Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01759

 

 

 

 

 

 

 

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01804 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч Б.Ц холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 28 275 165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Цог 2018 оны 05 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад хандаж, өөрийн эзэмшлийн Тоёота Алфард маркийн, 17-37 УНХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашин, Тоёота Ланд Круйзер 100 маркийн, 88-10 УНС улсын дугаартай саарал өнгийн автомашинуудыг барьцаалан 30 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг, хүлээн авснаар зээл болон фидуцийн гэрээ байгуулсан.

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Ц 30 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч нь 2018 оны 11 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй учраас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй гэдэг нь тодорхой болсон. 2019 оны 03 сарын 15-ны өдөр фидуцийн гэрээний дагуу хураагдсан байсан Тоёота Алфард маркийн автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан ба уг үнээс гэрээнд заасны дагуу автомашины зогсоолын төлбөр болон тухайн тээврийн хэрэгслийн татвар зэргийг хасаж, үлдсэн үнийн дүнг зээлийн гэрээний үүргээс хассан.

Иймд 2020 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 20 085 000 төгрөг, хүү 7 426 265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 763 899 төгрөг, нийт 28 275 165 төгрөг гаргуулах шаардлагаа шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан 1 184 000 төгрөгөөр багасгаж, нийт 27 091 165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Тоёота Ланд Круйзер 100 маркийн 88-10 УНС улсын дугаартай саарал өнгийн автомашинаар хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.Цог нэхэмжлэгч П ХХК /цаашид ББСБ гэх/-тай 2018 оны 05 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 32 000 000 төгрөг зээлсэн. Ингээд зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж байхад нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 сард 32 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг шалгах шаардлагатай байна гэж аваад бусдад худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Б.Цог нь нэхэмжлэгч ББСБ-аас зээл авах хүсэлт гаргахдаа дээрх 2 автомашиныг 35 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг ББСБ-ын зүгээс хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгчийн хувьд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж байсан боловч ББСБ нь 1 сарын хүү төлөөгүй гэх үндэслэлээр 35 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг 2018 оны 12 сард өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар өөрсдийн үзэмжээр захиран зарцуулсан байна. Энэ талаар Б.Ц мэдэгдээгүй байхаас гадна тэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан гэж ойлгосон. Иймд 2018 оны 05 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 35 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг зах зээлд байхгүй үнэ 15 000 000 төгрөгт бусдад худалдан борлуулж хохирол учруулсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт заасны дагуу П ХХК-аас 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талууд зээл авсантай маргадаггүй бөгөөд фидуцийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Фидуцийн гэрээнд Тоёота Алфард маркийн автомашиныг 15 000 000 төгрөг, Тоёота ландкруйзер 100 маркийн автомашиныг 16 000 000 төгрөгт худалдан борлуулахаар харилцан тохиролцож гарын үсэг зурцгаасан. Нэхэмжлэгчийн хувьд барьцааны зүйл болох Тоёота Алфард маркийн автомашиныг худалдан борлуулахаас өмнө буюу 2019 оны 03 сарын 05-ны өдөр зээлийн хугацаа хэтрэлттэй байх үед нь үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллагаар үнэлүүлэхэд 14 800 000 төгрөгөөр тогтоосон. Ингээд Б.Ц зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрэлт болон автомашины үнэлгээ, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнээр худалдан борлуулалт хийж, үндсэн зээлийн төлбөрөөс хасах талаар мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 03 сарын 15-ны өдөр хариуцагч ...автомашины зах зээлийн үнэлгээг гаргаад, үндсэн зээлээс хасаж тооцуулах... гэсэн хүсэлт бичгээр нэхэмжлэгчид гаргасан. Уг бичгийн дагуу автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргээс хассан. Итгэлт эстимэйт ХХК-аас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 184 000 төгрөгийг хасаж шаардсан.

Нэхэмжлэгч ББСБ-ын хувьд зээлдэгч гэрээний үүргийг 3 сарын хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд холбогдох газарт нь ханддаг. Б.Цог хугацаа сунгах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд хугацаа хэтрэлттэй байсан нь нотлох баримтаар тогтоогдоно. Маргаан бүхий автомашиныг 35 000 000 төгрөгийн үнэтэй гэх баримтыг хариуцагч талаас гаргаагүй. Итгэлт эстимэйт ХХК-аас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цогоос 26 991 247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлээс 99 918 төгрөгийн шаардлага болон фидуцийн зүйл болох 88-10 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-д холбогдох автомашины зөрүү үнэ 20 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Б.Цогийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 540 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цогоос улсын тэмдэгтийн хураамжид 292 906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Б.Цог зээлийн гэрээний дагуу 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын зээлийн хүүд 6 300 000 төгрөг, үндсэн зээлд 1 799 000 төгрөг, нийт 8 099 000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч ББСБ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэдэггүй атал хууль зөрчиж, хариуцагчийн зээлийн төлөлтөд төлж байсан төлбөрөөс удаа дараа үндэслэлгүйгээр торгууль тооцож суутгасан нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогддог. Анхан шатны шүүх төлсөн төлбөрөөс торгууль суутгасан талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч дээрх автомашиныг худалдан борлуулсан 15 000 000 төгрөгөөс хэдийг нь нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлд хасаж тооцсон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох, зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэр дүнгээс бүрдэнэ гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийг хугацаа хэтэрсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн үүргээс эхэлж төлөхөөр сонголт хийсэн гэх үндэслэл тогтоогддоггүй болно.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч ББСБ-аас зээл хүсэхдээ маргаан бүхий автомашиныг 35 000 000 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч уг үнийг хүлээн зөвшөөрснөөр 30 000 000 төгрөгийн зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн анкетаар нотлогддог. Нэхэмжлэгч Прогресс капитал ББСБ ХХК нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг биетээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хариуцагчид 2019 оны 01 сард зээлийн гэрээ, фидуцийн гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа талаар мэдэгдэж улмаар 2019 оны 03 сарын 15-ны өдөр автомашиныг өөрийн үзэмжээр зах зээлд байгаагүй үнээр буюу 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан байсан. Б.Цог нь Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг зах зээлийн үнээр зарж борлуулан зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулах саналыг нэхэмжлэгчид гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна худалдан борлуулсан талаар ч огт мэдэгдээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь Тоёота Алфард маркийн авто машины зах зээлийн үнэлгээг өртөг, зах зээл, орлого, жишиг аргын хандлагыг ашигласнаас гадна Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланд дурдагдсан автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үндэслэн шүүгчийн захирамжид дурдагдсан 2018 оны 05 сарын байдлаар 27 310 000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар 23 220 000 төгрөгийн үнэ цэнтэй байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Шинжээч Итгэлт инвест ХХК нь автомашины зах зээлийн үнэлгээг 2018 оны 05 сарын байдлаар 17 323 880 төгрөг, 2019 оны 03 сарын байдлаар 16 184 000 төгрөгийн үнэ цэнтэй гэсэн нь илт нэг талыг барьсан, үнэлгээг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, илт үндэслэлгүй дүгнэлт байсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ тус тус хийлгэх боломжтой гэж заасан байдаг. Шинжээчийн нэг автомашин дээр хийгдсэн дүгнэлт илт зөрүүтэй байхад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно. Б.Цогийн фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашины 2018 онд зах зээлд худалдагдан борлуулагдсан дундаж үнэ 30 000 000 орчим төгрөг, 2019 онд 25 000 000 орчим төгрөгийн үнэ цэнтэй байсан болно. Б.Цогийн зүгээс шинжээч Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг зах зээлийн бодит үнэ ханштай ойролцоо, автомашин худалдан борлуулдаг цахим мэдээлэлтэй харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа болно.Нэхэмжлэгч ББСБ нь хариуцагчийн фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг зах зээлийн үнэ ханшаар худалдан борлуулах хүсэлтийг хүлээн аваагүй атлаа 2019 оны 03 сарын 15-ны өдөр зах зээлд огт байхгүй үнэлгээ болох 15 000 000 төгрөгт худалдан борлуулж хариуцагчид хохирол учруулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Б.Ц холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 271 758 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах гэсэн шаардлага гаргасан боловч /хх 1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнийн дүнг 28 275 165 төгрөг гэж нэмэгдүүлснийгээ /хх 76, 165/ шүүх хуралдааны явцад 1 184 000 төгрөгөөр багасгаж, нийт 27 091 165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /хх 175-176/

 

Хариуцагчийн хувьд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч /хх 19/ П ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл Тоёота Алфард маркийн автомашиныг гэрээний хугацаа дуусаагүй байхад зах зээлийн ханшнаас доогуур үнээр бусдад худалдан борлуулсан тул 30 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх81/ Уг шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар хохирол 20 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчлөн нэхэмжилснийг, нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна. /хх 90, 98-99/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 14-18051360 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн 14-18051360 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх7-9/, гэрээний агуулга, нөхцөл зэргийг харьцуулан үнэлбэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан, тэдгээр нь хуульд заасан шаардлага хангасан байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх зээлдэгч буюу Б.Цогийн зээлийн гэрээгээр биелүүлбэл зохих мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг буруу тооцоолсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, талуудын хооронд 2018 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан дээрх зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь зээлдэгч Б.Ц 30 000 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь 2019 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл зээл, хүүгийн төлбөрт нийт 39 108 475.39 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг харилцан тохиролцож хүлээсэн байна. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Цог өөрийн эзэмшлийн Тоёота Алфард, Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, эзэмшлийг өөрт үлдээсэн зэрэг үйл баримтад талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Алфард маркийн автомашиныг 2019 оны 03 сарын 15-ны өдөр бусдад 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан нөхцөл байдал нь хууль болон гэрээнд нийцсэн эсэх, улмаар тухайн мөнгөн хөрөнгө болох 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хуульд заасны дагуу тооцон суутгасан эсэх нь маргааны гол зүйл болсон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн дансны хуулганы хөлийн дүн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс зөрүүтэй, ойлгомжгүй байх тул зээлийн гэрээнд тусгагдсан нөхцөлийг үндэслэн хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Зээлдэгч Б.Цог нь 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүд нийт 39 108 475.39 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний хугацаанд төлсөн нийт 6 622 000 төгрөгийг хасвал, гэрээний хугацаа дуусах үед 32 486 475 төгрөгийн буюу үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 2 486 475 төгрөг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, гэрээний 2.11-д тус тус зааснаар зээлийн үндсэн төлбөр, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ББСБ нь талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Алфард маркийн автомашиныг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр бусдад худалдан борлуулж, уг үнийн дүнг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлсон нь буруу. Зүй нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дуусах үед тухайн хөдлөх эд хөрөнгөөр үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах талаар зохицуулсан. Иймд зээлийн үндсэн төлбөр 30 000 000 төгрөгөөс фидуцийн гэрээний хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ 16 184 000 төгрөгийг /нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон уг үнэлгээг зөвшөөрсөн/ хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал болон талуудын хооронд байгуулсан гэрээний 2.14.3-т заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд үүнд маргаагүй тул 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс үндсэн зээлийн үлдэгдэл 13 816 000 төгрөгт нэхэмжлэгчийн тодорхойлсон 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх нийт 256 хоног буюу хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заасан 1 сарын 3.5 хувь буюу 29.86 хувиар тооцоход 4 125 457.6 төгрөг байна. Үүнд гэрээний хугацааны үлдэгдэл хүү 2 486 475 төгрөг, нийт зээлийн хүүгийн төлбөр 6 611 932.6 төгрөгөөс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 1 322 386.52 төгрөг байна. Б.Цог нь зээлийн гэрээний үүрэгт дээрх байдлаар нийт 21 750 319.12 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос зээлийн гэрээний үүргийн хэмжээний талаар гаргасан хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлдэгчийн төлсөн мөнгөн төлбөрөөс хууль болон гэрээнд заагаагүй торгууль суутгасныг анхаараагүй, мөн нэхэмжлэгч дур мэдэн өөрийн үзэмжээр 35 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 15 000 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан ба энэ талаар зээлдэгчид мэдэгдээгүй, хариуцагчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөн гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талаас гаргасан нэг талын баримт болох Зээлийн дансны хуулга-нд /хх 14/ торгуулийн хүү гэж тусгагдсан зүйлийг шууд утгаар хуульд заасан торгууль гэж үзэхгүй харин талуудын зээлийн гэрээндээ тохиролцсон нэмэгдүүлсэн хүү гэж ойлгохоор байна.

 

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэгчээс зээл хүссэн тухай Зээлийн анкет-нд /хх 10/ хөдлөх хөрөнгүүдийг 35 000 000 төгрөг гэж тодорхойлсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр зээл олгосон гэж үзэхээргүй байна. Учир нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.1-д /хх 9/ Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгслийн харилцан тохиролцсон үнэлгээг 15 000 000 төгрөг гэж тусгаж, гэрээний талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд энэ талаар гаргасан болон үүнээс илүү үнэлгээтэй байсан, шинжээч дахин томилох шаардлагатай зэрэг гомдол үндэслэлгүй гэж үзлээ. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрхээс гадна, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн гэрээний зүйлийг бусдад худалдан борлуулахад гарсан зардал буюу тээврийн хэрэгслийн албан татварын төлбөр 181 640 төгрөг, гэрээний 2.14.2-т заасан автомашиныг гараашид хадгалсан хугацааны төлбөр 146 000 төгрөг, нийт 327 640 төгрөгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан хохирол гэж үзэх тул үүнд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Цогоос зээлийн гэрээний үүрэгт 21 750 386.52 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 327 640 төгрөг, нийт 22 077 959.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Цогоос 22 077 959.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 013 206 төгрөгт холбогдох хэсэг болон фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...292,906... гэснийг 268 340 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР