Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 872

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Г*******

Хариуцагч: Баянгол дүүргийн Газрын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48м2 үйлчилгээний зориулалттай газрыг кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд оруулахыг Баянгол дүүргийн газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г*******, өмгөөлөгч Р.Ч******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г******* би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 48 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг 2010 оноос хойш эзэмшиж байгаа бөгөөд анхны дуудлага худалдааны үнийг төлж, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу тухай бүрт нь төлж ирсэн.

2015 онд газын гэрчилгээний хугацааг сунгуулахаар дүүргийн газрын

харилцааны албанд хандсан боловч миний эзэмшлийн газрыг Нийслэлийн Газрын

албаны мэдээллийн санд бүртгүүлээгүй байна гэсэн шалтгаанаар сунгаж өгөөгүй

болно. Бүтэн жил гарангийн хугацаанд энэ асуудлаар Нийслэлийн Өмчийн

харилцааны газарт амаар болон бичгээр хандсан боловч миний асуудал

шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны

өдрийн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглах газрын кадастрын зургийг

мэдээллийн санд бүртгүүлэх тухай хүсэлтийн шийдвэрт “Кадастрын зураг бодит

байдлаас зөрүүтэй, Сувилахуйн сургуулийн ирсэн албан бичиг шаардлага

хангахгүй тул хойшлуулах” гэж шийдвэрлэсэн.

Иргэн Н.Г******* би өөрөө Сувилахуйн сургуулийн холбогдох албан

тушаалтантай уулзаж дээрх албан бичгийг авч өгсөн бөгөөд тухайн бичиг нь миний

эзэмшлийн газрын асуудал Сувилахуйн сургуульд хамааралгүй гэсэн утгатай байсан.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд нь ийм бичиг аваад ир гэсэн мөртлөө бичгийг нь авч очихоор шаардлага хангахгүй байна гэж

шийдвэрлэх, өмнө нь энэ шалтгаанаар хэд хэд удаа хурал хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй болно.

Миний эзэмшлийн газарт инженерийн шугам сүлжээ, холбооны утас байхгүй

бөгөөд газрын мэдээллийн санд оруулах нь иргэн надаас шалтгаалах асуудал биш

байтал он дамжин надад чирэгдэл учруулж, миний эзэмшлийн газрыг мэдээллийн

санд оруулахгүй байгаа нь Захиргааны албан хаагч хийх ёстой ажпаа хийхгүй

байна гэж би үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний эзэмшлийн 48 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг Нийслэлийн газрын кадастрын

мэдээллийн санд оруулж өгөхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 6 дугаар хороо Анагаах ухааны үндэсний их сургуулийн урд иргэн Н.Г*******ийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 48 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/316 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2015 оны 9 дүгээр сарын 11, 2015 оны 11 дүгээр сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 25, 2016 оны 2 дүгээр сарын 05, 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуралдаанд тус тус хэлэлцүүлж газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах түхай хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/316 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 5 удаагийн хурлын тэмдэглэлийг хүргүүллээ” гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Н.Г******* Баянгол дүүргийн газрын албанд холбогдуулан “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48м2 үйлчилгээний зориулалттай газрыг кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд оруулахыг Баянгол дүүргийн газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр захирамжаар  иргэн Н.Г*******т Бачнгол дүүргийн 6 дугаар хороо, Анагаах ухааны сургуулийн урд талд байрлах 48 м2 газрыг 5 жилийн хугацаатай иргэн И.Б*******аас шилжүүлэн эзэмшүүлсэн байна. 

Уг захирамжийг үндэслэн 0314998 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг  олгож, гэрээ  байгуулсан байна. 

Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч Г.Мөнхб******* иргэн Н.Г*******ийн эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг  2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргаж байжээ. 

Иргэн Н.Г******* өөрийн эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн санд оруулахаар Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд удаа дараа хандсан болох нь хэрэгт авагдсан түүний өргөдөл ,  Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлт, хурлын тэмдэглэл  зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/316 дугаар тушаалаар байгуулагдсан  “Ажлын хэсэг”-ээс Н.Г*******ийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй тул Баянгол дүүргийн газрын алба шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ.

Ажлын хэсгийн 5 удаагийн хурлаар иргэн Н.Г*******ийн асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд кадастрын зураг бодит байдлаас зөрүүтэй, кадастрын зургийг  шинэчилж, Сувилахуйн сургуулиас давхцалтай эсэх талаар албан ёсны хариу авч ирсний дараа дахин хэлэлцүүлэх гэсэн үндэслэлээр татгалзжээ.  

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.3. “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;” 23.4.4 “газрын мэдээллийн санг эрхлэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.” гэж заасан байна.

 Иргэн Н.Г*******т Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын алба Н.Г*******тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон атлаа кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа үйлдэл нь дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч Н.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин шүүхийн шийдвэрийг биелүүлж, иргэн Н.Г*******ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа газар дээр нь хэмжилт хийж, бодит нөхцөл байдалтай нийцүүлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эзэмшиж байгаа газар болон инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцуулахгүйгээр кадастрын мэдээллийн санд оруулах нь зүйтэй. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3 23.4.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр захирамжаар Н.Г*******т эзэмшүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урд байрлалтай 48 м2 үйлчилгээний зориулалттай газрыг кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа Баянгол дүүргийн газрын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянгол дүүргийн газрын албанд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, иргэн Н.Г*******ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа газар дээр нь хэмжилт хийж, бодит нөхцөл байдалтай нийцүүлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эзэмшиж байгаа газар болон инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцуулахгүйгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн газрын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ