| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2309000002238 |
| Дугаар | 2025/ДШМ/253 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/253
2025 02 20 2025/ДШМ/253
Н.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа,
шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1005 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Т-т холбогдох эрүүгийн 2309000002238 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т-,
Шүүгдэгч Н.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны ард Б.Т-гийн амь биед хохирол учруулах зорилгоор гарын алга, сарвуу, хүзүү, чих, хацар, дух, зулай орчимд хутгалж, баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхи, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, зулайн орой хэсгийн хуйх, дух, баруун хацар, баруун чихний дээд дэлдэн, хүзүү, баруун гарын алга, чигчий, ядам хурууны салаа, эрхий хурууны ар хэсэгт шарх, дух,баруун чамархайн хуйх, зүүн бугалга, зүүн өвдөг, баруун бугуйн зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Т-ийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогч Б.Т- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч Д.Оюунбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Н.Т- нь хохирогч Б.Т-тэй 2019 онд танилцаж фэйсбүүк мессенжерээр харилцдаг байсан. Улмаар Н.Т-ийн хувьд Б.Т-д хайр сэтгэлтэй болсон ч Б.Т- өөр найз залуутай болсноор таарамжгүй харилцаа үүссэн. Хэрэг болдог өдөр Н.Т- Б.Т-гийн сургууль дээр уулзахаар ирснээр түүний найз залуу болох Э.Э-тэй таарч, маргаан үүсэж, МУИС-ийн 2 дугаар байрны ард Н.Т-, Э.Э- нар маргалдах явцад Б.Т- нь буу мэт зүйл гаргаж ирснээр Н.Т- хохирогч Б.Т-гийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Харин хохирогч Б.Т-гийн амь насанд хохирол учруулах зорилготой биед нь халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь тодорхой гэмт хэргийг үйлдэх замаар ямар нэгэн урьдаас төлөвлөсөн үр дагаврыг бий болгоход чиглэсэн тодорхой зорилго бүхий идэвхтэй гэмт үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд тодорхой гэмт хэрэг үйлдэхэд чиглэгдсэн өөрийн үйл ажиллагааны нийгмийн хор аюулыг ухамсарлаж, тийм үр дагавар бий болгохыг хүсэж байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-д заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс зорилгоороо ялгагддаг. Дээрх нөхцөл байдлаас харахад Б.Т- нь Э.Э-тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан бөгөөд хохирогч Б.Т-тэй маргаан үүсгээгүй, тухайн үеийн нөхцөл байдлаас болж түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б. Т- нь хохирогч Б.Т-тэй маргалдах, амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй болох нь тогтоогдож байна. Хэрэв Н.Т- хохирогчийн амь насыг хохироох санаа зорилготой байсан бол тухайн үед санаа зорилгоо гүйцэлдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч хохирогчийн биед гэмтэл учирсан нөхцөл байдлыг харахад түүний үйлдэл нь хохирогчийн биед гэмтэл учруулахад чиглэгдсэн гэж үзэхээр байна. Н.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд өрнөсөн үйл явдал, хэргийн үйл баримт, нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...Өөрөөр хэлбэл Н.Т- нь хохирогч Б.Т-гийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулах зорилготой ирсэн бол анх уулзах үед санаа зорилгоо гүйцэлдүүлэх эсхүл явахад нь араас шууд дагаж бууж түүний биед халдах боломжтой байсан зэргээс харахад хохирогч Б.Т-гийн амь насыг хохироох зорилгоор биед нь халдсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Н.Т- залуу хүний хувьд хайр сэтгэлтэй болж, түүнийгээ илэрхийлж, бусдын хүсэл зоригийг үл харгалзан болчимгүй үйлдэл гаргаж хохироосондоо маш ихээр харамсаж, хохирол учруулсан өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарч, мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.400.000 төгрөг, шүүх хуралдаанаас завсарлага авч 28.122.450 төгрөг нийт 35.522.450 төгрөгийн төлбөрийг хохирогчид төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг тухай бүрт нь төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлж, тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа боловч зарим зүйл дээр хэмжээ хязгаараас хэтэрсэн зүйл ярьж байна. Хохирогч Б.Т- шүүх хуралдаанд оролцоогүй учраас хохирогчийн тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслэлгүй ярьж байна. Хэд хэдэн салаа утгатай зүйл ярьж байна. Хэргийн үйл баримтын хувьд урьдаас төлөвлөөгүй, хайр сэтгэлийн холбоотой байсан хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж ойлгуулж байна. Гэтэл хохирогч Б.Т- хутгыг урьдаас авч явсан. Гэрчүүдийн таслан зогсоох үйлдлийг Н.Т- эсэргүүцсэн. Хохирогчийн биед 14-15 ширхэг шарх, гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогчийн биед хүч хэрэглэснээс үүдэж 5-6 удаагийн зулгаралт үүссэн. Шүүгдэгч Б.Т- анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хайр сэтгэлийн холбоотой байсан талаар ярьж байна. Шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны ард урьд харилцаатай байсан хохирогч Б.Т-гийн амь биед халдаж гарын алга, сарвуу, хүзүү, чих, хацар, дух, зулай орчимд хутгалж, баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхи, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, зулайн орой хэсгийн хуйх, дух, баруун хацар, баруун чихний дээд дэлдэн, хүзүү, баруун гарын алга, чигчий, ядам хурууны салаа, эрхий хурууны ар хэсэгт шарх, дух,баруун чамархайн хуйх, зүүн бугалга, зүүн өвдөг, баруун бугуйн зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулан хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Т-гийн “...Т- гадуур хувцасныхаа халааснаас жижиг шар иштэй хутга гаргаад ирсэн. Тэр үед манай найз залуу эргэж хараад зугтаасан, Т- араас нь хөөж байгаад намайг өнгөрч явснаа гэнэт над руу эргэж харсан. Тэр үед би халаасандаа байсан хар өнгөтэй үрлэн сумтай гар бууг гаргаж ирэхэд Т- намайг үсдээд надтай зууралдаад Ц-нбаяр надаас салгах гээд оролдож эхэлсэн. Би газар уначихсан байсан учир босох гэхэд миний толгой нойтон оргиод мөр их хүнд байсан. Яг тухайн үед намайг хутгалчихсан гэж би бодоогүй, цааш хэд алхаж байгаад харахад хүмүүс тойроод зогсож байсан. Хүмүүс “Хутгыг нь яах юм бэ?” гэж орилолдоод байсан. Тэгэхээр нь би хэрэв хутга нь алга болчихвол болохгүй гэж бодоод цүнхэндээ аваад хийсэн гэж санаж байна. Нэг мэдэхэд нүд харанхуйлаад би газар уначихсан байсан. Хаашаа, хаашаа хэдэн удаа хутгалсныг нь би мэдэхгүй байна, намайг гараараа цохиж байсан юм шиг мэдрэгдэж байна. ...би өөр найз залуутай болсон гэдгээ хэлэх үед намайг ална гэх зэргээр заналхийлсэн чат бичих болсон. ...” /1хх 10-13, 84-86/,
гэрч Э.Э-ийн “....Т- над руу эргэж хараад халаасаа ухаж байгаад хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би зайгаа барих гээд холдоход миний араас хутгаа бариад хөөсөн. Би гүйж байгаад эргээд харахад манай найз охин Т-тэй Т- зууралдаад зогсож байгаад газар унасан. Хажууд нь байсан нэг танихгүй хүн гараас нь хутгыг нь салгасан. Би босоод Т-ийн нүүр хэсэг рүү 2 удаа, мөр хэсэгт нь нэг удаа цохисон. Т- дээр очиход цус алдсан байдалтай газар хэвтэж байсан. ... би очоод тэр залууг салгах гэтэл салахгүй Т- лүү дайраад байсан бас гартаа барьсан байсан хутгаа огт тавихгүй байсан, манай найз Ц-н бид хоёр нийлж байгаад гараас нь хутгыг нь салгасан. ...” /1хх 15/,
гэрч Э.Х-ын “....манай найз залуу руу Т- залгаад би хутгалуулчихлаа гэсэн... Монгол Улсын их сургуулийн 2 дугаар байрны Оюутан хөгжлийн төвийн урд талд олон хүмүүс зогссон байсан, би Т-ийг хамгийн түрүүнд олж харсан, би найзыгаа олж харахгүй байсан. Тэнд байсан хүмүүс Т-ийг барьчихсан манай найз Т-г найз залуу /Э-/ нь тэвэрсэн зогсож байсан. Очоод хүзүүг нь харсан чинь найз залуу нь цусыг нь дарсан байсан. Би Т- дээр очиход над руу чулуу барьж дайраад байсан. ...” /1хх 17-18/,
гэрч О.Ц-нын “.....Т- Т-гийн хүзүүний баруун доод хэсэгт нь хутгаараа олон удаа зоосон. Зоох үед хутга нь гүн орсон үгүйг би сайн хараагүй болохоор мэдэхгүй байна. Мөн хутгаар удаа дараа Т-гийн толгой болон хүзүүний баруун доод хэсэгт зоох үйлдэл гаргаж байх явцад Т- хүзүү, нүүрээ хаагаад байсан. Энэ үед би Э-тэй хамт Т-ийг Т-гээс холдуулж салгаад, татаж газарт унагаасан. Энэ үед би Т-ийн гарт байсан хутгыг салгаж, булааж авахад тусалсан. ....” /1хх 22-23/
Н.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...найз залуу нь над руу хүрч ирээд мөрөн дээр гараа давуулан тавьж тэврээд "чи яагаад байгаа юм бэ, гарчих уу" гэхээр нь би "тэгье, гарья" гэсэн. ...Тэд олуулаа байсан тул би айлгахаар хутга гаргаж ирсэн. Тэгсэн Т-гийн найз залуу нь цааш зугтаагаад гүйхээр нь би араас нь хэд алхахад тэр холдоод гүйсэн. Яг тэр үед миний уур хүрч, хажууд Т- байхаар нь дотроо "ингээд зугтчихдаг, ийм хүнтэй хамт байгаад байхдаа яадаг юм бэ" гэж бодоод уурандаа Т- рүү дайрч хутгалсан байсан. Тэр үед уурандаа ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна. Одоо би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Яагаад ийм үйлдэл гаргаснаа хэлж мэдэхгүй, нэг мэдэхэд л түүн рүү дайрч, хутгалсан байсан. Хамт байсан залуучууд нь намайг барьж аваад, би уурандаа түүнийг ална гэж дайрч, чарласнаа л санаж байна. ...” /1хх 26-29, 90-92, 129/ гэсэн мэдүүлгүүд,
“...Б.Т-гийн биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхи, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, зулайн орой хэсгийн хуйх, дух, баруун хацар, баруун чихний дээд дэлбэн, хүзүү, баруун гарын алга, чигчий, ядам хурууны салаа, эрхий хурууны ар хэсэгт шарх, дух, баруун чамархайн хуйх, зүүн бугалга, зүүн өвдөг, баруун бугуйнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12464 дүгээр дүгнэлт /1хх 44-46/,
“...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №12464 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар дүгнэлт /1хх 52-56/,
“...Б.Т-гийн сэтгэцэд 2023 оны 09 сарын 28-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 177дугаар дүгнэлт /1хх 156-158/
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 32-37/, хохирогч Б.Т-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 99-104/, шар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 108-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Т- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Т- хохирогч Б.Т-гийн гарын алга, сарвуу, хүзүү, чих, хацар, дух, зулай орчимд олон удаа хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж санаатай алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч Д.Оюунбаатар “...хүнийг алах санаа сэдэлт байгаагүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Хохирогч Б.Т- болон гэрч Э.Э-, Э.Х, О.Ц-н нарын мэдүүлснээр тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоосон байх бөгөөд уг нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийг хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж, гэмт үйлдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Тодруулбал, шүүгдэгч нь урьд найз нөхдийн харилцаатай байсан Б.Т-г өөр найз залуутай болсон гэх шалтгаанаар биед нь халдан гарын алга, сарвуу, хүзүү, чих, хацар, дух, зулай орчимд олон удаа /15-16 удаа/ хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газар байсан хүмүүс шүүгдэгчийн гарт байсан хутгыг булаан авч, түүнийг хохирогчоос холдуулснаар гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч нь хүнийг алахад чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч төгсөөгүй нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх тул Н.Т-ийн үйлдлийг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж анхан шатны шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ болон гэм буруугийн байдалд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Т-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1005 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН