Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00728

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Ц Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С Н,

Хариуцагч:  Эын Н нарт холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагч С.Н, Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаар захирамжаар 2000 мкв газрыг өмчлөх эрхтэй болсон ба Увс аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/497 тоот захирамжаар Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд гудамжны, *** тоотод байрлалтай, *** дугаар нэгж талбарын дугаартай, 2000 мкв талбайтай Биеийн тамир, спортын байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаатай, Газар эзэмших эрхийн Улсын бүртгэлийн 3-1520003532 дугаартай газрыг эзэмшдэг. Миний бие нь Увс аймгийн газрын албатай 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №*** дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж тус газрыг эзэмшиж, ашиглахаар болж харилцан тохиролцсон. Ингээд уг газраа ашиглах гэтэл иргэн Э.Нандин-Эрдэнийн газартай давхацсан байх бөгөөд үүний улмаас тухайн газрыг ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсэж Увс аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт иргэн Э.Н, С.Н нарын хашаалсан газартай миний өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай давхацсан тул чөлөөлж өгөх талаар хүсэлт гаргахад тухайн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ***3 дугаартай албан бичигт иргэн Э.Нд удаа дараа шаардлага тавьсан хэдий ч газрыг чөлөөлөөгүй байгаа тул иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэж хариу ирүүлснээр шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн ***1 дүгээр зүйлийн ***1.1 дэх хэсэгт Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ. Иймд Иргэний хуулийн ***6 дугаар зүйлийн ***6.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу Э.Н, С.Н нараас миний хууль ёсны эзэмшил болох Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд гудамжны *** тоотод байрлалтай, *** дугаар бүхий нэгж талбарын дугаартай, 2000 мкв талбай газартай давхацсан хэсгээс албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Тайж овогт Эын Н, нөхөр Б овогт Сын Н бид хоёр ам бүл 5, 2021 оны *** дугаар сарын 03-ны өдрийн Засаг даргын А/280 тоот захирамж шийдвэртэй, гэрчилгээний дугаар ***, нэгж талбарын *** дугаартай, гэр хашааны зориулалтаар *** дугаар баг, дунд гудамжны адагт иргэн Б.Эаас 2020 онд нэр шилжүүлж аваад, одоог хүртэл амьдарч байна. Манайхыг ирж буухад Ц.Б нь ямарч хашаа бариагүй байсан. Ц.Б нь 2013 онд уг газарт газар эзэмших гэрчилгээ авсан гэж би сонссон. Бүтэн *** жил ашиглаагүй байж байгаад хашаа төслийн сургаар хашаа бариулсан. Миний дуулахад 2 жил уг газраа эзэмшээгүй бо хүчингүй болдог гэсэн. Гэтэл энэ хүн *** жил болж байхад хүчинтэй байгаа нь сонирхол татаж байна. Авсан газар нь одоо барьсан хэмжээнээс бага байсан. Нэхэмжлэлийн үндэслэл дээр 2000 м.кв газар биеийн тамир, спортын байгууламжийн зориулалтаар эзэмшдэг гэсэн байна. Гэтэл уг газар нь 37х80=2960 м.кв газар хашаалсан байна. Яахаараа хэмжээнээсээ илүү газар хашаалж авчихаад иргэн миний өчүүхэн газрыг хуулийн байгууллагаар албадан шийдвэр гаргуулж авах гэж байгаад миний хувьд гомдож байна. Бид хоёр машин засварын үйл ажиллагаа эрхэлдэг жирийн нэг иргэн, амьдрал ахуйгаа үүгээр залгуулдаг. Ц.Б нь танайд 2024 оны 6 сард нэхэмжлэл гаргачихаад өөрөө сураггүй болсон. Бид хоёр тухайн үед дээрх утгаар хариу тайлбар өгсөн. Хариу тайлбар ирээгүй байж байгаад дахиад нэхэмжлэл ирж байна. Бид хоёрын энэ хашаанд амьдарч байх хугацаанд газрын албанаас болон Ц.Бын зүгээс нэг ч удаа албан шаардлага, газар чөлөөлөх тухай хэлээгүй болно” гэжээ.

Хариуцагч С.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Увс аймагт төрж, өссөн хүн. Миний бие өөрийн нэр дээр 0.7 га газар эзэмших эрхийнхээ дагуу 2020 оны 8 дугаар сард тухайн газрыг Буяндалай гэх хүнээс худалдаж авсан. 2 жилийн дараа миний гэрчилгээ гарсан, 3 дахь жилээс Ц.Б асуудал үүсгэж эхэлсэн. Намайг газраа хашаалж байхад, гэрээ барьж байхад ямар ч хүн ирж тухайн газар хүнийх гэж хэлээгүй. Ц.Б хашаа барьж байхад би хамт барилцахад надад газрын талаах юу ч хэлээгүй. Би тухайн газарт 5 жил амьдарсан. Энэ хугацаандаа хашаандаа зориулж, худаг ухаж, олон зүйл хийсэн” гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ***3 дугаартай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/163 дугаартай захирамж, тус захирамжийн хавсралт, *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрийн зураг, Хангай инж гео ХХК-ийн гүйцэтгэсэн геологийн судалгааны дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулав.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулав. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Н, Э.Н нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/63 дугаартай захирамжаар Увс аймгийн Улаангом сум, *** дугаар баг, дунд гудамж, *** тоот хаягт байрлах 2000 м.кв газрыг өмчлөх эрхтэй болсон. Тухайн газарт биеийн тамир, спортын зал барихаар төлөвлөж, өмчлөх эрхийн зориулалтыг өөрчилж, эзэмших эрхтэй болсон. Улмаар Инж гео ХХК-р геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан. Гэвч хариуцагч нар нь тухайн газарт хууль бусаар оршин сууж чөлөөлж өгөхгүй байгаа учраас өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмших боломжгүй байх тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв. 

3. Хариуцагч С.Н, Э.Н нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

Хариуцагч нар нь Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд гудамж *** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Б.Эаас 2020 онд худалдаж авсан. Биднийг худалдаж авах үед эзгүй газар байсан бөгөөд бид хашаа татаж, гэрээ барьж амьдарсан. Тухайн үед биднийг бусдын газар дээр хашаа барьсан, гэр барьсан гэж хэн ч хэлээгүй. Бид тухайн газарт 5 жил амьдарч, худаг гаргах зэргээр зардал гаргасан тул чөлөөлж өгөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн эзэмших эрхтэй 2000 м.кв газраас илүү хэмжээ бүхий газрыг хашаалж авсан байгааг шалгуулах хүсэлтэй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Ц.Бод Увс аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/165 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сум, *** дугаар баг, дунд гудамж, *** тоот хаягт байрлах 2000 м.кв газрыг өмчлүүлжээ.

Увс аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/497 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сум, *** дугаар баг, дунд гудамж *** тоот хаягт байрлах, нэгж талбарын *** дугаартай, 2000 м.кв газрын зориулалтыг өөрчилж, биеийн тамир, спортын байгууллагын зориулалтаар нэхэмжлэгч Ц.Бод 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №*** дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. 

4.2. Харин хариуцагч Э.Нд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны *** дугаар сарын 05-ны өдрийн А/0280 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд хороолол, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын *** дугаартай, 700 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

4.3. Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр иргэн С.Н, Э.Н нар нь иргэн Ц.Бын эзэмшлийн 2000 м.кв газраас 748 м.кв газарт хашаа барьсан болохыг тогтоожээ.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бол тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь маргаан бүхий газар болох Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын *** дугаартай газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №*** дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Харин хариуцагч Э.Н, түүний нөхөр С.Н нар нь Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд хороолол, 0 тоот хаяг буюу шинэчлэгдсэнээр 243 тоот хаягт байрлах, нэгж талбарын *** дугаартай, 700 м.кв газрыг эзэмших эрхтэй бөгөөд уг газар нь нэхэмжлэгч Ц.Бын эзэмшил газрын чанх хойно байрлалтай болох нь шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн сансрын зургаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн ***6 дугаар зүйлийн ***6.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заажээ.

Хариуцагч Э.Н, түүний нөхөр С.Н нар нь өөрийн хууль ёсны эзэмших эрхтэй газраас өөр хаягт байрлах газарт буюу нэхэмжлэгч Ц.Бын эзэмшлийн газарт гэр, хашаа барьж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшсэн байх бөгөөд дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Түүнчлэн зохигчдын хооронд маргаан бүхий газрын талаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Н, Э.Н нарыг нэхэмжлэгч Ц.Бын эзэмшлийн Увс аймгийн Улаангом сум, *** дугаар баг, дунд гудамж, *** тоот хаягт байрлах, 2000 м.кв газраас 748 м.кв газрыг хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 Иймд нэхэмжлэгч Ц.Б нь Иргэний хуулийн ***6 дугаар зүйлийн ***6.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н, Э.Н нарын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

6. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч Ц.Б нь тухайн газарт анх гэр, хашаа барих үед өөрийн эзэмшил газрын талаар мэдэгдээгүй, зогсоогоогүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн зохигчдын хооронд хөрш залгаа эд хөрөнгөтэй холбоотой хөршийн эрхийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч С.Н, Э.Н нарыг анх гэр, хашаа барьж амьдрах үед өөрийн эзэмшил газрын талаар мэдэгдээгүй, хариуцагч нарын үйлдлийг зогсоох шаардлага гаргаагүй нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй ба дээрх үндэслэлээр хариуцагч нарын эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, хариуцагч С.Н, Э.Н нар нь нэхэмжлэгч Ц.Быг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа 2000 м.кв талбай бүхий газраас илүү хэмжээтэй газрыг хашаалж авсан, заавал бидний амьдарч байгаа 748 м.кв газрыг чөлөөлүүлэх шаардлагагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нар нь нэхэмжлэгч Ц.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа 2000 м.кв газраас 748 м.кв газрыг хууль бусаар эзэмшсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч нарын татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа газраас илүү хэмжээний газрыг хууль бусаар эзэмшсэн эсэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н, Э.Н нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бод олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн ***6 дугаар зүйлийн ***6.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, дунд гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын *** дугаартай, 2000 м.кв газрыг хариуцагч С.Н, Э.Н нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н, Э.Н нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бод олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Я.УРНАА