Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/00801

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч:  П газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Э холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Зүүнговь сумын иргэн Агийн Э нь 2022 онд "Малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 (долоон сая) төгрөгийг хүүгүйгээр, 3 жилийн хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч иргэн Агийн Э нь гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 2,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийлгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд "... Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй 2,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу 2,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн А.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 2,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч А.Э нь ХХҮГ-с авсан зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Эад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА