Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01341

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01341

 

 

 Д.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00834 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бадамхандын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Шовданд холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 629 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрны дээд давхарт оршин суугч Я.Цэрэндорж, түүний эхнэр Л.Шовдан нарын дундын өмчлөлийн байранд удаа дараа цэвэр бохир ус алдагдаж, миний өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан. Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч Я.Цэрэндоржоос 1 629 000 төгрөг гаргуулан надад олгож, шаардлагаас үлдэх 26 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч Я.Цэрэндорж нь Монгол Улсын дээд шүүхэд хандаж гомдол гаргасан бөгөөд түүнийг нас барсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Миний бие одоо орон сууцны хууль ёсны өмчлөгч Л.Шовдангаас дээрх гэм хорын хохирол 1 629 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирол нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ус алдсаны улмаас манай орон сууцанд учирсан хохирол бөгөөд урьд өмнө ус алдсаны улмаас учирсан хохирлыг тооцоогүй. Хохиролд тооцогдсон 1 629 000 төгрөгийг Итгэлт эстимэйт ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байрнаас удаа дараа цэвэр, бохир ус алдаж доод давхрын 109 тоот байранд хохирол учруулж байгаагүй. 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр манай байрны гал тогооны өрөөний шугамны труба гэнэт задарч ус алдсан гэсэн. Тэр үед би гэртээ байгаагүй. Энэ труба нь өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсан юм. Тэр өдөр гэнэт труба задарсан нь хэт өндөр даралттай ус ирсэнээс, эсвэл ус шахалтын хэвийн бус ажиллагаанаас шалтгаалан ус алдсан гэж үздэг. Дээрх гал тогооны труба гэнэт задарч ус алдсан нь миний буруутай ажиллагаанаас үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Шовдангаас гэм хорын хохирол төлбөрт 1.320.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 308.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Шовдангаас 36.079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадамхандад олгож шийдвэрлэжээ.

 

  Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Манай байрны гал тогооны өрөөний ус холигчийн уян хоолой өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан атлаа 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэнэт гэмтэл гарч ус алдсан нь миний буруутай үйлдэл буюу эс үйлдлээс болоогүй, би тэр үед гэртээ байгаагүй. Өмнө нь ус гоожиж эвдрэл гэмтэл гарч би засуулаагүй болон миний хариуцлагагүй ажиллагаанаас үүссэн гэж үзэх байх. Энэ ус алдсан шалтгааныг тогтоогоогүй. Тухайлбал хэт өндөр даралттай ус ирсэнээс үү, ус шахалтын технологийн горим алдагдсанаас эсвэл бусдын буруутай ажиллагаа /крантаа онгорхой орхисон зэрэг/ - наас уу, тоног төхөөрөмж хуучирч муудсанаас уу гэх мэт.

Мөн "Орон сууцанд гарсан задрал гэмтлийн шалтгааныг тогтоосон" 2014 оны 08 сарын 05~ны өдрийн дүгнэлт хууль зүйн хүчинтэй акт мөн эсэх. Учир нь эвдрэл гэмтэл гарсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гэсэн атлаа юунаас болж эвдрэл гэмтэл гарсан шалтгааныг тогтоогоогүй, дүгнэлтийг ямар албан тушаалтай хэн гэгч хүн гаргасан нь тодорхойгүй, ус алдсан гэх 113 тоот байрны эзэмшигчид уг дүгнэлтийг танилцуулаагүй зэргээс үндэслэлтэй зөв дүгнэлт гарсан гэхэд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэн миний буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэн гэм хорын хохирлыг надаар бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашид билгүүн ХХК, Итгэлт зстимейт ХХК-аас гаргасан үнэлгээ нь уг байрны бодит байдалд үндэслэн хийгдээгүй, нэхэмжлэгч Д.Бадамхандын үгээр хийгдсэн нэг талыг барьсан үнэлгээ болсон юм. Учир нь тэр өдөр ус алдахдаа тийм бүх өрөөг гэмтээтлээ алдагдаагүй, тэр айл байрны засвараа хийгээгүй байж байгаад ус алдсаныг далимдуулан хийчихээд түүнийхээ төлбөрийг бусдаар төлүүлж байгаа. Үнэлгээ хийх үед аль хэдийн засвар хийсэн байсан тул үнэн гарах үндэслэлгүй. 2014 оны 08 дугаар сарын 01-нд байранд нь ус орж, гэмтэл авч хохирсондоо Ард даатгал ХХК-аас 136 400 төгрөг гаргуулан авсан нь хохирлыг тогтоосон үнэн баримт болох нь харагдаж байна. Энэ хийсвэр үнэлгээг үндэслэн гэм хорыг арилгахад ажлын хөлс гэх 1059295 төгрөгийг хэнээр ямар ажлыг хийлгэсэн, ажил гүйцэтгэх гэрээ болон хэд хоног ажилласны хөлс гэж хэнд, хичнээн төгрөгийг шилжүүлсэн эсвэл хүлээлгэн өгсөн ямар нэгэн нотлох баримтгүй байхад надаас ажлын хөлс 1059295 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би өөрөө тэтгэврийн 280 000 төгрөгнөөс өөр ямар ч орлогогүй, эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй сургуулийн хүүхэдтэй амьдардаг. Тэтгэврийн дээрх мөнгө маань амьдралд хаана нь ч хүрэлцэхгүй тул төлбөр төлөх ямар ч боломжгүй. Шүүх Иргэний хуулийн 514 дүгзэр зүйлийн 514.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан хохирлын хэмжээг тогтоох боломжтой байтал өндөр настай миний аргагүй байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хариуцагч бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасан зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Бадамханд нь хариуцагч Л.Шовданд холбогдуулж ус алдсаны улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд 1 629 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22/Б байрны 113 тоотод оршин суудаг хариуцагч Л.Шовдангийн орон сууцнаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гал тогооны хэрэглээний цэвэр усны холигчийн уян холбоо задарч ус алдсаны улмаас доод айл руу буюу 109 тоотод оршин суудаг нэхэмжлэгч Д.Бадамхандын орон сууцны гал тогооны өрөө, том өрөө, жижиг өрөөний болон үүдний өрөөний таазны замаск эмульс хууларсан, ханын замаск эмульс обойг норгож шарлаж гэмтээсэн зэрэг гэм хор учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нь өөрийн өмчлөлийн зүйлээ ашиглахдаа бусдад хохирол учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн болон Орон сууцны тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийж хариуцагч Л.Шовдан нь нэхэмжлэгч Д.Бадамхандын өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зардлын талаар Ашид билгүүн ХХК болон Итгэлт эстимэйт ХХК-иудын үнэлгээ өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн байдаг ба шүүх эдгээр үнэлгээнээс Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг үндэслэх болсон талаар дүгнэлтээ шүүхийн шийдвэртээ хангалттай тодорхой тусгасан байна.

 

Хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасны дагуу өөрийн гэм буруугүй болохыг нотлож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотолгоог баримтаар няцааж чадаагүйгээс гадна Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т заасан үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэм хор учирсанд болон хохирлын хэр хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч өөрөө тодорхой хэмжээгээр буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Шовдан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ