| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414002630221 |
| Дугаар | 2025/ДШМ/007 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/007
*******өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан+ыг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батцэнгэл хянан шийдвэрлэсэн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******өд холбогдох эрүүгийн 2414002630221 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............ оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, ******* овогт *******гийн ******* /РД: *******/,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .............. тоот хохирогч *******ын гэрээс түүний эзэмшил, өмчлөлийн печ, хуушуур шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон арван хоёр / 12 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж...тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
“... ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүхийн шатанд илэрхийлж, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
******* нь Баянхонгор аймгийн Галуут суманд ам бүл 6, эхнэр 4 бага насны хүүхдийн хамт мал маллаж амьдардаг болно.
******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид биет байдлаар буцаан төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч *******ийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Шүүхийн шатанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан зэргийг харгалзан шүүхээс хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэсэн. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.. гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Гомдлоо дэмжиж байна. ******* нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ч тэр нь хувийн байдалд нөлөөлөхгүй юм. Тэнсэнгийн хугацаа дууссан. ******* нь ам бүл олуулаа, эхнэр хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй, бага насны хүүхдүүдтэй тул мал маллах хүн дутмаг байдаг. Хулгайлсан эд зүйлээ биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хор уршгийг арилгасан тул Эрүүгийн хуулийн 7.1-д зааснаар 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү.. гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............... тоотод байх *******ын гэрт байх үедээ *******ын өмчлөлийн гал тогооны хэрэгсэл болох печ, хуушуур шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан “... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 18, 19 дүгээр талуудад авагдсан “... Манай нөхөр бид хоёр 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн аавынд очоод, гэрт нөхөр Галбадрах, түүний танил нэг залуу хоёр үлдсэн. Маргааш нь би наад залуугаа гэртээ үлдээчхээд хүрээд ир гэж нөхрийгөө дуудсан. Түүнээс хойш 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл манай нөхөр бид хоёр хааяа гэртээ оччихоод байдаг байсан. Хамгийн сүүлд 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ очсон чинь гэр цоожтой байхаар нь манай нөхөр цоожоо эвдээд гэртээ ортол гэрийн зүүн хатавчинд байрлах хөлдөөгчийн дээр тавьчихсан байсан печ, хуушуур шарагч хоёр байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан. Манай эд зүйлсийг тэр залуу аваад явсан байх гэж бодож байна Манай нөхөр тэр залууг гэртээ үлдээхдээ гэрийнхээ түлхүүр цоожийг өгчхөөд гарсан гэсэн. Тэгэхээр манай гэрийн түлхүүр тэр залууд байсан. Намайг гэрт ороход гэрийн тооноор хүн гарсан шинж тэмдэг байгаагүй. Би одоогоос 2 жилийн өмнө зээлийн СОНО гэх аппликейшнаас зээлээр алдсан гэх печ, хуушуур шарагчаа худалдан авч байсан. Тухайн үед печийг 299.000 төгрөгөөр, хуушуур шарагчаа 150.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэдгээрт гэмтсэн зүйл байхгүй, ажиллагаа хэвийн байсан. Хуушуур шарагч нь урд талдаа хараар Zilan гэсэн бичигтэй байсан, печ нь Media гэсэн бичигтэй байсан. Би одоо хуушуур шарагчаа 125.000 төгрөгөөр, печээ худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Гэртээ ирээд эд зүйлс алдагдсаныг мэдээд хажуу айлаасаа асуусан чинь тэр залууг өдөр банк орчхоод ирье гээд гараад явсан гэсэн. Одоо хүмүүсээс сураг сонсоход Галуут сумын 2 дугаар багт айлд байгаа сурагтай байсан...” гэх
“... Би печ, хуушуур шарагчаа хүлээн авлаа. Одоо надад гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд,
Хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн орчимд явж байсан чинь ******* нэг гудамжнаас хуушуур шарагч, печ хоёр тэврээд гараад ирсэн. Тэгээд би машиндаа суулгасан чинь тэвэрч явсан хуушуур шарагч, печ хоёроо зарчихмаар байна, зардлын мөнгө хийх гэсэн юм чи авах уу, эсвэл авах хүн байна уу гэх мэтээр надаас асууж байсан. Тэгээд би авахгүй гэсэн чинь намайг Отгонбаатар гэх айлд хүргээд өгөөч гэхээр нь би хүргэж өгчхөөд буцсан...” гэх гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан “... 2024 оны 03 дугаар сарын 25,26-ны аль нэг өдөр нь ******* манайд ирсэн. Түүнээс хойш манайд хэд хоносон. 03 дугаар сарын 28-ны өглөө манай эхнэр ******* аавындаа очих гээд явсан манайд ******* бид хоёр үлдсэн. Би тэр өдрийн орой *******өд гэрийнхээ түлхүүрийг өгөөд гэр харж байгаарай гэж захиад хадам аавындаа очсон. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн үед эхнэртэйгээ хамт гэртээ ирсэн чинь хаалга цоожилчхоод явчихсан байсан. Би *******тэй холбогдох боломжгүй байсан учраас хаалганыхаа цоожийг эвдээд гэртээ ортол хөлдөөгч дээр байсан печ, хуушуур шарагч байхгүй байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан “...Тухайн үеийн он сарыг санахгүй байна. Энэ оны 04 дүгээр сарын эхээр манай гэр бүлийнхэн гэртээ байж байхад ******* нь Батжаргал гэх хүнтэй хамт хуушуур шарагч, печ тэврээд орж ирсэн. Тэгснээ ******* нь "чи надад 50.000 төгрөг зээлээч, би буцаж нэг ирэхээрээ мөнгийг чинь өгье" гэсэн. Мөн тэвэрч орж ирсэн хуушуур шарагч печээ "танайд үлдээчихье, би мөнгөө авчирч өгөхөөрөө аваад явъя, хөдөө явах унаа тодорхойгүй байгаа учир авч явахад төвөгтэй юм, энэ хоёрыг би хүнээс өрөндөө авсан юм" гэж хэлсэн. Тэгээд би *******өд 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг нь удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ч одоо хүртэл мөнгөө өгөөгүй байгаа...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан “:... Midea гэх нэртэй печ 250.000 төгрөг, Zilan нэртэй хуушуур хайрагч 130.000 төгрөг, Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 04 дүгээр сарын 04-ны байдлаар 380.000 /Гурван зуун наян мянга / төгрөг болохыг тодорхойлов ...” гэх шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүхийн шатанд илэрхийлж, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, учруулсан хохирлыг хохирогчид биет байдлаар буцаан төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.
Шүүх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэсэн бол мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д …Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ…гэж тодорхойлсон.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 д заасан хулгайлах гэмт хэрэг нь дээр дурдсан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Түүнчлэн ******* нь энэ гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болох нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.*******ийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын
2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч ******* овогт *******гийн *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай…” гэж,
3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай…” гэж
6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг шүүх хуралдааны танхимаас сулласугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 д зааснаар шүүгдэгч *******өд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.НЯМДОРЖ