| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01041/И |
| Дугаар | 318/ШШ2025/00895 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 318/ШШ2025/00895
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 318/ШШ2025/00895 | Увс аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Э С
Хариуцагч: А От холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э овогтой С ****91 оны 09 дүгээр сарын 30нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Одоо 3 дугаар баг **** байрны **** тоотод оршин суудаг. Утас ***** Нөхөр болох А.Отай 2010 онд танилцаж 2012 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд том хүү О.А 2011 оны 07 дугаар сарын 26нд төрсөн. Бага хүү О.Ш 2017 оны 09 дүгээр сарын 25нд төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч амьдарлаа ч босгосон. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж агсам тавьж хэл амаар доромжилж хардаж сэрдэж цохиж зоддог болсон. Миний хувьд 2 хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна. Насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна.2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Мөн өөрийн нэр дээр 6% ипотекийн зээлд хамрагдсан. 2 өрөө байраа авч үлдэх хүсэлтэй байна. А.Оын нэр дээр байгаа том оврын ачааны машин мөн өөрийн нэр дээр байгаа приус 41 маркийн автомашиныг нөхөр От өгөх хүсэлтэй байна. Бидэнд өөр хуваах эд хөрөнгө байхгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний би Э овогтой С 2025 оны 9 дүгээр саран 30-нд нөхөр Оаас гэр бүлээ цуглуулах мөн хоёр хүүхэддээ тэтгэлэмж тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан. Нөхөр Отай харилцан ярилцаж ойлголцсон үндсэн дээрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 / гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С нь, хариуцагч А.От холбогдох, гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 / гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сд олгосугай.
Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА