| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2202000560159 |
| Дугаар | 2025/ДШМ/255 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/255
2025 02 20 2025/ДШМ/255
Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд,
шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.СайнГ-, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн 2202000560159 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б-,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлөөр суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дээрх 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн;
2. М-,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;
3. Г-,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
1. Э.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** зочид буудлын 302 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0.4820 грамм, цэвэр жин 0.0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр **улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0.4524 грамм, цэвэр жин нь 0.1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-оос 8.000.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7.6372 грамм, цэвэр жин нь 5.1306 грамм жинтэй 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
2. Б.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн орчимд түүнээс 8.000.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,
3. Х.Г- нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,
мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.М-, Х.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг,
шүүгдэгч Б.М-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж,
Г-ийг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
М-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг худалдаалах зорилгогүйгээр олж авч, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Х.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүгдэгч Х.Г- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
шүүгдэгч Б.М-од оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 271 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүний биечлэн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 /ес/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.М- шүүхээс оногдуулсан 9 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 290 /хоёр зуун ер/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Х.Г- цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, 04-02 улсын дугаартай, “Mercedes Benz Е200” загварын автомашины үнийг гаргуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээж авах шаардлагагүй болохыг тус тус дурдаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 602 дугаар захирамжаар шүүгдэгч Э.Б-д авагдсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 904 дүгээр захирамжаар шүүгдэгч Б.М-од авагдсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 879 дүгээр захирамжаар шүүгдэгч Х.Г-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Г-, Б.М- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн талаарх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Прокуророос Э.Б-ыг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, Х.Г-, Б.М- нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан гэж прокурорын яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.З- “...Буудлын өрөөний ширээн дээр байсан мөс гэх бодис нь Б-ынх байгаа юм. Түүнийг Б- 2022 оны 5 дугаар сарын 2-ны орой 21 цагийн үед буудлаас гараад 23 цагийн үед буцаж орж ирэх үедээ авчирсан. 23 цагийн үед бид хоёр хамт хэрэглээд юм яриад сууж байх үед гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирээд бид хоёрыг барьж авсан’’, гэрч А.Ганбаяр “...Б- ах намайг 19-н үйлчилгээний төвийн ардаас машинтайгаа ирж аваад бид хоёр замаараа Гэрлээ гэх эмэгтэйг Мишээл экспо төвийн эсрэг талаас замын хажуугаас аваад Б- ах Г-ээтэй мөс гэх бодисыг худалдан авах талаар болон олдох талаар асууж Г-ээ олдоно, 10 дугаар хороолол руу явъя гээд 3-уулаа хамт явсан. Тухайн үедээ замаараа Барс захын эсрэг талаас Од гэх залууг авч 4-үүлээ 10 дугаар хороолол орсон. 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд зогсож Б- бэлэн мөнгө өгсөн хэдэн төгрөг өгснийг нь хэлж мэдэхгүй байна. Г-ээ машинаас ганцаараа буугаад удалгүй буцаж орж ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг Б- ахад өгч тэндээсээ хөдлөөд нэг байрны хажуу талд очиж авсан мөсөө Г-ээ, Б- ах хоёр хэрэглэсэн. Од бид хоёр хэрэглээгүй машины хойд суудал дээр сууж байсан, тэндээс Од буугаад явсан. Харин Б- ах Г-ээгээс авсан мөсөө хэрэглэж үзээд дахиж авахаар болоод андуудын автобусны буудлын замын урд хэсэг рүү очиж Г-ээ Б-гаас дахин бэлэн мөнгө аваад машинаас бууж мөс гэх бодисыг авчирч өгөөд 3-уулаа машинтайгаа хөдөлж Г-ээг Нарны гүүр даваад гэрлэн дохио өнгөрч буулгаад Б- ах бид хоёр 120 руу явж би гэрийнхээ гадаа буусан. Түүнээс хойш цагдаад баригдах хүртлээ уулзаагүй”, яллагдагч Э.Б- “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр М-той утсаар холбогдож уулзаад мөс гэх бодис олдох талаар асуухад 8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье гэхээр нь зөвшөөрч хамт явж Бөмбөгөрийн АТМ-с 8 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5721260204 дугаарын данснаас бэлнээр авч М-од өгсөн. М- миний мөнгийг аваад надаас салаад явсан ба 2 цаг орчим болоод гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. Хэнээс авсан талаар асуухад Турк-д байдаг Хосоо гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн. ...2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан байгаа. Харин машинаас илэрсэн олон жижиг уутны хамт хийсэн мөсийг би Г-ээ буюу 60-н Г-ээ хочтой эмэгтэйгээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0.8 грамм хэмжээтэй, мөн 1.6 сая төгрөгөөр 0.8 грамм хэмжээтэй мөс 2 удаа худалдан авсан. Түүнээс өмнө нь бол Г-ээ болон Мөнх- Од гэх хүмүүсээс мансууруулах бодис худалдан авч байгаагүй” гэсэн мэдүүлгүүдээр Э.Б-ыг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, Х.Г-, Б.М- нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д худалдсан болох нь нотлогдож байна. Гэтэл шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Х.Г-, Б.М- нарын шүүгдэгч Э.Б-д худалдсан гэх “мөс” гэх нэршилтэй бодисыг бусдаас авч өгсөн гэх мэдүүлэгт үндэслэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэл муутай байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-д шүүгдэгч Х.Г- нь 2024 оны 4 дүгээр 28-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөгөөр нийт 0.9845 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, шүүгдэгч Б.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 8.000.000 төгрөгөөр нийт 7.6372 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан үйл баримт тогтоогддог. Мөн шүүгдэгч Б.М-ын үйлдэлтэй холбоотойгоор шүүгдэгч Б.М-ын “Хаан” банкны дансанд шилжсэн “мөс” гэх нэршилтэй бодис худалдсан үнэ. түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өгсөн шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “Хаан” банкны дансанд орсон гэх шүүгдэгч Э.Б-аас шилжин орсон мөнгөн гүйлгээ нь “мөс” гэх нэршилтэй бараанаас бусад бараа худалдан авахаар шилжүүлсэн үнийн дүн гэж маргасан талаарх мэдүүлгийг үгүйсгэсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Анхан шатны шүүхээс урьд нь хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/879, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/904 дүгээр захирамжуудаар тус тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Дээрх захирамжуудад дурдсан мөрдөн шалгах ажиллагаанууд нь хэрэгт авагдаагүй, дан ганц шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан хүсэлтэд дурдагдсан үйл баримтуудыг тогтоох ажиллагаанууд хамаардаг. Шүүгчийн захирамжид дурдсан О.Аминаа гэгчийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрчээр мэдүүлэг авахад шүүгдэгч Х.Г-д “мөс” гэх- нэршилтэй бодисыг худалдаагүй талаар мэдүүлсээр байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй асуудлыг хийсвэрлэн дүгнэсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор үйлдсэн үйлдлийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүх “...логикийн хувьд хэрвээ шүүгдэгч Х.Г-, Б.М- нар нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад “худалдсан” юм бол шүүгдэгч Э.Б- нь “мөс”-ийг хууль бусаар олж авч, хадгалсан үйлдэлдээ зөвхөн буруутгагдах биш уг гэмт хэргийг зохион байгуулагч гэж үзэх үндэслэлтэй. Учир нь өөрийн хүсэл зоригоос үл хамаарч бусдаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамт байхдаа хийлгүүлж байгаа хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон түүнд гүйцэтгэгч, хамжигчаас бага ял оногдуулах үндэслэл болохгүй бөгөөд энэ байдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэжээ. Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Э.Б- нь Х.Г-, Б.М- нараас “мөс” авахаар тохироод улмаар мөнгөөр худалдаж авсан үйл баримт тогтоогдсон байхад Э.Б-ыг уг гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Б- нь Х.Г-, Б.М- нарыг сэтгэцэд нөлөөт бодисоо тэндээс, тэрнээс ав гэх мэтээр удирдсан, төлөвлөсөн, зохион байгуулсан үйлдэл огт хийгээгүй байхад ийнхүү өрөөсгөл дүгнэсэн нь хууль ёсны бус болжээ.
Х.Г- нь урьд энэ гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байхад шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б.М-ыг 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохироогүй илтэд хөнгөн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Анхан шатын шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Прокуророос шүүгдэгч Х.Г-ийг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг худалдан борлуулж, ашиг олсон гэж ялласан. Шүүгдэгч Х.Г-ийн тухайд тухайн бодисыг өмнө нь зохион байгуулалттайгаар олж авсан, бэлдсэн, худалдан борлуулсан, түүнээс ашиг олсон үйл баримт тогтоогдоогүй. Х.Г-ийн мэдүүлгээс гадна гэрч Ганбаяр, шүүгдэгч С.М-, Э.Б- нар мэдүүлдэг. Тухайн өдөр Х.Г-ийг гэртээ байхад нь Э.Б-, н.Ганбаяр нар машинтай гэрийнх нь гаднаас очиж аваад “хаанаас яаж сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах боломжтой вэ” гэж гуйгаад, Амина гэх эмэгтэйтэй холбогдоод, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын тэндээс авсан. Хөнгөрүүлэн зүйлчилсэн, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй . Шүүгдэгч Э.Б-ын тухайд, Х.Г-, Б.М- нарыг “сэтгэцэд нөлөөт бодис олоод өгөөч, хямд зарах хүн байна уу” гэж асууж, хайлгаад олуулаад байгаа үйл баримт байдаг. Шүүхээс зохион байгуулсан, гүйцэтгэсэн хүний ялыг ялгамжтай байдлаар ялгаж салгаж оноосон нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Х.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйгаад, “дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ” илэрхийлсэн. Тэрээр “бага насны буюу зургаан настай хоёр ихэр хүүхдээ асран хамгаалдаг. Өрх толгойлсон эх. Хувийн нөхцөл байдлыг харгалзаж ялын хөнгөрүүлж өгнө үү” гэж анхан шатны шүүх хуралдаанд хүсэлтээ гаргаж дээрх ял шийтгэл оногдуулсан. Х.Г-ийн тухайд, Амина гэх эмэгтэйг заасан. Энэ худлаа байгаагүй. Хэргийг давж заалдах шатны шүүхээс буцаахад, хорих 407 дугаар ангид хоригдож байсан Амина гэх эмэгтэй Х.Г-ийг таньж байсан. Амина гэх эмэгтэйг огт байгаагүй, худлаа зохиосон асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Б- мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 жилийн хорих ял оногдуулсан, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Харин хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт цугларсан баримтаар Э.Б- сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, хадгалах гэмт хэргийг зохион байгуулсан гэх хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүх хуралд гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх хоёр өгүүлбэрийг тавьсан байна. Бусад нотлох баримтуудыг дурдсан байдаг боловч давж заалдах шатны эсэргүүцэл болон гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-40 дүгээр зүйл, заалтыг прокурор буруу хэрэглэсэн талаар эсэргүүцэлдээ дурдсан зүйл байхгүй байна. Прокурорын эсэргүүцэл ойлгомжгүй, үндэслэл бүхий биш байна. Мөн шүүх ямар хуулийг хэрэглэх ёстой байснаа хэрэглээгүй гэж үзсэн нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оруулж ирснийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хөнгөрүүлэн зүйлчилсэн. Тэгвэл хөнгөрүүлж зүйлчилсэн эрх нь байхгүй байсан уу, хөнгөрүүлэн зүйлчилсэн нь яагаад буруу вэ гэдгийг тодорхой үйл баримтаар дурдсангүй. Мөн хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн бол ямар хуулийг хэрэглэх ёстой байсан талаар эсэргүүцэлдээ дурдах байсан. Худалдах зорилгогүй гэдэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч байгаа ч гэсэн өөртөө ашиг олоогүй учраас шүүх хөнгөрүүлж зүйлчилсэн. Энэ ямар баримтаар яаж тогтоогдоод байна гэхээр Э.Б- Х.Г-ээс сэтгэцэд нөлөөт бодисыг ”олж өгөөч” гэж хүсдэг, нөгөө хүмүүс нь олж өгөх гэж хайгаад байдаг. Ялангуяа М-ын үйлдэл мөнгөө өөртөө аваагүй. Э.Б-ын өгсөн мөнгийг бүгдийг нь Хосбаатар луу шилжүүлчихсэн байдаг. Дундаас нь өөртөө ашиг олоогүй, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисоосоо хувааж аваагүй. Өөртөө хэрэглээгүй болохоор өөртөө давуу байдал олж ашиг олоогүй учраас худалдаалах зорилгогүйгээр гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ноцтой зөрчил байгаа. Хэргийг шалгаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нууц эх сурвалжаар хэрэг бүртгэлтийг эхлүүлж, нууцын магадлагаатай байсан ч энэ талаар танилцуулаагүй. Магадлагаа нь ”Б” гэдэг хүн рүү чиглээд 2022 оны 01 дүгээр сараас эхлээд ажиглаж байсан. М-ыг 6, 7 сард энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан атлаа өмнө ял шийтгүүлсэн хэрэгтэй нь нэгтгэж шалгаагүй. Гэтэл тэр хэрэг нь энэ хэргээс сүүлд үйлдэгдсэн хэрэг байхад хэргийг нь нэгтгэхгүй тус тусад нь ял шийтгүүлсэн. Нэг хүний үйлдлийг хоёр шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Б.М-ын эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэлд, төр хариуцлага хүлээх ёстой. Яагаад Хосбаатар гэдэг хүний данс руу мөнгө шилжчихээд байхад олж тогтоохгүй байна. Нууц магадалгаа байсан юм бол илрүүлэх эх сурвалжийг нь олж тогтоох үүрэг Х.Г-, М- хоёр биш, мөрдөгч Жаргал болон прокуроруудад байсан. Гэтэл зөвхөн мөнгө шилжсэн гэх сэжүүр гарангуут Б.М-ыг олж ашиг авч, худалдсан гэж ял тулгаж болохгүй. Давж заалдах шатын шүүхээс буцаахдаа хэргийнх нь хүрээнд анхан шатын шүүх хууль зүйн дүгнэлт хийгээд шийдэх боломжтой гэж буцаасан болохоос биш, хүндрүүлэн шийдээрэй гэж буцаагаагүй. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн гол зарчим нотлогдохгүй, гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдээд байвал хөнгөрүүлнэ гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгчдэд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар болон хэргийн оролцогчид хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэг яллагдагчийн мэдүүлгээр нөгөө яллагдагчийг худалдан борлуулсан мэтээр хүндрүүлж зүйлчилсэн нь хуульд хэрхэн нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хариуцлагыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд, тухайн хэргийн үйл баримт, нөхцөл байдалд уялдуулж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулдаг. Хувийн байдалтай холбоотойгоор Б.М- нь өмнө шүүхээс нэг жилийн хорих ял аваад, ялаа эдлээд гарч ирсэн. Нэг мөрдөгч, хоёр прокуророос болж хэрэг нь нэгтгэгдэхгүй явсаар байгаад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлаж, үнэн зөв шийдвэр гаргаж, Б.М-од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн шинжид тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;
Прокуророос Э.Б-ыг “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Б.М-ыг 8.000.000 төгрөг бэлнээр авч, 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д худалдсан гэж,
Х.Г-ийг үргэлжилсэн үйлдлээр 3.000.000 төгрөг авч, 0.9845 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д худалдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн 2202000560159 дугаартай хэргийг хэлэлцээд, “... шүүгдэгч Э.Б- нь “мөс” гэх нэршилтэй бодисыг олж авахын тулд /олж хэрэглэхийн тулд/ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Х.Г-, гэрч А.Ганбаяр, шүүгдэгч Б.М- нарыг дагуулж явсан, улмаар шүүгдэгч Х.Г- нь шүүгдэгч Э.Б-аас 3.000.000 төгрөг авч, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол орчмоос, мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны зүүн тал орчмоос очиж “мөс” гэх бодисыг бусдаас авч өгсөн, шүүгдэгч Б.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Э.Б-ын хамт явж байхдаа 8.000.000 төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн баруун тал орчмоос “мөс” гэх бодисыг бусдаас авч өгсөн болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г-, шүүгдэгч Б.М- нар өөрсдөдөө байсан “мөс” гэх бодисыг шүүгдэгч Э.Б-д худалдаагүй, “худалдсан” мөнгийг нь өөртөө авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. ...” гэж дүгнэн, Х.Г-, Б.М- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн энэхүү хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм.
Анхан шатны шүүх Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би хүнээс мөс худалдаж авах үедээ ашиглах зорилгоор тухайн жинг худалдаж авсан. ....2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М-той утсаар холбогдож мөс олдох талаар асуухад “8.000.000 төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч хамт явж Бөмбөгөрийн АТМ-с 8.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5721260204 дугаарын данснаас бэлнээр авч М-од өгсөн. М- миний мөнгийг аваад надаас салаад явсан ба 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. ...мөснөөс өөрөө хэрэглэсэн ба үлдсэн нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан. Харин машинаас илэрсэн олон жижиг уутны хамт хийсэн мөсийг Г-ээ гэх эмэгтэйгээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0.8 грамм, 1.6 сая төгрөгөөр 0.8 грамм мөс худалдаж авсан. ...” /1хх 181, 240, 2хх 245, 3хх 74/, гэрч А.Г-ын “...Б- ах хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна, Г-ээ машинаас ганцаараа буугаад удалгүй буцаж орж ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг Б- ахад өгсөн. ...Б- ахыг хэдэн удаа мөс гэх бодисыг худалдан авч байгаа талаар мэдэхгүй ...хоёр удаа бэлэн мөнгө өгч мөс авсан. ...” гэсэн /1хх 190, 3хх 64/ мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 137-143/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 144-149/, Э.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 78-80, 122/, Б.Хосбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 177/, Э.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээс хураан авсан мөс гэх зүйлд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2550 дугаар дүгнэлт /1хх 194-196/, хэргийн газраас хураан авсан эд зүйлд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2551 дүгээр дүгнэлт /1хх 202-204/, “...Э.Б-ын биеэс метамфетамин илэрсэн. ...” талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2597 дугаар дүгнэлт /1хх 202-204/ зэрэг нотлох баримтуудыг хэрхэн яаж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж байгаа талаар тодорхой зааж чадаагүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Э.Б- нь Б.М-од 8.000.000 сая төгрөг, Х.Г-д 3.000.000 төгрөгийг өгсний дараа сэтгэцэд нөлөөт бодисыг тэднээс шууд аваагүй хэсэг хугацааны дараа авчирч өгсөн /өөрийнх нь мэдүүлснээр/ гэх бөгөөд энэ нь тодорхой үнэ өртгөөр дээрх эд зүйлийг худалдан авч буй явдал мөн тул төлбөрийг хүлээн авсан шүүгдэгчийн үйлдлийг уг гэмт хэргийн худалдаалах зорилгогүйгээр худалдсан гэх шинжид хамааруулан үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хөрш орнууд бүс нутаг болон манай улсын “зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг харгалзан үзэхэд “худалдаалах зорилгоор олж авсан” /худалдсан/ гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр шүүх “...логикийн хувьд хэрвээ шүүгдэгч Х.Г-, Б.М- нар нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад “худалдсан” юм бол шүүгдэгч Э.Б- нь “мөс”-ийг хууль бусаар олж авч, хадгалсан үйлдэлдээ зөвхөн буруутгагдах биш түүнийг уг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэх үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчсөн, шүүгдэгч нарын хувьд урьдаас үгсэн тохиролцож, Э.Б- нь энэ хэргийг зохион байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийн нөхцөл байдлаас хальсан дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-, Х.Г-, Б.М- нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...Х.Г- энэ гэмт хэрэгт хоёр удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр оролцсон боловч тэрээр хувийн байдлын хувьд бага насны хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, ...Б.М- нь энэ хэрэгтээ 271 хоног буюу 9 сар гаруй хугацаанд цагдан хоригдсон, шүүхээс гэм буруутайд тооцсоны дагуу оногдуулах эрүүгийн хариуцлагыг зохих хэмжээгээр биечлэн эдэлсэн байх. ...” гэж дүгнэн тухайн зүйлд зааснаар Б.М-од зорчих эрх хязгаарлах ял, Х.Г-д хорих оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Э.Б-д тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байдал зэргээс үзэхэд тэдгээрт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Улсболдын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих, шүүгдэгч Б.М-, Х.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих, шүүгдэгч Б.М-, Х.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН