| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01002/И |
| Дугаар | 318/ШШ2025/00908 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 318/ШШ2025/00908
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 318/ШШ2025/00908 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Цийн Бийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 61 настай. Би 1981 онд Увс аймгийн Наранбулаг сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд Пионер нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар орсон. 1981 оноос 1983 оны 09 сар хүртэлх хугацаанд ажилласан. Иймд миний энэ хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ш.Г З.Л нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сар хүртэл Пионер нэгдэлд туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд архиваас Ц.Бийн ажилд орсон, гарсан тушаал олдоогүй учраас шүүхэд хандсан” гэв.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ц.Биас Ц.Гд олгосон итгэмжлэл, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 137 дугаартай тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 243 дугаартай зөвлөмжийн хуудас, Ц.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 397 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралт, гэрч Ш.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч З.Лгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 159 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Бийн ХААТР-1, ХААТР-11 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
Хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтээр Ш.Г З.Л нараас гэрчийн мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Ц.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд хандаж 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь Ц.Бийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Ц.Б нь 1981 онд 8 дугаар анги төгсөөд Пионер нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилтнаар ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдсан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд 1981 оны 7 дугаар сараас 1983 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсныг нотлох ажилд орсон болон ажлаас гарсан тухай тушаал аймгийн архивт хадгалагдаагүй байна. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ц.Бийн ХААТР-1 маягтад түүнийг 1981 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 1984 онд автын цолооч мэргэжил эзэмшсэн, 1987 онд Пионер нэгдэлд засварчнаар ажилд орсон гэж бүртгэжээ.
Дээрх баримтаар хүсэлт гаргагч Ц.Б нь 1981 онд Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн Ц.Бт холбогдох 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн Хаягийн хуудас №7 баримтад түүнийг Наранбулаг сумын Пионер нэгдэлд грушик ажилтай гэж бүртгэжээ.
4.2. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 397 дугаартай цалингийн тодорхойлолтоор хүсэлт гаргагч Ц.Бийн 1982 оны 12 дугаар сар, 1983 оны 12 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн олгосон байх бөгөөд тус баримтаар хүсэлт гаргагч Ц.Б нь 1982-1983 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд грушик буюу туслах ажилтнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4.3. Гэрч З.Л “...Ц.Б нь Наранбулаг сумын Пионер нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчин хийдэг байсан. Би оныг санахгүй байна. Залуухан, жаахан хүүхэд л анх ажилд орж байсан. Намайг ажлаас гарахад буюу 1983 онд Ц.Б нь туслах ажилчин хийж байсан. Цэрэгт 1985 оны үед явсан. Цэргээс ирээд жолооч, туслах гэх мэт ажил хийдэг байсан” гэж мэдүүлсэн бол
Гэрч Ш.Г “...Ц.Б нь Наранбулаг сумын Пионер нэгдлийн ахуй үйлчилгээнд туслах ажилчин хийдэг байсан. Би оныг санахгүй байна. Хамт ажиллаж байсан нь бол үнэн...” гэж мэдүүлжээ.
Гэрч З.Л нь хүсэлт гаргагч Ц.Бийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1981-1983 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан З.Лгийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 159 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд гэрч З.Лгийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Харин гэрч Ш.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн аль бригадад ямар ажил эрхэлж байсан нь тодорхойгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзлээ.
5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Бийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Зуутраг овогт Цийн Бийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА