Д.Баас автомашины хохиролтой холбоотой нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгч Д.Б нь хохирогч А.Төд 780,000 төгрөгийн, хохирогч байгууллагад 380,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн, хохирогч А.А.Т гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Д Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М овогт Д Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үүрэг хүлээлгэх, 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарах албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Баас 2,065,000 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн 21 дүгээр хороо горькийн 18 гудамж 527 тоотод суух хохирогч Шарнууд овогт Алтангэрэлийн А.Т /РД:ЧО83021132/-д олгосугай.

 

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний нэхэмжлэгч Д.О нь шүүгдэгч Д.Баас автомашины хохиролтой холбоотой нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгч Д.Б нь хохирогч А.А.Төд 780,000 төгрөгийн, хохирогч байгууллагад 380,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн, хохирогч А.А.Т гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ