Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/00451

 

Ш.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинд 13 419 870 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Сарантуяа би 2010 оноос хойш Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаа ба Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа эргэн орсон. Гэтэл Нийслэлийн Боловсролын газраас 62 дугаар сургуулийн захирал намайг ажил хийлгэхгүй байлгах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх шалтгаанаар гомдол гаргаснаар 201025020089 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн албан тушаалыг нь түр түдгэлзүүлэх тухай тус дүүргийн прокурорт гаргасан саналаар хяналтын прокурор нь намайг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзэж ажлаас түдгэлзүүлэх тогтоолыг баталсан. Прокурорын байгууллага нь Эрүүгийн 201525020089 тоот хэргийг шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрийг Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөгч нь удаа дараа гомдол гаргаж хянуулсан боловч дээрх прокурорын шийдвэрийг анхан шатны прокурор үнэн зөв хэмээн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүний дагуу шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00656 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 1834 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү тодорхой шалтгаанаар буцааж шийдвэрлэсэн. Дахин төрийн хүлээх үүргийг ажил олгогчоор дамжуулан хэрэгжүүлэх талаар нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ажил олгогч нь энэхүү нэхэмжлэлд дурьдсан асуудалд шалтгаант холбоогүй байна хэмээн үзэж 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01389 дугаар шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй хэмээн дүгнэсэн. Дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуульд заасан шаардлага хангаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж зөрчлийг арилган дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсан. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байсан бөгөөд шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан 13 419 870 төгрөгийг Монгол Улсын Засгийн Газрын нөөц хөрөнгөөс гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь уг тусгай санд хамаардаг бөгөөд уг хуулийн 8.3-т заасан төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэхэд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулахаар хуульчилсан. Түүнчлэн Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.2-т заасны дагуу Засгийн газар гаргадаг бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Засгийн газар нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т заасны дагуу асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг. Дээр дурдсан нэрлэж заасан үндэслэлд нэхэмжлэгч Ш.Сарантуяагийн ажил, албан тушаал түдгэлзсэн үеийн цалин хөлсийг олгох асуудал хамаарахгүй байна. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зохицуулалт байгаа боловч нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь хохирогч бус гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан тул уг зохицуулалтад мөн хамаарахгүй байна. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Т.Мичүгсүрэн иргэн Ш.Сарантуяад холбогдуулан хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд зөвхөн өөрийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 9.315.696 төгрөг гаргуулж, Ш.Сарантуяад олгож, нэхэмжлэлээс 4.104.174 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 164.001 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ "... Ш.Сарантуяаг яллагдагчаар татаж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад түүнийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн ба түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул тэрээр хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлсөө хохиролд тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тогтоосон, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байхыг хуулиар шаардсан байх бөгөөд хэрэв таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээс шаардлага гаргах эрх үүсэхээр байхад шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчид хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгоогүй бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүсэхгүй. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас нөхөх олговор гаргуулахаар шаардаж байгаа болохыг хүлээн зөвшөөрч энэ тухай дурдсан. Нөхөх олговрын асуудал нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд тусгайлан заасан тохиолдолд нөхөх олговор тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Сарантуяа болон хариуцагч Засгийн газрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх "...нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг ажил олгогчид бус хариуцагч Засгийн газарт холбогдуулан гаргасан байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэж зөв дүгнэлт хийсэн атлаа Засгийн газрын нөөц сангаас 9 315 696 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь Ерөнхий боловсролын 62-р сургуулийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 сарын 15-ны өдрийн 892 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 сарын 04-ний өдрийн 705 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

 

Нийслэлийн Боловсролын газар нь 2015 оны 2 сарын 26-ны өдөр Ш.Сарантуяаг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 9 сарын 16-ны өдрийн 346 дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба уг гомдолд Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Ш.Сарантуяад эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял сонсгож, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Түүнчлэн мөрдөн байцаагчийн 2015 оны 0дүгээр сарын 03-ны тогтоолоор Ш.Сарантуяаг захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авснаар шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх, ажилдаа эгүүлэн тогтоолгох боломжгүй болжээ.

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 390 дугаар тогтоолоор Ш.Сарантуяад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9-10/

Ийнхүү Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж нэхэмжлэгч Ш.Сарантуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэрээр өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3т тус тус заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй болсон бөгөөд одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дугаар зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1.2, 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцан арилгах, нөхөн төлүүлэх үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж зааснаар Ш.Сарантуяаг захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2015 оны 0дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа эргэн орсон 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн 9 315 696 төгрөгөөр тооцон гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй болно.

Ш.Сарантуяад холбогдох Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор түүнд энэ хугацаанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээг тус тус хууль бус гэж үзэх тул ...мөрдөн байцаагч Т.Мичүгсүрэн иргэн Ш.Сарантуяад холбогдуулан хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгээгүй.. гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмнө нь үйлчилж байсан Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байхгүй болсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчаар Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэснийг, хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн нэрийн өмнөөс прокурор оролцуулаагүйг тус тус буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Ш.Сарантуяагийн нэхэмжлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэм хорын эрх зүйн тусгай төрөлд хамаарах ба нэхэмжлэгчийн өргөдөл нь ...таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон... гэсэн үндэслэлээр гаргаагүй тул ...нэхэмжлэгч Ш.Сарантуяа болон хариуцагч Засгийн газрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй..., ...нэхэмжлэгчид хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгоогүй... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6-д заасан хохирлыг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн олгоно гэснийг шүүх Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ