| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0257/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч А.Намдаг,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Мийн Дд холбогдох 1805015830298 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт Мийн Д
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СТА фетнис клубт иргэн Б.А.Ттэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн ба яллах дүгнэлтэд үнэн зөвөөр бичигдсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.А.Тий: “...бэлтгэлээ хийчхээд хувцсаа солиод гарах гэж байхад хувцасны өрөөнд хуучин найзалдаг байсан Д орж ирээд чи дээр юу гээд байлаа 2-лаа зүгээр эр хүн шиг үзчихэе гээд намайг заамдаж аваад миний шанааруу баруун гараараа 1 удаа цохисон. Дараа нь миний хамарлуу 2 удаа цохиход нь миний хамарнаас цус гараад нилээн доошоо тонгойход миний толгойруу бас хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан фитнесийн ресепшн ах өрөөнд орж ирээд салгасан...” гэжээ. /хав 8 хуу/
...Би Дтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Тухай үед Д намайг уурандаа цохисон гээд уучлалт гуйсан. ..Дөөс эмчилгээний зардалд 300,000 төгрөг хүлээн авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хав 7 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3763 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.А.Тгийн биед хамрын ясны бяцарсан хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 15 хуу/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийг лавлагаа /хав 27, 28/
Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 36 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СТА фетнис клубт иргэн Б.А.Ттэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 36/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Б.А.Т нь мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Дтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 7 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.
Шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.А.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 7, 8/, шинжээчийн 3763 тоот дүгнэлт /хх 15/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул М.Дийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.Дд 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Мийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Дий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 300,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Дий урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.