Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 40

 

“М Т З” ТӨХК-ийн гомдолтой,ТЕГ-ын УТО,

ХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын

улсын байцаагч П.Э нарт холбогдох зөрчлийн

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Шүүгч Д.Мөнхтуяа

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа
                                              П.Соёл-Эрдэнэ
                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Ц.Э, П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч ”М Т З” ТӨХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ”М Т З” ТӨХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсыг /1.3 дахь хэсэг/ хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлалыг гомдол гаргагчаас эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ”М Т З” ТӨХК-ийн зорилтод үйл ажиллагаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлж, ашгийн төлөө ажиллах боловч мөн Татварын улсын байцаагч нарын зөрчил тогтоосон худалдан авалт нь татвар төлөгчийн үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний нэг болох төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулан худалдан авч ашигласан, “Э С Т И С Э” ХХК-иар гүйцэтгүүлсэн төмөр замын барилга угсралтын ажил боловч хуульд заасан үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулсан худалдан авалт биш юм.

5. Татварын улсын байцаагч нар хуульд байхгүй үндэслэлээр аливаа татвар ногдуулах нь хууль бус төдийгүй хууль хэрэглээний хувьд эрх зүйн зөрчилтэй байдлыг үүсгэсэн ба татвар төлөгчийн хувьд зөрчил гэж үзэж буй үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасах эсэх эрх зүйн зохицуулалт нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь заалтуудад зохицуулагдаагүй атал татварын улсын байцаагч нар дээрх хуулийн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

6. 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох зохицуулалтыг хуульчилсан ба нэхэмжлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх хэрэглээний аль нь ч байхгүй. Энэхүү маргаж буй худалдан авалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж худалдан авсан ажил, үйлчилгээ юм. Иймээс энэхүү төмөр замын барилгын ажил нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох худалдан авалт бөгөөд татвар төлөгч буюу ”М Т З” ТӨХК нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7-д заасныг зөрчөөгүй, татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлсон учир татварын хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

7. Татварын улсын байцаагчид 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “...Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэсэн заалтууд байсаар атал 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, төмөр замын өмнө нь гарсан маргаанаас шалтгаалж хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан учир дээрх заалтыг барьсан гэсэн нь учир дутагдалтай, байцаагч нар өөрсдөд ашигтай хуулийн зүйл заалтыг нэг маргаанд ашигласан, энэ талаар талууд маргаж байхад шүүх дүгнэж үзээгүй.

8. Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолын хавсралт 1, 2-т заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах нийт 55 сая ам долларын хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд  зөвшөөрсөн. Энэхүү тогтоолын хүрээнд 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ЗТЗ-Б 2013-5 тоот “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлт зохицуулах тухай гэрээ”-г Х банк, ЭЗХЯ, ЗТЯ болон МТЗ-ын хооронд байгуулсан. Тус тогтоолын дагуу “Шинэ төмөр зам” төслийн техник, санхүү хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах тендерийг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зарласан зөвлөх үйлчилгээний тендерийг 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нээсэн ба дараах компаниудыг шалгаруулж гэрээ байгуулсан. Үүнд, хуулийн зөвлөхөөр АНУ-ын “S A” LLР болон дотоодын “МDS А” LLР түншлэл, Техникийн зөвлөхөөр Япон Улсын “N K” ХХК, Санхүүгийн зөвлөхөөр Франц Улсын “В Р” ХХК болон АНУ-ын “G P” ХХК түншлэл шалгаран гэрээ байгуулан ажилласан. Хяналтын зөвлөх 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тендерийг олон нийтэд зарласан ба DВI компанийг шалгаруулж гэрээ байгуулан ажилласан. Гэтэл дотоодын “МDS А” LLР түншлэл, “L p” LLР компаниудын нэмэгдсэн өртгийн албан татваруудыг хассан дүнг хүлээн зөвшөөрөөгүй атлаа татваруудыг хүлээн зөвшөөрч байсан юм.

9.”М Т З” ТӨХК-д аудит хийсэн компанид гомдол гаргагчийн зүгээс хуулийг нэг мөр ойлгож гадаадын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниудын нэмэгдсэн өртгийн албан татвар хэрэглэхгүй байгаа учир аудит хийсэн компаниар дамжуулж Татварын ерөнхий газарт хандсан ба Татварын ерөнхий газрын зүгээс “Х Х А” ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1812 дугаар чиглэл өгсөн албан тоотын дагуу санхүүгийн үйл ажиллагааг хөтлөн явуулсан, энэ талаар шүүх огт авч үзсэнгүй.

10. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол ажлын 3 хоногийн дотор харьяа Прокурорын байгууллагад гаргасан шийдвэрээ бүртгүүлэх ёстой атал татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудсаа бүртгүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн томилолт, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэж зөрчил шалгасан гэх боловч 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуульд заасан хугацаа өнгөрсний дараа татвар төлөгчид хариуцлага оногдуулж байгаа нь учир дутагдалтай болжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан ба татварын зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон бичилтийн өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. ”М Т З” ТӨХК нь “Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийн “Төмөр замын суурь бүтцийг барих” хоёрдугаар зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Э С Т И С Э” ХХК-тай зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, тус компаниас 2015, 2016 онуудад нийт 131,193,698,237 төгрөгийн төмөр замын барилга угсралтын ажлын худалдан авалт хийхдээ төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хасагдах татварт буюу “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварт хамаарахгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

14. Учир нь, хэдийгээр гомдол гаргагч ”М Т З” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл нь “төмөр замын суурь бүтэц барих” боловч тус компани нь “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замыг бусдад худалдан борлуулах зорилгоор бус, харин төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэх зориулалтаар өөрийн үндсэн хөрөнгийг бэлтгэх зорилгоор барьж байгаа, энэ утгаараа тухайн төмөр замын хувьд “эцсийн хэрэглэгч” болох ба эцсийн хэрэглэгчийн хувьдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасахгүй юм.

15. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “ үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ”-нд үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хамаарахгүй гэсэн хуулийн зорилго нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” тодорхой болж зохицуулагдсан гэж үзэхээр байна.

16. Иймд, “... төмөр замын барилга угсралтын ажил боловч хуульд заасан үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулсан худалдан авалт биш..., татварын улсын байцаагч нар хуульд байхгүй үндэслэлээр татвар ногдуулсан..., маргаж буй худалдан авалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлж худалдан авсан ажил, үйлчилгээ, иймээс төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, гомдол гаргагчийн хяналтын гомдолд дурдсан “...хуульд заасан хугацаа өнгөрсний дараа хариуцлага оногдуулсан ...” /Тодорхойлох хэсгийн 10/ зэрэг асуудлууд нь зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлийг үгүйсгэж, маргаан бүхий актыг хүчингүй болгохуйц үндэслэл биш байна.

18. Мөн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-9-д заасан хяналтын гомдлын үндэслэлүүд нь хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоогүй, үйл баримтуудыг дурдсан байх тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

19. Иймд, шүүх бүрэлдэхүүний олонхи нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

          ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ