Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/06

 

 

                                 Б.*******д холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/-ыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж,  шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2024/0148/Э/208/2025/0004 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ****** оны **** дугаар сарын  ***-ны өдөр төрсөн, **** настай, ***эгтэй, *****боловсролтой, мэргэжилгүй, ам бүл * хамт амьдрах, Сэлэ*****нгэ аймаг Мандал сумын ***** баг, ****** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай (РД:**************)

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын гудамжинд иргэн Б.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас Б.*******ийн биед доод уруулын баруун дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******аас 38674 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд оруулж,

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6, 4-д заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3300000 төгрөгийг Б.*******аас гаргуулж хохирогч Б.*******өд олгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах гомдолдоо:  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Сансарын 380 тоотод оршин суугч иргэн *******гийн ******* миний бие нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутгагдан тус сум дахь сум дундын шүүхээс 450000 төгрөгөөр торгуулах, 3300000 мянган төгрөг хохиролд төлөх шийтгэл авсан болно.

Гэтэл хохирогч гэх Б.*******, түүний дүү О.******* нар нь бүлэглэн миний болон манай эхнэр Д.*******ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэлд ямар ч хариуцлага тооцоогүйд гомдолтой байна. Энэ оны 10-р сарын 23-ний орой 19 цаг өнгөрч байхад тэд манай хашааг даван орж ирж хэрүүл маргаан үүсгэсэн, намайг “тавьчихсан хөгшин банди” гэх байдлаар доромжлон миний нүүр шанаа хэсэг рүү цохисон мөн нүүр рүү халаасандаа байсан самрын ясыг цацсан, хэвлий хэсэг руу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн энэ үедээ тэнцвэр алдаад өөрөө газарт унасан, биднийг зууралдсан үед дүү залуу нь араас хэд хэд өшиглөж, дал хэсэг рүү хүчтэй цохисон, салгаж хашааныхаа хаалгаа хааж байхад ******* пизда минь мөнгө гаргаад өг гээд гэсэн манай эхнэр Д.*******ийн хөл рүү өшиглөсөн үйлдлүүдийг гаргасан.

Энэ байдлаа шалгасан мөрдөгчид хэлсэн боловч мэдүүлэгт тусгаагүй, бидний хэлснийг бичилгүй орхиод байхаар нь байцаагч Мөнхнайрамдалд өргөдөл гаргаж өгсөн чинь бярууны наймаа, зодооны асуудал тусдаа шалгагдана гэсэн.

Гэтэл шүүх хурал болоод намайг шийтгэсэн. Миний гаргасан өргөдөл хэрэгт байхгүй, тэр талаар шалгаагүйг шүүхээр ороод мэдсэн. Үүнээс болоод шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Ер нь бол харилцан л зодоон болсон гэтэл нөгөө талын хамаг хэрүүл маргааныг үүсгэсэн хүмүүс нь гэмгүй хохирогч болоод үлдсэнд гомдолтой байна. Үгүй дээ л захиргааны журмаар торгоод ч болов арга хэмжээ аваагүй нь мөрдөгч зөвхөн нэг талыг хамгаалж шалгаснаас болсон гэж гэж боддог. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Б.*******гийн хувьд эхнэртэйгээ цуг зодуулсан гэж маргадаг.  Уг маргааныг зөрчил шалган шийдвэрлэх байгууллагаас авч шалгаад зөрчлийн 2432000665 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтан шүүхэд шийтгэх оногдуулах саналыг хүргүүлсэн байдаг. Мандал сумын шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.3-д зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Гомдол гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Шийтгэх тогтоол нь гэмт үйлдэл болон гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

2.Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын гудамжинд иргэн Б.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас Б.*******ийн биед доод уруулын баруун дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний нүд рүү нэг удаа, уруул орчимд нэг удаа, чихний ард нэг удаа нийт 3 удаа намайг цохисон. Одоо сэтгэл санааны хохирол болон эмчилгээний 38.674 төгрөг нэхэмжилнэ...” гэх,

Гэрч О.*******ын “...Төгөлбөрбаян нь дайраад *******ийг чи ямар даварцан амьтан бэ пизда вэ гээд чи намайг басаад байна уу гээд *******ийн нүүр хэсэг рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. *******ы эхнэр бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх /хх-ийн 18  тал/,

Гэрч Д.*******ийн “... Тэгээд манай нөхөр лүү салаавч гаргаад байж байхад манай нөхөр *******ийн нүд рүү цохьчихсон...” гэх /хх-ийн 20 тал/ мэдүүлгүүд

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 233 дугаартай “...Б.*******ийн биед доод уруулын баруун дотор язарсан шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”  гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргахгүй байгаа боловч шүүгдэгч “Энэ хэргийг үүсэх шалтгааныг бий болгосон хохирогч Б.******* нь намайг дүүтэйгээ нийлж болон манай эхнэр бид хоёрыг хэл амаар доромжилж цохиж зодсон байхад арга хэмжээ аваагүй, энэ талаар энэ хэрэгт тусгаж оруулаагүй. Зөвхөн надад арга хэмжээ авсанд гомдолтой. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл үйл ажиллагаа гаргасан байж болох боловч энэ нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж зохих шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн талаар прокурорын тайлбарт тусгагджээ.

4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 02 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байх боловч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хамгийн хөнгөн төрлийн буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хуульд заасан ялын санкцын хэмжээ хүрээнд оногдуулсан буюу хууль зүйн үндэслэлтэй байна.  

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид аймгийн болон сумын төвийн нэгдсэн эмнэлгийн зүгээс эмчилгээ үйлчилгээ үзүүлсний төлбөрийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй боловч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтныг иргэний нэхэмжлэгчээр тогтоосны эцэст шийдвэрлэх нь хуульд нийцэхийг дурьдав.

Мөн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр заахдаа түүний нэрийг Б.******* гэж ташаа бичигдсэнийг давж заалдах шатны шүүхээс Б.******* болгож засах боломжтой гэж үзсэн.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/154  дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолын

8 дахь заалтыг:

“8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ