| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0241/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Одончимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Э.Одончимэг,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.гийн Гт холбогдох эрүүгийн 1705014530125 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, эскаваторын операторчин мэргэжилтэй, , Б овогт Г.гийн Г
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар :
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Моб” интернет тоглоомын газар үйлчлүүлж байсан Ч.Згийн Oneplus 3t загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.З мэдүүлэхдээ: “...би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моб пс тоглоомын газар ганцаараа тоглоод сууж байсан тэгээд миний ард нэг эрэгтэй хүн зогсоод хараад зогсож байсан тэгээд би текрүү нь очиж ундаа аваад буцаад сандал дээрээ ирж суугаад тоглоомоо тоглож дуусгаад гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. тэгэхээр нь би тус пс тоглоомын газрын хяналтын камерыг шүүн үзэхэд миний ард зогсож байсан эрэгтэй хүүхэд намайг босоод тек орох хооронд миний куртикнээс гар утас аваад гарч байгаа дүрс бичлэг байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” /хав 26/
...тус хэргийг шалгаж байсан өмнөх байцаагч надад миний гар утсыг бүрэн бүтэн байдалтайгаар хүлээлгэж өгсөн. надад одоо ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Холбогдох этгээдэд хуулийн дагуу холбогдох шийтгэлийг оногдуулна уу..” /хав 28/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/
Эд зүйлийн үнэлгээ /хх 20/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 43 хуу/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Моб” интернет тоглоомын газар үйлчлүүлж байсан Ч.Згийн Oneplus 3t загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудал нотлогдсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ногдуулахдаа өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч Ч.Згийн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо авсан /хх 28/ гэснийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хадгалах, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.гийн Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г.гийн Гт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэн түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Ч.З гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ