Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

                                  Б.*******од холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж,  шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2024/0132/Э/208/2025/0001 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд **** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, ****эгтэй, ********** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ************н хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ****** баг, ******** гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:***********)

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.854 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Э.*******ын эзэмшлийн Зил -131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17553344 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******од оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн ҮО-85.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг улсын орлого болгох, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд байгаа 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ нарс модыг, ******* СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******оос ойн санд учирсан хохиролд 17553344 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдолдоо:  

...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө, 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ нарс мод, ******* улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгохоор, Б.*******оос ойн санд учруулсан хохиролд 17553344 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс 2218001580256 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал:

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Э.*******ын эзэмшлийн 3ил-131 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд хурааж улсын орлого болгоно, харин тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх бол үнэлгээг нь гаргуулж үнийг нь төлүүлэхээр зохицуулсан байдаг.

Тиймээс анхан шатны шүүхээс Э.*******ын эзэмшлийн 3ил-131 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх ёстой байсан.

Мөн миний үйлчлүүлэгч Б.******* нь одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Шивэр гэх газарт эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдрал ахуйгаа залгуулж амьдарч байгаа бөгөөд түүнээс өөр малыг нь маллаж хариулах хүнгүй, эхнэр нь ажилгүй зэрэг түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж Б.*******од оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд гомдолд дурьдсан дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Түүнчлэн уг гэмт хэрэг “Тайгын нарс” ХХК-ийн хуулийн этгээдийн эдийн засгийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн хэрэг. Б.******* жолооч гэдэг утгаараа дангаар хариуцлага хүлээж байгаа. Ял шийтгэлийн тухайд нэмж хэлэх зүйл байхгүй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эд хөрөнгө хураах буюу тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосон тал дээр тусгайлан гаргах саналгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх 320 цагийг өөрчилж өгнө үү гэдэг дээр тайлбар хэлэхэд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээд маань байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй учраас анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн арга, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд эрх хэмжээний хүрээнд гаргасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтүүдэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн үйлдэлд хамтран оролцсон этгээд хүн хуулийн этгээд байгаа эсэх түүнчлэн өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журам болдог ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд “Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэх үндэслэл болно.

3.Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.854 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Э.*******ын эзэмшлийн Зил-131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17,553,344 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.*******ыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан мод тээвэрлэх хяналтын 14 тоот хуудас нь эх болон хуулга хувь тус бүртээ балласан засвартай байх бөгөөд үүнийг хэн хэзээ хэрхэн засварласан нь тодорхойгүй, 158-184 дүгээр талуудад авагдсан мод бэлтгэх гэрээ, мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, мод бэлтгэх талбайг сонгосон тухай акт, тусгаарласан талбайг хүлээлгэн өгөх акт, түүний хавсралтууд, Тайшын нарс ХХК-ийн ойн арчилгааны огтлолын технологийн карт, мод бэлтгэх эрхийн бичиг, татвар төлсөн баримтууд, мод тээвэрлэх хяналтын хуудсууд, Тайгын нарс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ зэрэг баримтууд нь нотлох баримтын хуульд заасан журмаар бэхжүүлэх шаардлагыг хангаагүйн дээр шүүгдэгч Б.******* Тайгын нарс ХХК-ийн нэрийн өмнөөс мод бэлтгэхээр явсан гэх, Тайгын нарс ХХК-ийн захирал М.*******ын “...Б.******* манай байгууллагын захиалгаар мод бэлтгэхээр явсан” гэх мэдүүлгүүдэд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчмууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, оролцогчийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалаагүй, зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

4.Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл өөр хүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байхад анхаарч үзэлгүй хурааж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлын агуулгад дүгнэлт хийгээгүй ба  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох ажиллагааг хийж шалгасны эцэст дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын бусад агуулга, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                  Б.ЭРДЭНЭХИШИГ