| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2210031030147 |
| Дугаар | 2025/ДШМ/254 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.5.2.2., |
| Улсын яллагч | Б.Жамкяндорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/254
2025 02 20 2025/ДШМ/254
С.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж,
шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, Б.Билгүүн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/877 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч С.Намжилмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.М-д холбогдох эрүүгийн 2210031030147 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн;
Шүүгдэгч С.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Зүчи” зочид буудлын гадна “Toyota prius 20” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор найз охин болох Н.Э-ыг бусадтай хардсаны улмаас үсдэх, толгойгоор нь машины шил мөргүүлэх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан, “утасны код оо хэл” гэж хутга тулган шаардаж, “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М-ыг хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч С.Намжилмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралд шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв гэжээ. Хэрэгт авагдсан шүүгдэгч С.М-, гэрч Ц.И, Н.Х, Н.Н нарын мэдүүлгүүдээр хэн ч хохирогч Ц.Э-ын амь насыг хохироохыг завдсан үйлдэл хийсэн талаар мэдүүлээгүй. Харин улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э-аас “таныг ална гэж ярьсан зүйл байна уу” гэх асуултад “...С.М- би өөрийгөө алчих уу гээд байсан, энийгээ гарга гээд намайг загнасан, уушигны хагалгаанд орсноор амьсгал боогдоод бачимдаад хэцүү байсан, түүнээс яг намайг ална гэж бодоогүй, С.М- өөрөө хутгаа хаясан, С.М-ыг гарсны дараа би араас нь гарсан, ноцолдож байхдаа хувцас шүргэлцээд нүүр зулгарсан, хөлөөрөө тийчээд өвдөг хөхөрсөн байсан, гарах гээд ноцолдоход гэмтэл учирсан” гэх мэдүүлэгт дүгнэлт хийхэд мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу авагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүх анхааран үзсэнгүй. Өөрөөр хэлбэл хаалга дотроосоо, эсхүл гаднаасаа онгойдог эсэхийг шалгаж тогтоогоогүй төдийгүй С.М- өөрийн үйлдлээ сайн дураараа зогсоож машины хаалгаар С.М- гарч, хохирогч араас нь гарч байгаа үйлдэл болон шүүгдэгч, хохирогч нарын машин дотор болж байгаа үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироох бус, утасны кодыг гаргаад хэн гэх хүн байсныг мэдэхийн тулд хийсэн үйлдэл байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироох субьектив санаа зорилго, сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулдаг. Шүүгдэгч С.М-ын хувьд утасны кодыг гаргуулж, тэр залууг олж уулзах зорилгоор машин дотор хохирогч утсаа өгөхгүй, шүүгдэгч утсыг нь авч кодыг нь авахын тулд ноцолдож байгаа үйл баримт нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт С.М- мэдүүлэхдээ “...би Ц Э-ыг очиж авчихаад яаж хэлэх аргаа олоогүй, тэр залууг нь олоод уулзъя, яах гээд, ямар шалтгаанаар уулзсаныг мэдэх гэж хутга гаргасан, түүнээс алах гэж хутга гаргаж ирээгүй, урд талын суудал руу орилоод туслаарай гэх үед нь би сандраад айсандаа ичээд яваад өгсөн” гэх болон хохирогчийн “... хаалгыг С.М- өөрөө онгойлгоод та нар яах гээд байгаа юм гэж байсан, машинаас гаргахгүй кодоо хэл гээд байсан, өөрийгөө ална гээд хутгаа гаргаж ирээд кодоо хэл гээд байсан” гэснээс дүгнэхэд шүүгдэгч С.М- нь хохирогч Ц.Э-ын амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ...Хохирогч Ц.Э-, шүүгдэгч С.М- нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд С.М-ын үйлдэл нь гэрч Ц.И нарыг ирэхээс өмнө хутгаа газарт өөрөө хаяж байгаа ч машины хаалгыг онгойлгож өөрөө гарч байгаа үйлдэл нь гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхээр байгааг шүүх анхааран үзээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.М-ын үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн завдсан шинж байдлыг шалгах ажиллагааг орхигдуулсан гэж прокурорт буцаасан боловч мөрдөгч С.М-оос 2 удаа мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгдээгүй нь хэргийн зүйлчлэл, сэдэлт, субьектив санаа зорилго, шүүгдэгч, хохирогч нарын харилцаа холбоо зэргийг хуульд зааснаар тогтоогоогүйгээс шүүдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнийн “С.М-ын үйлдлийг танхайрах үйлдэл” гэсэн дүгнэлтийг хүлээн авсныг тэмдэглэсэн хэрнээ хохирогч Ц.Э-ын иргэдийн төлөөлөгчийн асуултад “С М- өөрөө хаалгаа онгойлгоод та нар яах гээд байгаа юм бэ" гэсэн хариултад дүгнэлт хийсэнгүй.
Өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэвч хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллахдаа яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтооно гэж заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийлгэхгүй байхыг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан болохуйц бодит мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байхыг хуульчилсан байхад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн боловч шүүх гэм буруугийн хурлаар шүүгдэгч С.М, хохирогч Ц.Э- нарын мэдүүлэг, хэргийн сэдэлт, субьектив санаа зорилго, зүйлчлэл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцаа зэрэгт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэв.
Шүүгдэгч С.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Н.Э-ыг алах санаа зорилго надад байгаагүй. Зөвхөн утасны код гаргуулах зорилго байсан. Н.Э- бид хоёр ноцолдож байхад хүүхдүүд ирсэн. Гэтэл Н.Э- машинаас гараад явсан. Би Н.Э-ын араас очиж эвлэрээд байж байхад эргүүлийн хоёр цагдаа ирээд “Амрыг эрье” гэж мэндлээд “танд хутга байна уу” гэхээр нь “байна гээд” гаргаж өгсөн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Н.Э-тай маргахгүйгээр салах боломж надад байсан. Үүнийг хожим ойлгосон. Энэ үйл явдал болохоос өмнө Дулааны цахилгааны станцад ажилд орсон байсан. Уг байгууллагадаа тэргүүний шилдэг ажилтнаар шалгарч мөнгөн шагналаар шагнуулсан. Цаашдаа тус байгууллагад ажиллах зорилготой байгаа. Надад маш их хүсэл мөрөөдөл, зорилго байгаа. ...” гэв.
Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа.
Тодруулбал, тус хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1273 дугаартай захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/928 дугаар магадлалаар С.М-ын үйлдэлд хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар огт шалгаагүй орхигдуулсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Үүнээс хойш яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан, мөрдөн байцаалтын хугацаа сунгасан, яллагдагчаас дахин мэдүүлэг авснаас өөрөөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл болон 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн ялгаа заагийг тодруулах, түүнтэй холбоотой мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг явуулаагүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой тээврийн хэрэгсэл дотор найз охин Н.Э-ыг бусадтай хардсаны улмаас утасны код оо хэл гэж хутга тулгаж үсдэх, толгойгоор нь машины шил мөргүүлэх, цохих зэргээр зодох үед хүмүүс тээврийн хэрэгслийн хаалгыг гадна талаас нээж хохирогч Н.Э-ын амьд явах эрхийн эсрэг хийсэн гэмт хэрэг таслан зогсоогдсон...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл автомашины хаалга нээгдсэнээр “Хүнийг алах”, “Заналхийлэх” “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн аль нь таслан зогсоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шинж нь ойролцоо төрлийн гэмт хэргийн шинжээс хэрхэн ялгагдаж байгааг дүгнэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хохирогч Н.Э-ын мэдүүлгүүдэд дараах дүгнэлтийг хийлээ. Тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “..намайг машиндаа суулгаад хаалгаа түгжээд суудлын дороос хар иштэй хутга гаргаж ирээд надад хандан би өөрийгөө алчихаад гэж хэлээд над руу дайрахаар нь би хутгыг нь холдуулах гээд гараа зүссэн, хутга нь суудлын хажуу руу унасан...” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд энэ тохиолдолд бусдыг алах үйлдэл буюу хутганы далайлт гарт нь цохигдон газар унаснаар таслан зогсоогдож хүнийг алах үйлдэл завдсан гэх нөхцөл байдлыг үүсэх магадлалтай байвч дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэнэ. Анагаахын шинжлэх ухаанд “Төрөл бүрийн гадны хүчний үйлчлэл, үйлчлэл шалтгааны улмаас арьс, салст бүрхэвч, булчин зэрэг зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдахыг шарх гэж нэрлэж, зулгарсан, зүсэгдсэн, няцарсан, урагдсан, хазагдсан, цавчигдсан, галт зэвсгийн, хатгагдсан, дарагдсан, түлэгдсэн, хордогдсон, туяаны, хавсарсан гэж ангилж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15949 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Н.Э-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуу, зүүн алга, зүүн гуяны цус хуралт, зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэснээр Н.Э-ын биед хурц үзүүр, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, зүсэгдсэн шарх үүсээгүй байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрэл зургийн үзүүлэлтийг шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Б авсан байх боловч цээж, дух, баруун талын хацрыг харуулснаас өөрөөр ямар нэгэн шарх сорвины гэрэл зургийн үзүүлэлт аваагүй болохыг дурдах нь зүйтэй. Зэвсгийн чанартай зүйл ба шүүгдэгчийн түүнтэй харилцах харилцааны талаар гэрчүүдийн мэдүүлгийн дараах зөрүү гарч байна. Гэрч Н.Х мэдүүлэгт “...Уг дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад үл таних эрэгтэй хүн гартаа хутга барьсан байдалтай алхаж байсан. Араас нь алхаж очоод “амрыг эрье, гартаа юун хутга барьсан байгаа билээ, тайван байгаарай хутгаа газар хаяараа” гэж хэлээд хутгаа хаяхыг шаардахад та 2 зүгээр байгаа дээрээ өөрсдөө явчих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 тухайн этгээдийн 2 талд гарч байгаад эхлээд тайвшраад хутгаа газарт хаячих тэгээд хэдүүлээ ярилцъя гэхэд тэр залуу хутгаа ишэн талаас Н өгсөн. Тэгээд тэр залууг хамт явсан эмэгтэйгээс холдуулан юу болсон учрыг асуухад хардалтын улмаас намайг айлган сүрдүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг тусгагдсан байх боловч гэрч М.Н-ын “...18-20 орчим насны саарал малгайтай цамцтай эрэгтэй хүн нэг охиныг сугадаад явж байхаар нь араас нь очоод амрыг эрье гэж хэлсэн чинь цаашаа хараад зогсохоор нь ...танд хутга байна уу? хутга чинь хаана байгаа вэ гэхэд ... цамцны урд халаасанд нь хар өнгийн бариултай хутга байсан. Би дэд ахлагч Хыг хутгыг аваад машинд хийчих гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудаст тэмдэглэгдсэн “...Зайсан-112 чиглэл дэслэгч М.Н, д.а Н.Х нар очиж шалгахад иргэн М- нь цамцныхаа халаасанд хутга нуусан байдалтай сэтгэл санааны байдал уурласан байв. Найз охин гэх Э-ын хамт зогсож байсан ба Э-ын баруун хөмсөгний дээд талд халцарсан байдалтай байсан тул тайлбар мэдүүлэг авч материалжуулан шалгаж байна.” гэх шийдвэрлэлтийн мэдээллээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл гэрч Н.Х-ын мэдүүлсэн шиг, автомашин доторх үйл явдлаас хойш хохирогчийг алахыг завдах үйлдэл гарган цагдаагийн шаардлагаар зогсоогдсон үйл баримт тогтоогдоогүй. Хутгаар сүрдүүлсэн гэх мэдээлэлд үндэслэн цагдаагийн байгууллагаас хутгыг сайн дураар гаргуулан авсан үйл баримт тогтоогдож байх ба хутгыг хураан авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нотлогдоно. Шүүгдэгч, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдэд гар утасны кодыг гаргуулах зорилгоор хутга гаргасан талаар аль, аль нь мэдүүлсэн байх ба гар утасны кодыг гаргуулах зорилгоор алах үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эдгээрээс дүгнэвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарны 31-ний өдрийн 2023/ШЗ/1273 дугаартай захирамжид дурдсан нотлох баримтуудаар хүнийг алах гэмт хэрэгт завдсан гэх үйл баримтыг шууд тогтоох боломжгүй бөгөөд хэргийг прокурорт буцааснаас хойш ямар ч ажиллагаа хийлгүйгээр, цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх ямар ч хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Хүнийг алах үйлдлийн завдалт нь хүнийг алах идэвхтэй үйлдлийг хийсэн байхыг шаардах бөгөөд хүнийг шууд үхэл хүргэх санаа зорилгыг агуулдгаараа онцлогтой. Хэргийн тохиолдолд хохирогчийн биед хутгаар дүрэх үйлдлийг хийсэн, энэ нь үхэлд хүргээгүй, үхсэн гэх ойлголт шүүгдэгчид төрсөн байхын зэрэгцээ бусдыг хутгалах, үхэлд хүргэх үйлдэл хийсэн бусад идэвхтэй хүчин зүйлсийн улмаас зогсоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор аюулын шинжээр түүний завдалтын үйлдлийг тодорхойлох бөгөөд хохирогчийг хутгалан алах, боож унагаах идэвхтэй үйлдэл нь хаалга онгойсноор зогсоогдох ямар ч боломжгүй.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүний гэм бурууг нотлох зорилгоор хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай, боломжит бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох эргэлзээ үүссэн бол шүүх няцаан үгүйсгэх үүрэгтэй бөгөөд “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй, үгүйсгэх боломжгүй бол холбогдогч этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэдэг. Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг гаргаагүй.
Хэргийн тохиолдолд шүүгдэгч С.М- нь хүнийг алах үйлдлийг идэвхтэй хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдлийг нотолсон хангалттай хэмжээний нотлох баримт хэрэгт цуглараагүй байх тул ашигтайгаар шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Хэргийн үйл баримт тодорхой С.М-, Н.Э- нар хоорондоо дотно харилцаатай, үерхдэг байсан. Хардалтын улмаас өөрийн найз охин Н.Э-ыг бүтэн шөнөжин бодож хоносны эцэст, маргааш өдөр нь С.М- хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг төлөвлөж машин дотроо гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоо эхлүүлсэн. Гэмт хэрэг үйлдлийнхээ дунд явцад, хөндлөнгийн хүчин зүйлээс буюу хохирогч эсэргүүцэж амь тэмцэж, орилж хашгирч, машины шилийг дотроос нь цохиж, тусламж гуйсны улмаас гадна явж байсан гэрч И-, найзуудын хамт хаалгыг татаж үйлдлийг таслан зогсоосон. Өмгөөлөгч нарын тайлбарыг сонсоход “хоорондоо ноцолдсон буюу зодолдсон” талаар дурдаж байна. Шүүгдэгч С.М-, хохирогч Н.Э- нар хоорондоо зодолдсон асуудал ерөөсөө байхгүй. Шүүгдэгч хохирогчийг цохиж, зодож алахыг завдсан. Мөн шуурхай удирдлагын тэмдэглэлд авагдсан баримт, цагдаагийн албан хаагч Х-ын өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байна. Шуурхай удирдлагын тэмдэглэлд авагдсан баримт цагдаагийн албан хаагч Х-ын өгсөн мэдүүлгийг нотолсон. Х-ын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч С.М-ын сэтгэл санаан тогтворгүй байсан талаар хангалттай нотлогдон, тогтоогдож байгаа. С.М- “та хоёр зүгээр байгаа дээрээ явчих уу,” гэж хэлээд байгаа үйлдэл нь юу илэрхийлээд байна. “Би та хоёрыг алах, хутгаараа дүрэх гэмтэл учруулах боломж бололцоо байгаа шүү” гэдгийг илэрхийлээд байгаа юм. Шүүгдэгч ууртай тухайн үедээ шийдэмгий байдалтай байсныг илэрхийлээд байна. Шүүгдэгч С.М- тайлбартаа хэлж байна, өмгөөлөгч нарын зүгээс ч дурдаж байна. “Хоорондоо эвлэрээд сугадалцаад явж” байсан талаар, шүүгдэгчийн хэлж байгаагаар эвлэрэхээр очсон юм бол яагаад тэр хутгыг авч очоод байгаа юм бэ, заавал хутгатай очиж эвлэрэх шаардлага байсан уу, хутга хоолойнд нь тулгаж хоолойг чинь хэрчинэ шүү. Надтай эвлэр гэж айлгаж сүрдүүлэхээр хутгаа авч очсон. Шүүгдэгчийн санаа сэдлийг хангалттай нотлон тогтоож байгаа. Хүнийг чирч, хүчээр авч явна гэдэг нь заавал ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж үсдэж, зулгааж, татаж авч явахыг хэлэхгүй. Магадгүй хүчээр сугадчихсан, хүчээр дагуулаад алхаад явж байсныг ч үгүйсгэхгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “машины хаалгыг шүүгдэгч онгойлгож бууж үйлдлээ таслан зогсоосон гэж яриад байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон нэг зүйл байгаа нь хаалгыг И- буюу гадна байсан хүүхдүүд онгойлгосон. Машин дотроос “эмэгтэй хүн цонх балбаад орилоод, туслаарай, авраарай гээд байхаар машины хаалгыг нь онгойлгоход, нэг хүн хутгатай, хутгаа нуусан байдалтай буугаад” ирсэн. “Та хүчирхийлэл үйлдээд” байна, ингэж болохгүй гэх шаардлагыг тавихад “та нарт ямар хамаатай юм бэ гээд хутгаа гаргаж ирээд далайсан байдаг. Энэ хооронд хохирогч хаалгаар гарч зугтаасан”. Хүүхдүүд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаагийн албан хаагчид дуудлага мэдээллийн дагуу шуурхай очиж энэ гэмт хэргийг илрүүлж таслан зогсоосон. “Сэтгэл санаа тогтворгүй байсан” гэж шүүгдэгч мэдүүлэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, хохирогчийн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч С.М-ыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Зүчи” зочид буудлын гадна “Toyota prius 20” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор найз охин болох Н.Э-ыг бусадтай хардсаны улмаас үсдэх, толгойгоор нь машины шил мөргүүлэх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи баруун шанаа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуу, зүүн алга, зүүн гуяны цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, “утасны код оо хэл” гэж хутга тулган шаардаж, “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж санаатай алахыг завдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М-ын Н.Э-ыг бусадтай хардан “утасны код оо” хэл гэж хутга тулгаж үсдэх, толгойгоор нь машины шил мөргүүлэх, цохих зэргээр зодох үед хүмүүс тээврийн хэрэгслийн хаалгыг гадна талаас нээж хохирогч Н.Э-ын амьд явах эрхийн эсрэг хийсэн гэмт үйлдэл таслан зогсоогдсон, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдлийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэж дүгнэн С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх С.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, улмаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, 88059360 дугаарын утаснаас “…“Toyota prius 20” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хутгатай залуу нэг эгчийг дарамтлаад байна. ...” гэсэн дуудлагыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж /1хх 9/, үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.
Үүнд: хохирогч Н.Э-ын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...хүүхдүүд ирээд наад эгчийгээ гарга гээд цонх тогшоод хэлэх үед нь би машинаас гарч явсан. ...” /1хх 32/,
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...намайг буух гэхэд буулгахгүй үснээс чирээд араас татаад хэсэг М-той ноцолдож байсан чинь гадаа явж байсан танихгүй хэсэг хүүхдүүд ирээд машины гаднаас “чи яагаад байгаан бэ, энэ эгчийг гаргаач ээ, чи хүн аллаа” гэж хэлсэн чинь С.М- машинаасаа буугаад тэр хүүхдүүдэд “та нарт хамаагүй зайл” гэж хэлэхээр нь би хурдхан шиг машинаас нь буусан. ...М- ирээд намайг чирэхээр нь би явахгүй гэж эсэргүүцсэн. ... ” /1хх 99/,
насанд хүрээгүй гэрч Ц.И-гийн “...машин дотор эмэгтэй хүн цонх балбаад “намайг гаргаач, авраач” гэж хэлэхээр нь хамт явж байсан Хүслэн хойд хаалгыг татаж онгойлгосон чинь миний харснаар машин дотор байсан эрэгтэй хүн эмэгтэй хүний үснээс зулгаагаад нэг гарын бугуй хэсгээс нь атгасан байдалтай байсан ...машинд байсан эрэгтэй хүн машинаас бууж ирээд “та нар яах гээд байгаа юм бэ? та нарт ямар хамаатай юм бэ” гэхээр нь “та яагаад эмэгтэй хүнийг үсдээд, татаад байгаа юм бэ? хүчирхийлэл үйлдээд байна ш дээ” гэсэн чинь баруун гартаа хутга барьсан байдалтай хутгаа нуугаад ханцуй хэсэг рүүгээ ишийг нь хийсэн байснаа гаргаж ирээд “та нар зүгээр зайл” гэж хэлэхээр нь бид нар хутгыг нь хараад айгаад зайгаа бариад зогсож байсан чинь бид нар луу хутгаараа далайж байгаад машиныхаа урд суудал дээр суусан чинь тухайн эмэгтэй машинаас буусан...би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага, мэдээлэл өгсөн. ...” /1хх 105-106/,
гэрч Н.Х-ын “...үл таних эрэгтэй хүн гартаа хутга барьсан байдалтай алхаж байсан. Араас нь очоод “амрыг эрье, гартаа юун хутга барьсан байгаа билээ?, тайван байгаарай, хутгаа газар хаяаарай” гэж шаардахад “та 2 зүгээр байгаа дээрээ өөрсдөө явчих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн этгээдийн хоёр талд нь гарч байгаад эхлээд тайвшраад хутгаа газар хаячих, тэгээд хэдүүлээ ярилцъя гэхэд тэр залуу хутгаа иш талаас нь Наранмандахад өгсөн...” /1хх 109-110/,
гэрч М.Наранмандахын “...эрэгтэй нь “манай найз охин өөр хүнтэй явалдаад байна” гэж хардсан маягтай сэтгэл санаа нь тогтворгүй байхаар нь “танд хутга байна уу, хутга чинь хаана байгаа вэ” гэж асуухад “танд хамаагүй, та цаанаа байж байх уу” гэхээр нь ахын дүү тайван, хутгаа газар хаячих, чиний асуудлыг шийдэхээр ирлээ гэж хэлээд хутгыг нь газар хаяулсан. ...” /1хх 115-116/ ,
С.М-ын яллагдагчаар өгсөн “...ноцолдож байх үед Э- урд талын хаалга онгойлгож машинаас буулгүй орилохдоо ямар нэгэн юм хэлээгүй. ...Э-ын талд хүүхэд суудаг болохоор дотроос нь онгойдоггүй түгжээн дээр тавьсан байсан. ...Э-ын үснээс татаж арын суудалд суулгаад байж байхад хүүхдүүд хаалга онгойлгосон. ...Э- машинаас буугаад гараад явсан” /1хх 58, 185/ гэсэн мэдүүлгүүд,
“...Н.Э-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, шанаа зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуу, зүүн зүүн гуяны цус хуралт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15949 дүгээр дүгнэлт /1хх 41-42/ зэрэг баримтууд авагджээ.
Эдгээр хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Зүчи” зочид буудлын гадна “Toyota prius 20” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор найз охин болох Н.Э-ыг бусадтай хардан “утасны код оо хэл” гэж хутга тулган, хүч хэрэглэн бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, ингэхдээ үсдэх, толгойгоор нь машины шил мөргүүлэх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи баруун шанаа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуу, зүүн алга, зүүн гуяны цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шинжийг тус тус хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2210031030147 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоор С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба тэрээр тухайн яллагдагчаар татах тогтоолтой танилцан, мэдүүлэг өгсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.” гэж заасантай нийцжээ.
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1273 дугаар захирамжаар “яллагдагч С.М-ын үйлдэлд хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинж байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар огт шалгаагүй орхигдуулсан” талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр зааж хэргийг прокурорт буцаасан 1хх 169-172/ бөгөөд үүний дагуу С.М-оос 2024 оны 01 дүгээр сарын 08, 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд /1хх 184-185, 204-205/ дахин мэдүүлэг авснаас /өмнөх өгсөн мэдүүлгийн агуулга өөрчлөгдөөгүй/ өөрөөр ямар ч ажиллагаа хийлгүйгээр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай. ...” гэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд С.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг болон бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 сарын хорих ял оногдуулж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.М-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/877 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…Хамба овгийн Сорогбаатарын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,
2 дахь заалтыг “...шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
тогтоох хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН