| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00837/И |
| Дугаар | 318/ШШ2025/00780 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00780
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 318/ШШ2025/00780 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Жын Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чийн Бод холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний дагуу хохирол 2,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.Бтой тохиролцож, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 507 дугаар байрны 9 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг, бүрэн тавилгатай нь 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хөлслүүлсэн.
Хариуцагч нь хөлслүүлсэн орон сууцыг эзэмшиж, ашиглахдаа 735,000 төгрөгийн үнэ бүхий гутлын тавиурын тавцанг эвдсэн, буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг биологийн шингэнээр бохирдуулсан. Мөн гэрт байсан шинэ гэрийн шаахай, хөргөгчинд байсан 5ш шар айраг зэргийг хэрэглэсэн байна. Хариуцагч нь орон сууц хөлслөхдөө гэрт байсан дээрх эд зүйлийг бохир заваан эдэлж хэрэглэсэн байсан. Миний бие бохирлогдсон эд зүйлсийг өөрөө угааж цэвэрлэсэн боловч тухайн эд зүйлсийг өөрөө болон хүүхдүүддээ хэрэглүүлэхээс сэжиглэж байгаа тул дээрх эд зүйлсийг шинээр худалдаж авахад шаардагдах 2,540,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
3. Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гутлын тавиурын үнэ 735,000 төгрөг, гэрийн шаахайны үнэ 15,000 төгрөг, хөргөгчинд байсан 5ш шар айрагны үнэ 30,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Харин хүүхдийн буйданг бохирдуулсан гэх боловч миний бие тухайн буйданг бохирдуулаагүй. Хэн, хэзээ бохирдуулж, толбо болгосон нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч өөрөө буйдангаа цэвэрлээд авчихсан. Хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг гэрээнд заасны дагуу эдэлж хэрэглэсэн бөгөөд ашиглах боломжгүй болгосон зүйл байхгүй. Энэ эд зүйлс нь одоо ч нэхэмжлэгчид өөрт нь байгаа. Миний бие орон сууц хөлслөх гэрээний дагуу 2 сарын төлбөр болон ашиглалтын бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Ч.Б нар 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс тавилга бүхий орон сууцыг сар бүр 700,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, байр түрээслэх гэрээ гэх гэрээг бичгээр үйлджээ.
Хэдийгээр зохигчид гэрээг бичгээр байгуулахдаа байр түрээслэх гэрээ гэж нэрлэсэн байх боловч талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч талаас орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг эзэмшиж, тохирсон хөлсийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу тавилга бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглахдаа ор болдог буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг биологийн шингэнээр бохирлож, ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгаж нэхэмжлэгчид хохирол учруулсан эсэх талаар маргаж байна.
Иргэний хуулийн Хорин тавдугаар бүлгийн Хоёрдугаар дэд бүлэгт орон сууц хөлслөх гэрээний харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтууд нэгэн адил хэрэглэгдэнэ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх заалтад зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй ба Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь заалтад зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс ор болдог буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас болон бусад эд зүйлс нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа эсэхийг тодруулахад тухайн эд зүйлс байгаа, өөрөө угааж цэвэрлэсэн гэх тайлбар гаргасан.
Мөн дээрх эд зүйлс нь биологийн шингэнээр бохирлогдсон гэдгээс өөрөөр ашиглах боломжгүй болсон, эвдэрч гэмтсэн зүйл байгаа эсэх, цэвэрлэгээ хийхэд ямар зардал гарсан талаар нэхэмжлэгчээс тодруулахад бохирдсоноос өөрөөр эвдэрч гэмтсэн зүйлгүй, дээрх эд зүйлсийг цэвэрлэхэд гаргасан зардлаа тооцоолоогүй гэх тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Ч.Б нь тавилга бүхий орон сууцыг хөлслөхдөө ор болдог буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу болон гудас зэргийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашиглаж гэмтээсэн, биологийн шингэнээр бохирдуулж арилшгүй толбо үүсгэсэн буюу Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан үүргээ зөрчний улмаас нэхэмжлэгч нь тухайн эд зүйлсийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, зайлшгүй шинээр худалдаж авах шаардлагатай болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үйлдэл нь ялимгүй шинжтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эд зүйлсийг ердийн элэгдлээс илүү муутгасан, гэмтээсэн шинжгүй байх тул хариуцагч нь ор болдог буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу болон гудас зэргийг шинээр худалдаж авахад шаардагдах 1,760,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь тавилга бүхий орон сууцыг хариуцагчид үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулаагүй харин хариу төлбөртэйгөөр хөлслүүлж, тохиролцсон хөлсийг авсан, энэ талаар зохигчид маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 780,000 төгрөгийг хариуцагч Ч.Боос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,760,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 780,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Боос 780,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,760,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Боос 23,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА