Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Б.ын Бд холбогдох 1805011480302 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ө овогт Б.ын Б  

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокед үйлчлүүлж байхдаа тухайн үед хоорондоо маргалдаж байсан үл таних хүмүүс рүү пивоны шил шидсэний улмаар тухайн караокед ажилладаг зөөгч ГГийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч ГГэ: “2018 оны 2 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор караокед 3 давхарт нь зөөгчийн ажил хийж байгаад доод давхарын бармен Маралмаа хүрч ирээд доод давхарт зодоон болоод байна очоод салгачих гэж хэлсэн. ..тэгсэн чинь би салгах гээд цаашаа хараад ярилцаад байж байхад, доошоо буудаг шатан дээрээс нэг бүдүүн махлаг залуу Сэнгүр 0,5 литрийн пивоны шил шидэхэд миний толгойг оносон” гэжээ. /хх 7-8 хуу/

 

Гэрч Э.Оын: “...тэнд маргаан үүсээд бужигнаад байсан чинь нэг зөөгч нь миний толгойг шилээр хагалчихлаа гээд 2 давхараас буугаад ирсэн тэгээд Б ахыг чи шил шидсэн гэж хэлсэн” гэжээ. /хх 12/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 2652 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Гийн тархи доргилт, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 16 хуу/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийг лавлагаа /хав 26, 27/

Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 50,52 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокед үйлчлүүлж байхдаа тухайн үед хоорондоо маргалдаж байсан үл таних хүмүүс рүү пивоны шил шидсэний улмаар тухайн караокед ажилладаг зөөгч ГГийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 50, 52/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч ГГэ нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 50, 52/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                               

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ГГийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 7-8 хуу/, шинжээчийн 2652 тоот дүгнэлт /хх 16 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Бд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /пивоны шил шидсэн/, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан түүнд 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Б.ын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Бат-Эрдэний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ