Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 111/2017/0029/З |
Дугаар | 221/МА2018/0280 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2018/0280
Н.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б-н давж заалдах гомдлоор, Н.М-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: “Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.д, 18.1.2.а, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дугаар тогтоол, мөн өдрийн 03/02 дугаар тогтоолыг тус тус, мөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б давж заалдах гомдолдоо: “…Н.М-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдох "Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/06, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын15-ны өдрийн Б/598, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.2.2-т зааснаар хариуцагчаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэгч Н.М нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй. Гэтэл шүүх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал буюу хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/06, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг хүчингүй болголоо. Шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийг нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлсон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэсэн ч үндэслэх хэсэгтээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж өөрөө дүгнэлт хийн шийдвэрээ гаргажээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 22 дугаар зүйлд Хурлын даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Энэхүү хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн шүүх хуралд оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хурлын дарга шийдвэрлээгүй бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
2. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 д, 18.1.2 а-д заасныг зөрчсөн гэжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хамаардаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 а-д зааснаар тус хурлаас баталсан чиглэл, хөтөлбөрүүдийг Засаг дарга хэрэгжүүлж, түүнийхээ хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах үүрэгтэй бөгөөд хурал өөрийн баталсан чиглэлийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1- д зааснаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус сумын Засаг даргын "Сумын 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг зохион байгуулсан ажилд үнэлэлт, дүгнэлт өгснийг хууль зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
З. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 19 дүгээр тогтоол гаргаж 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдуулахаар тов тогтоосон. 2017 оны 08 сарын 04-ний өдөр 21 төлөөлөгч хуралд орохоос 14 төлөөлөгч оролцож, 7 төлөөлөгч буюу Х.Н, Л.М, Л.О, Л.Д, М.Б, Г.Э, Т.С нар хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй. Нэхэмжлэгч сумын Засаг дарга, төлөөлөгчийн хувиар тус хуралд орж хэлэлцсэн асуудал бүрээр санал өгч оролцсон. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар төлөөлөгчдийн олонх ирсэн тул хүчинтэй хурал юм. Шүүхийн үндэслэл болгож буй асуудлууд нь хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Хурлын тэргүүлэгчид, түүний ажлын алба бэлтгэлийг хангаж хуралдаан амжилттай хуралдсан. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
4. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/02 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 17 төлөөлөгч оролцож төлөөлөгчдийн олонх оролцсон тул хүчин төгөлдөр хурал болсон. Шүүх Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 32 дугаар зүйлийн 32.2,32.3-т заасныг зөрчсөн гэж гэтэл харин ч тухайн хурлын Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх эрх бөгөөд үүнийхээ дагуу Засаг даргыг огцруулах тогтоол гаргасан учир Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар уламжилсан тогтоол гаргасан. Энэ үйл явцад хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй болно. Нэхэмжлэгч Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтанд оролцож саналаа өгсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Засаг даргыг огцруулах, нэр дэвшүүлэх ажиллагааг нэг хуралдаанаар хэлэлцэхийг хориглосон зохицуулалт байхгүй байхад шүүх хууль зөрчсөн гэж үзэж байгаагаас үзвэл тухайн тогтоолыг ямар нэг аргаар хүчингүй болгож нэхэмжлэгч талд үйлчилж байна.
5. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Баянхонгор аймгийн Засаг дарга Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тул захирамжуудыг гаргасан. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолууд хуулийн дагуу гарсан тул хууль зөрчсөн аймгийн Засаг даргын захирамж биш юм. Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж тогтоол, захирамж гаргасан тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” байхаар зохицуулсан бөгөөд Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах, шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох материал, үндэслэл, судалгаа, шинээр нэр дэвшиж байгаа этгээдийн талаарх мэдээлэл, лавлагааг нийт төлөөлөгч нарт урьдчилан танилцуулснаар хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч Н.М-д үг хэлэх, тайлбар, санал гаргах, хурлын төлөөлөгч нарын хувьд хэлэлцэж байгаа асуудлыг судлах, өөрийн дүгнэлт, саналыг тодорхойлох зэрэг хуульд заасан төлөөлөгчийн бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Тодруулбал, нэхэмжлэгч Н.М-ыг Засаг даргаас огцруулах болсон үндэслэл болох Сумын 2017 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дурдсан ямар, ямар ажлыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болох тооцоо, судалгаа, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар хурлын төлөөлөгчдийн хэдэн хувь нь Засаг даргыг огцруулах санал гаргасан, тус саналыг гаргах болсон ямар нөхцөл бүрдсэн гэж үзэж хуралдаанаар хэлэлцэх болсон үндэслэл, Засаг дарга Н.М нь төрийн албанд 3 жил ажиллаж байгаагүй гэх баримт мөн Засаг даргад томилогдохоор нэр дэвшиж байгаа этгээдүүд нь Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаарх баримт, судалгаа, шийдвэрийн төслийг, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хамт дээрх хуульд заасан журмын дагуу хурлын төлөөлөгчдөд нэг өдрийн өмнө тараах ёстой.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгч С.Б нь “хурлын хэлэлцэх асуудал тодорхой 11 төлөөлөгчийн гарын үсэг бүхий хүсэлтийг урьд нь гаргаж явуулж байсан учраас тооцоо, судалгаа гаргах шаардлагагүй” гэж тайлбарлаж байх бөгөөд хуульд заасан журам зөрчиж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Н.М-ыг Засаг даргын албан тушаалаас огцруулах, шинээр Засаг даргаар томилох асуудлыг /хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй/ хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч Н.М-ын төрийн албан тушаалаас огцруулах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхийг хөндсөн гэж үзэхээр байх тул маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн зөв байна.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Н.М-ыг Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах болсон үндэслэлийг ажлын 5 хоногийн дотор хянаж, хэрэв тухайн тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл Засаг даргыг огцруулахгүй байх эрхтэй. Гэтэл хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга нь Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолыг хянах эрхгүй гэж үзээд тогтоолыг хүлээн авсан өдөртөө нэхэмжлэгч Н.М-ыг Засаг даргаас огцруулж, мөн хууль бус тогтоолыг үндэслэн гуравдагч этгээд Д.М-ийг Засаг даргаар томилсон болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Тэрчлэн хариуцагчийн төлөөлөгч С.Б-аас давж заалдах гомдолдоо “...шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн хариуцагчаараа тодорхойлсон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэж үзсэн боловч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж өөрөө дүгнэлт хийж, холбогдох тогтоолуудыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж маргаж байна. Гэтэл нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэж тодорхойлсон, харин шүүх шийдвэртээ хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэж бичсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрх бүхий этгээд болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга оролцож, тайлбараа гаргаж байсан бөгөөд шүүхээс шийдвэрээ гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанд нэхэмжлэгч Н.М нь оролцсон, тус хуралдаанаар “Сумын 2017 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн эхний хагас жилийн биелэлтийг хэлэлцүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар үндсэн чиглэлийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/06 дугаар тогтоол гарсан байх бөгөөд тус хуралдаанд нэхэмжлэгч Н.М нь өөрөө биечлэн оролцжээ. Гэтэл дээрх тогтоолтой маргалгүй явсаар 2017 оны 08 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч Н.М нь тус хуралдаанд оролцсон учраас маргаан бүхий актыг тухайн өдрөө мэдсэн гэж үзэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байтал 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хандаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дүгнэлт хийлгүйгээр тус нэхэмжлэлийн шаардлагад хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн нь буруу байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “52 дугаар зүйлийн 52.1.1” гэж хуулийн заалтыг буруу бичсэн байх тул зөвтгөхөөр тогтов.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгч С.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН